| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0873/Э |
| Дугаар | 887 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 887
2020 10 06 2020/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа;
улсын яллагч: Д.Даваадорж;
шүүгдэгч: Ж.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Төмөр замын техникч мэргэжилтэй, “Бум констракшн” ХХК-д заслын ажил хийдэг, ам бүл 2, дүүгийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ж.Г
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16-801 тоотод иргэн Т.Равдандоржийг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, улмаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, зүүн дал орчим цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: “…Хүн цохиж зодсон хэрэг хийсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Равдандоржийн мэдүүлэг /хх-ийн 13-14, 19-20/, гэрч Г.Болдзориг /хх-ийн 21-22/, гэрч С.Амарбат /xx-ийн 25/, шинжээч Т.Номинцэцэг /xx-ийн 31-32/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, Ж.Гын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, Ж.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33, 36-40, 42-43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16-801 тоотод иргэн Т.Равдандоржийг “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Т.Равдандоржийн /xx-ийн 14, 19-20/: “...найз С.Амарбатын гэрт архи ууж байсан чинь гаднаас Ж.Г орж ирсэн. Бид гурав хамт архиа ууж байтал Ж.Г намайг “чи ганц юм аваад өгчихгүй, өөр хүнд авч өгөөд байдаг юм байна лээ” гээд маргаан үүсгээд байсан. Ж.Г бид хоёр гэрээс гартал намайг заамдаад бариад авсан. Би зөрүүлээд заамдсан. ...ноцолдож байх үед миний нүд рүү гараараа хүрсэн. ...Би гарыг нь түлхээд “боль боль” гээд эргээд явтал миний араас толгой руу цохисон. ...надад учирсан гэмтлүүдээс хохирол нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би Ж.Гтай эвлэрсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Амарбатын /xx-ийн 25/: “...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал эхлээд Т.Равдандорж манай гэрт ирээд бид хоёр 0.75 литрийн “Хараа“ нэртэй архи ууж байсан. Тэгээд араас нь Ж.Г орж ирээд тэр архинаас уугаад дахиад нэг шил 0,75 литрийн архи авч уусан. Т.Равдандорж Ж.Г хоёр маргалдаад гарсан. Би гэрт зурагт үзээд байж байтал гадаа цагдаагийн машин дуугарсан. Гараад хартал цагдаа нар ирсэн Ж.Гыг цагдаа авч яваад Т.Равдандоржийг 103 үзээд байсан...“ гэх мэдүүлгээр,
гэрч Г.Болдзоригийн /хх-ийн 21-22/: “... “ах Т.Равдандорж хүнд зодуулсан айлын хажууханд хэвтэж байна” гэж манай хажуугийн айлын хүн надад хэлсэн. Би яваад очтол манай ах хүнд зодуулсан айлын хашаанд хэвтэж байсан. Би цагдаа дуудсан. Тэгээд ахыгаа аваад гэмтлийн эмнэлэг очсон. Манай ахыг үзээд “биеийн байдал нь гайгүй байна” гэсэн. Тэгээд бид хоёр цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлгээр,
Т.Равдандоржийн биед “тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дал орчим цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8221 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 27-28/,
шинжээч Т.Номинцэцэгийн /xx-ийн 31-32/: “...иргэн Т.Равдандоржийн биед үзлэгийг хийхэд баруун зовхи тойронд хөх, ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан, дагзны зүүн талын хуйханд 1x1,5 см бүдэг ягаан өнгийн, зүүн дал орчим 7x2 см, 6x2 см, 4x2 см хэмжээтэй хөх ягаан өнгийн цус хуралттай байсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх мэдүүлгээр,
Ж.Гын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 3-4/: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ...0,33 литрийн “Өргөө“ нэртэй нэг шил архи ганцаараа уучихаад С.Амарбатын гэрт очиход Т.Равдандорж тэр хоёр 0,75 литрийн “Хараа“ нэртэй архи ууж байсан. Би уг архинаас хамт уугаад дахиад нэг шил архи авч уусан. Архи ууж байхдаа Т.Равдандоржтой маргалдаад бид хоёр гэрээс гараад нэг нэгнээ бариад авсан. Би мод аваад Т.Равдандоржийн араас цохисон. Би Т.Равдандоржийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...“ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ж.Гын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Т.Равдандоржийн “...Ж.Гтай эвлэрсэн, ...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ж.Г нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тогтвор суурьшилтай эрхэлсэн ажилтай, хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу /1 нэгж =1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ