Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00315

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 13 дугаар гудамжны 3 тоотод оршин суух,  РВ91100601 дугаар регистртэй, Шарнууд овогт Батбаярын Удвалнямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух, РУ90092937 дугаар регистртэй, эрэгтэй, Байчууд овогт Доржсүрэнгийн Жамсрансүрэнд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/01458/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Удвалням нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Удвалням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Жамсрансүрэнтэй 2012 онд танилцаад  2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Ж.Ирмүүнсайханыг төрүүлсэн. Хуримаа хийсний дараа архи ууж намайг зоддог болж, хамт амьдрах гэж үзсэн боловч болоогүй. Би энэ хүнд зодуулсны улмаас сар болгон эмчилгээ хийлгэдэг болсон. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй. Би цагаан сараар хүүгээ Д.Жамсрансүрэнгийн аав, ээжид нь золгуулахаар очиход согтуу сууж байсан. Хадам аав, ээжид салах гэж байгаа тухайгаа хэлэхэд хүүтэй минь уулзуулж байгаарай гэж байсан ба манай хашаа байшинг ах, эгч хоёр нь барьцаанд тавиад зээл авчихсан байсан. Энэ байдлаас харахад биднийг салахыг ар гэрийнхэн нь хүртэл хүлээн зөвшөөрсөн юм шиг байна лээ. Өчигдөр намайг байхгүй байхад Д.Жамсрансүрэн гэрт согтуу ирээд маргаашийн шүүх хурлыг битгий хийлгэ гэж аавд хэлсэн байсан. Иймд цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.

Хариуцагч Д.Жамсрансүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Б.Удвалнямтай гэр бүл болсон. Одоо бид нэг хүүтэй. Эхнэр маань салахаар хүүгээ авч аавынх руугаа явсан учраас тусдаа амьдарч байна. Манай эхнэр салах өргөдөл өгчихсөн. Миний хувьд гэр бүлээсээ салж, хүүгээ өнчрүүлэх бодолгүй байна. Цаашид гэр бүлээрээ хамтдаа амьдрах хүсэлтэй байгаа учир хуулийн дагуу асуудлыг миний шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Удвалням нь хариуцагч Д.Жамсрансүрэнгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Жамсрансүрэн шүүхэд болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэр бүлээсээ салж, хүүгээ өнчрүүлэх бодолгүй байна. Цаашид гэр бүлээрээ хамтдаа амьдрах хүсэлтэй байна...” гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 2 /хоёр/ сарын хугацаагаар арга хэмжээ авсан ч энэ хугацаанд нэхэмжлэгчтэй эвлэрэх ямар нэг арга хэмжээ аваагүй, мөн гэрлэгчид Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, тусдаа амьдарч байгаа зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0177857-Г№17 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүү Ж.Ирмүүнсайхан төрсөн болох нь №0000915124-56 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай “Далай элбэрэлт” эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн хувьд нэхэмжлэгчийн тайлбар, бага насны хүүхдэд эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байх ба хүүхдийн амьдрах орчин зэргийг харгалзан 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.Ирмүүнсайханыг эх Б.Удвалнямын асрамжид үлдээж, эцэг Д.Жамсрансүрэнгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдаж байна. 

Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн  улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.Ирмүүнсайхан 3 нас 8 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Ж.Ирмүүнсайханд сар бүр хариуцагч Д.Жамсрансүрэн төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ж.Ирмүүнсайханд сар бүр төлөх тэтгэлэг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох ба түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байна.  

Хариуцагч Д.Жамсрансүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:                                                                                                                                  

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Шарнууд овогт Батбаярын Удвалням, Байчууд овогт Доржсүрэнгийн Жамсрансүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.Ирмүүнсайханыг эх Б.Удвалнямын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ж.Ирмүүнсайханыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Жамсрансүрэнгээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Жамсрансүрэн, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Удвалням нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч Д.Жамсрансүрэнгээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА