| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0650/Э |
| Дугаар | 670 |
| Огноо | 2020-08-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 670
2020 08 17 2020/ШЦТ/670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Б.Ө,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чандмань овогт Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000764 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хос харцага хамгаалалтын албанд ажилтан, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 34 дүгээр гудамжны 380 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Чандмань овогт Б.Ө
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар тодорхой шалтгаангүйгээр О.Отгонбаатарын нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч О.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2020 оны 07 дугаар сарын 14-ний орой найз Гансэлэм утсаар яриад 139 дүгээр сургуулийн гадна хүрээд ир төрсөн өдөр болж байна гэхээр нь 22 цагийн үед яваад очтол Гансэлэм, Өнөболд нар Нараа гэж эмэгтэйн хамт бага зэрэг халамцуу сууж байсан. Тэгээд Өнөболд намайг Нараатай танилц гэхээр нь би танина гэж хэлэхэд чи яахаараа таньдаг юм гээд намайг сугадаж барьж аваад зүүн нүд орчим цохисон. Миний зүүн нүдний доод талд сэтрээд цус гарсан ба намайг Өнөболд явуулахгүй, Монхорын машинд суулгаж яваад хамар руу цохиж цус гаргасан. Тэгж байгаад Өнөболдыг буугаад явахаар нь би буугаад гэр рүүгээ явсан. Нарааг урьд нь танина гэсэн чинь л шууд барьж аваад цохичихсон. Урьд нь 2019 онд миний машины шилийг хагалаад цагдаад өгнө шүү гэхэд төлж өгч байсан. Тэрнээс болж заналхийлээд цохисон байх. Өөр бид 2-н хооронд ямар нэг асуудал байхгүй... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7х/,
- гэрч С.Гансэлэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сард төрсөн өдөр гээд Өнөболд, Нараа нартай хамт гадуур явж байгаад Отгонбаатарыг дуудсан. О.Отгонбаатар ирээд Өнөболд тэр 2 юм яриад зогсож байсан ба би тэр 2-н хооронд юу болсныг мэдэхгүй байна. би нэлээн согтуу байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 9х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8161 дугаартай “О.Отгонбаатарын биед зүүн нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 11-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Өийг шууд санаатайгаар хохирогч О.Отгонбаатарыг шалтгаангүйгээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хэдий ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чандмань овогт Б.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Өод торгуулийн ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ