Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

   2020       08        17                                   2020/ШЦТ/668

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Нт холбогдох эрүүгийн 2011000000650 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 19-81 тоотод түр оршин сууж байсан боловч Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Сэргэлэнгийн 10-145 тоотод оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-        Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 07- ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-        Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялыг, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан өршөөн хэтрүүлж, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан 3 жил 6 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,

-        Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ялыг дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжаар 1 жил 5 сар 13 хоног хорих ялаар шийтгүүлж байсан.

Боржигон овогт Б.Н

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 22-257 тоотод байрлах хохирогч Н.Түвшинтөгсийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч түмний кола 2 кроп, бидний кола 2 кроп, том зоонтог 10 ширхэг, жижиг зоонтог 5 ширхэг, хүүхдийн жижиг цүнх 5 ширхэг, 4 ширхэг бөмбөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 434.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 - хохирогч Н.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Дундговь аймагруу яваад 06 дугаар сарын 02-ны өдөр ирээд хороололд хоночихоод өнөөдөр өглөө 10 цагийн үед хашаандаа ирэхэд гэрийн хаалганы цоож эдвэрсэн зүүлттэй байсан. Тэгээд гэртээ орж үзэхэд түмний кола 2 кроп... бидний кола 2 кроп ...том зоонтог 10 ширхэг... жижиг зоонтог 5 ширхэг... хүүхдийн жижиг цүнх 5 ширхэг... 4 ширхэг бөмбөг... эд зүйл алдагдсан...” /хх-ийн 23-24х/,

- гэрч С.Машбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хөрш айлын хашааны хажууд цагаан өмд өмссөн, хар үүргэвч үүрсэн 25 орчим настай туранхайвтар биетэй эрэгтэй хүн хашаа налуулаад хэд хэдэн ширхэг борооны шүхэр тавьчихсан, мөн том савтай түмний ундаа 2 багцыг тавьсан хүн юмуу машин хүлээж байгаа бололтой зогсож байсан...” /хх-ийн 27х/,

- гэрч Г.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 09 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд машинтайгаа гудамжаар уруудаад явж байтал 20, 25 орчим насны эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан... бөмбөгөр орно ачаатай явж байна гээд 1 ширхэг сагсны бөмбөг, 1 ширхэг хөл бөмбөгийн бөмбөг, 6, 7 ширхэг орчим зоонтог, 2 бүтэн кроптой ундаа, 1 кроп задгай ундаа миний машинруу зөөж оруулаад суусан... Ленингийн музейн ар талын зам дээр буусан...” /хх-ийн 28х/,

- гэрч С.Буманбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг удаа намайг гэрт ирэхэд 4-5 ширхэг борооны шүхэр, 2 ширхэг улаан, ягаан өнгийн хүүхдийн гар цүнх, сагсны 1 ширхэг бөмбөг, хөл бөмбөгийн 1 ширхэг бөмбөгнүүд, олон ширхэг кока кола гээд ундаа зэргийг авчирчихсан байсан... хүнээс авсан юмаа л гэж надад хэлдэг байсан...” /хх-ийн 29-31х/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8х/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14- 20х/,

- “Дамно" хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЧД1 -20-466 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Нийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Н.Түвшинтөгсийн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг  эвдэн орж, нийт 434.420 төгрөгийн эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Б.Н хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Н.Түвшинтөгсд 434.420 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 434.420 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж 2 жил хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.     

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Н нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Нт 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Нт цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Нт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Нээс нийт 434.420 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Түвшинтөгс /РД:ЗЮ73120914/-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ