| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0892/Э |
| Дугаар | 877 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 877
2020 10 05 2020/ШЦТ/877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: А.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, А.Н
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч А.Н нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Их дэлгүүр үйлчилгээний төвийн хажууд хохирогч Б.Ууганбаатараас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “зээл хаах мөнгө өгөөч 3 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгье“ хэмээн “ХААН” банкны 5555158855 тоот дансаар 1.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 12-13/, А.Нгийн депозит дансны хуулга /хх-ийн 35-40/, А.Н Б.Ууганбаатар нарын харилцсан мессэж /хх-ийн 41-46/, А.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20, 21-22/, А.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23, 25-28, 49-54/, Б.Ууганбаатарын хүсэлт /хх-ийн 58/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон
хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Н нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улаанбаатар Их дэлгүүр үйлчилгээний төвийн хажууд иргэн Б.Ууганбаатарыг “зээл хаах мөнгө өгөөч 3 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгье“ хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “ХААН” банкны 5555158855 дугаарын дансаар 1.600.000 төгрөгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Ууганбаатарын /хх-ийн 12-13/: “... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зүс таних А.Н гэх хүн “зээл авах гэсэн зээл авах гэтэл 1.600.000 төгрөгийн зээл хаагаад өгөх юм бол 3 хоногийн дараа буцаагаад өгье“ гэж хэлээд 1.600.000 төгрөг авсан боловч одоог хүртэл өгөөгүй, утсаа авахгүй, олдохгүй байгаа. Би хайж зөндөө явсан. Надад 100 төгрөг ч өгөөгүй тул хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
А.Нгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 20, 21-22/: “...миний машин 2019 оны 05 дугаар сард асаалтын компьютер нь шатаад засварт өгч янзлуулахад сэлбэг, ажлын хөлс нь 1.600.000 төгрөг болсон. Тухайн үед би мөнгөгүй байсан тул Б.Ууганбаатар ахад ...машиныхаа эвдэрсэн эд ангийг хэлж “засварын хөлсөнд өгөх мөнгө алгаа та түр өгөөч” гэж хэлээд зээлж авсан боловч Б.Ууганбаатарт мөнгийг нь өгч чадахгүй удаасан асуудал гаргасан. ...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Ууганбаатар гэх хүнээс 1.600.000 төгрөг авсан. ...Би Б.Ууганбаатар ахаас зээлсэн 1.600.000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5003516957 дугаартай данс руу шилжүүлж хохиролгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй...“ гэх мэдүүлэг болон А.Нгийн депозит дансны хуулга /хх-ийн 35-40/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар А.Нгийн “зээл хаах мөнгө өгөөч 3 хоногийн дотор мөнгийг чинь буцаагаад өгье“ гэсэн үг, үйлдэлд хууртагдан 1.600.000 төгрөгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү дээрх байдлаар зээлсэн мөнгөө 3 хоногийн дотор буцааж өгөх нэрээр хохирогчийг хуурч, урьдын танил найз нөхдийн хооронд бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, авсан мөнгөө бодитой шалтгаангүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй А.Нгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Ууганбаатарын “...1.600.000 төгрөгөө авсан. Бид хоорондоо эвлэрсэн, ямар нэг хохирлын маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” байр суурь хавтаст хэргийн 58 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.Нг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ