| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0644/Э |
| Дугаар | 685 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 685
2020 08 20 2020/ШЦТ/685
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Ж.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011010930724 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 8-118 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Н
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ж.Н нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 24-576 тоотод оршин суух хохирогч Д.Чимэдцэенгийн төрсөн хүүхдүүд болох М.Эрдэнэбат, М.Эрдэнбаяр нартай хамт гэрт нь архидан согтуурч байгаад бурхан, тахил дээр байсан “Алтангэрэл” нэртэй судрыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ж.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрдэнэбаяр, Бат-Эрдэнэ 2 согтоод унтаад өгсөн. Тэр үед би сэрүүн байсан тул тэр хоёрыг унтсаны дараа буюу 16 цагийн үед бурханы авдар дээр байсан судрыг аваад Эрдэнэбаярын гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Урт цагаан дээр очоод тэр хавьд үл таних хүнд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би уг мөнгөөрөө ганцаараа 1 шил архи авч уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67х/,
- хохирогч Д.Чимэдцэенгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...9 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахаасаа өмнө зул бариад бурхан шашины эд зүйлийнхээ тоос шороог арчаад гарсан. Тэгээд өчигдөр шөнө гэртээ ирж хонолгүй охиныхоо гэрт хоночихоод өглөө ажилдаа гараад өнөө орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байтал бурхан шашины эд зүйл тавьдаг сервантан дээр байсан Алтангэрэлийн судар алга болсон байсан. Тэгээд хүү Эрдэнэбаяр, Эрдэнэбат нараас асуухад мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд хоёулаа шал согтуу байсан. Мөн хажуу айлын Жамъянгараваас асуухад өнөөдөр танайд баахан танихгүй залуучууд ирээд архи уусан гэж хэлсэн. ...манай гэрт өвөөгөөс өвлөж үе дамжиж ирсэн “Алтангэрэл’ нэртэй судар байсан. Судар алдагдсан гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсний маргааш нь надад сударыг авчирч өгсөн. Би тухайн үедээ аваад нээх анзаараагүй юм. Гаднах баринтаг нь миний алдсан судартай адилхан байсан. Тэгэхээр нь би өөрийн сударыг гэж бодоод авсан ба сүүлд сударынхаа тоосыг арчиж байгаад доторхыг нь задалж үзэхэд өөр хүний хэрэглэж байсан судар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- гэрч М.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ээж гэрт ирээд судар алга болсон байна гээд цагдаа дуудсан байсан юм. Удахгүй цагдаа нар ирээд манай дүү болон найзыг надтай цуг эрүүлжүүлэх байр луу авч явсан. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ гарахдаа харсан чинь бурханы урд судар байсан юм. Би өдөр болгон бурхан тахилын тоосыг арчдаг болохоор сайн мэдэж байна. Маргааш өдөр нь манай дүүгийн найз Намчинсүрэн гэрт байсан судар манай гэрээс аваад гарсан талаараа дүү бид хоёрт хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
- гэрч М.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...0,75 литрийн нэг шил архи авч уугаад унтаад өгсөн юм. Нэг мэдсэн чинь ээж гэрт ирчихсэн бурханы урд байсан судар алга болсон байна гээд уурлаад байж байсан чинь удахгүй ах Эрдэнэбат гаднаас согтуу орж ирэхээр нь манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай найзууд болох Бат-Эрдэнэ, Намчинсүрэн бид гурав байсан. ...маргааш өдөр нь манай найз Намчинсүрэн гэрт байсан сударыг манай гэрээс аваад гарсан талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...3 үе дамжин ирсэн хуучны 45*20 см хэмжээтэй “Алтангэрэл” судар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэх тайлан /хх-ийн 34-37х/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Нг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Д.Чимэдцэенд учирсан хохирлыг Ж.Н нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийгмээс тусгаарлах шаардлагүй гэж шүүх үзэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Жанцандоржийн Намчинсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Нд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Ж.Нг тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналтандаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Нд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ