Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 682

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         08         19                                  2020/ШЦТ/682

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

гэрч Б.Энхтайван,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Я.Батханд, 

нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Манал овогт Баярсайханы Өнөр-Өлзийд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000701 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 39 дүгээр байрны 25 тоотод түр оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Манал овогт Б.Ө

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төв дотор “араар олон удаа гарлаа” гэх шалтгааны улмаас хохирогч Д.Мөнхзултай маргалдаж, улмаар түүнийг үсдэж толгойгоор нь хана мөргүүлэх, нүүр рүү нь гараараа цохих зэргээр зодож биед нь зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд язрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, баруун мөр, бугалганд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...бид хоёр муудалцаад барилцаж аваад үсдэлцэх үедээ бид хэн хэнийгээ нэг нэг удаа цохиод би Мөнхзулын нүүр хэсэгт, Мөнхзул миний нүүр хэсгийн зүүн шанаа орчим маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60х/,

- хохирогч Д.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...өөрийн лангуун дээр иртэл Өнөрөө эгч чи миний ардуур 30 удаа гарлаа гээд байхаар нь би 30 удаа гараагүй, 2-3 удаа гарсан...Тэгээд л бид хоёр маргалдаад намайг элдвээр хэлж эхэлсэн. Хүний дор ажилладаг боол, пизда, гичий гээд салаавч гаргаад байхаар нь би таниас юм гуйгаагүй мөрөөрөө ажлаа хийж байна, миний амьдрал өөрт чинь хамаагүй, өөрийнхөө үр хүүхэд, гэр бүлийг хичээ гэж хэлсэн...Тэгтэл Өнөр-Өлзий эгч энэ чамайг дагавар хүүхэдтэй хүнтэй суулаа гэж хэллээ гээд орилоод босч ирээд гараа далайгаад дайраад байхаар нь би тэгж хэлээгүй гэтэл хэрүүл болсон. Үг хэлэхийн завдалгүй бид хоёр барилцаад үсдэлцсэн. Намайг түлхээд миний ард байсан лангууг мөргүүлж, 2 талын хана руу саваад, миний нүүр хэсэгт Өнөр-Өлзий гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

-  гэрч Л.Цолмонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөр-Өлзий түүнийг хараалын үг хэллэгээр түлхүү хэлж байсан...Өнөр-Өлзий Мөнхзул руу дайраад хоорондоо үсдэлцээд Өнөр-Өлзий гараараа Мөнхзулын толгойг бариад хоёр тийш нь саваад лангуу хана руу мөргүүлсэн. Дээр нь гараад толгойг нь доош дараад байсан. Харин Мөнхзул хариу эсэргүүцэл үзүүлэх боломж гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

- гэрч Б.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөрөө Мөнхзулыг үсдээд хана мөргүүлээд, биеэр шил дарахад шил хагарсан. Өнөрөө Мөнхзулыг түлхэхдээ өөрийн гараа шилэнд цохигдож, зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6676 дугаартай “...Д.Мөнхзулын биед зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнгийн шилжих нугалаасанд язрал, зүүн хөмсөг, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, эрүү, баруун мөр, бугалганд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40х/,

- Шинжээч Т.Чимэд-Очирын “...Дээрх гэмтлүүд нэг цаг хугацаанд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Өг хохирогч Д.Мөнхзултай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үсдэж толгойгоор нь хана мөргүүлэх, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Өгийн гар хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан гэж гарсан байх боловч хохирогч Д.Мөнхзулын мэдүүлэг, гэрч Б.Уранцэцэгийн өгсөн: “...Өнөрөө Мөнхзулыг үсдээд хана мөргүүлээд, биеэр шил дарахад шил хагарсан. Өнөрөө Мөнхзулыг түлхэхдээ өөрийн гараа шилэнд цохигдож, зүсэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Цолмонтуяагийн өгсөн: “...Өнөр-Өлзий гараараа Мөнхзулын толгойг бариад хоёр тийш нь саваад лангуу хана руу мөргүүлсэн. Дээр нь гараад толгойг нь доош дараад байсан. Харин Мөнхзул хариу эсэргүүцэл үзүүлэх боломж гараагүй” гэх мэдүүлэг, тухайн үйл явдлыг баримтжуулсан дүрс бичлэг зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Өд учирсан хөнгөн гэмтлийг хохирогч Д.Мөнхзул учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.   

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Мөнхзулд эмчилгэний зардалд нийт 548.000 төгрөгийн зардал гарсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Өгөөс дээрхи үнийн дүнтэй хохирлыг гаргуулж, хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэв 

 

Шүүгдэгч Б.Өд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх Б.Өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосон хэдийч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Манал овогт Б.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өд 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Өг шүүхээс оногдуулсан хугацаанд торгох  ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Б.Өгөөс нийт 548.000 /таван зуун дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Мөнхзул /РД:РЭ80092809/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.БАТГЭРЭЛ