| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0649/Э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 669
2020 08 17 2020/ШЦТ/669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч М.Б,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Иш овогт М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000731 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэх, эх, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 5 дугаар гудамжны 1717 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 2 дугаар байрны 35 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Иш овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 буудлын орчим хамтран амьдрагч Г.Пүрэвсүрэнг хуучин эхнэр хохирогч Б.Цэцэгдэмбэрэлтэй уулзлаа гэж хардсаны улмаас зодож, Б.Цэцэгдэмбэрэлийн цээжин тус газар нь цохих, үсдэх, заамдаж жалга рүү түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Б.Цэцэгдэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаааны үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би салсан нөхөр Пүрэвсүрэнтэй уулзаад охиндоо хүүхдийн мөнгө 180.000 төгрөгийг нь банкнаас авснаа өгөөд салж явах гэж байтал одоогийн хамтран амьдрагч Балжиннямтай таарч намайг хардаад миний цээж рүү гараараа нэг удаа цохиж, үснээс зулгааж, хоорондоо заамдалцаж байгаад намайг жалга руу түлхсэн. Тэгээд би унахдаа нүүрээрээ унасан. Нүүрэнд баахан зулгаралт үүссэн, бусдаар гайгүй байгаа. Үүнийг хадам ээж Уранчимэг сайн харсан, харин манай салсан нөхөр өөрсдөө учраа ол гээд яваад өгсөн. Би 2 лааз пиво уусан байсан ч болсон асуудлыг бүгдийг мэдэж байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-14х/,
- гэрч Ч.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би бэр Б.Цэцэгдэмбэрэлтэй хэдэн үг сольтол надтай хамт явсан Балжинням гэнэт уурлаад хүү бид 2-г Б.Цэцэгдэмбэрэлтэй хардаад Балжинням нь Б.Цэцэгдэмбэрэлийн цээжин тус газар нь цохиж, үснээс нь үсдэхэд Б.Цэцэгдэмбэрэл миний араар орж зугтаасан. Тэгтэл Балжинням араас нь гүйж очиж барьж аваад заамдаж байгаад газарт түлхэж унагаасан. Б.Цэцэгдэмбэрэл босч ирэхдээ нүүр нь зулгарсан, цус гарч байхаар цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16х/,
- гэрч Г.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “миний салсан эхнэр Б.Цэцэгдэмбэрэл 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад охиндоо хэдэн төгрөг өгөх гэсэн юм яаж өгөх үү гэхээр нь Сансарт байна хүрээд ир гэсэн. Тэгээд надад 180.000 төгрөг өгөөд бид 2 ойрд уулзаагүй гээд хүний 2 ширхэг Сэнгүр пиво уугаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг, 6 буудлын орчим ирээд салах гэж байтал гудамжны үзүүрт одоогийн миний хамтран амьдрагч Балжинням, ээж Уранчимэгтэй явж байж таараад хардаад Балжинням Б.Цэцэгдэмбэрэлийг үсдээд авахаар нь би салгах гэтэл ээж Уранчимэг дундуур ороод эмэгтэйчүүдийн хэрүүлд битгий оролцоод бай гэхээр нь би гэр рүүгээ явчихсан. Тэгээд цаашаа яасныг би мэдээгүй. Маргааш нь Б.Цэцэгдэмбэрэлийн нүүр нь зулгарсан байсан, Балжинням нь жалга руу түлхэж унагасан гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7388 дугаартай “Б.Цэцэгдэмбэрэлийн биед зүүн хөмсөг, хацар, хамрын хянга, баруун нүдний дээд доод зовхи, хацар, баруун эгэмний дээд талд олон тооны зулгаралт, шалбаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Быг эр эмийн хардалтын улмаас хохирогч Цэцэгдэмбэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч, Шүүхийн шийдвэр гүйуэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор торгуулын ялыг төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Иш овогт М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Быг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ