Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

 

 

 

“Алтан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00218 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Алтан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Цэндэд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 152 076 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 6 000 000 төгрөг тус тус гаргуулах, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Базарсад,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Цэнд нь 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Алтан трейд” ХХК-иас авах 20 000 000 төгрөгийн авлагыг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцож “Өргөө 69” төслийн байрнаас 79 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг авч, үлдэгдэл төлбөрийг санхүүгийн хуваарийн дагуу 2015 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлсэн. “Алтан трейд” ХХК нь Д.Цэндийн хүсэлтийг хүлээн авч түүнтэй 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 15/02/18 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний 1.1-д зааснаар Баянгол дүүрэг 5 дугаар хороо “Өргөө-69” орон сууцны 122 дугаар байрны 10 давхар 79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 196 384 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнд зааснаар орон  сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэн байрны түлхүүр хүлээлгэн өгөх, хариуцагч орон сууцыг өөрийн эзэмшилд авч үлдэгдэл төлбөр 176 384 000 төгрөгийг гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Цэнд гэрээ байгуулсан өдөр буюу 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг төлж орон сууцыг өөрийн эзэмшилд хүлээн авсан боловч орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Нэхэмжлэгчээс төлбөрийг удаа дараа төлж барагдуулахыг мэдэгдэж, уулзалтын протокол хөтөлсөн байдаг. Протоколоор хариуцагч Д.Цэнд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 25 000 000 төгрөг төлж барагдуулах, 2014 онд нэхэмжлэгч “Алтан трейд” ХХК-нд хийсэн ажлын гүйцэтгэлээс 50 000 000 төгрөгийг орон сууцны төлбөрт суутгуулах, үлдэгдэл 76 384 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь хоёр талын байгуулсан гэрээг хуульд зааснаар нотариатаар батлуулаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг боловч нэхэмжлэгч тал гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагыг Д.Цэндэд удаа дараа тавьж түүний оффис дээр нотариатч дагуулж очиж байсан удаатай. Мөн энэ талаар шуудангаар шаардлага явуулж байсан. Үүнийг өөрөө үгүйсгэдэггүй.  Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан шаардлагыг хангаагүй боловч хоёр талын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт захиалагч тал нь орон сууцны төлбөрийн 10.5 хувь болох 20 000 000 төгрөгийг төлснийг үндэслэн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагчийн ашиглалтад шилжүүлэн байрны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр захиалагч байранд нүүн орох, 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу хариуцагч Д.Цэндийн урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн өдөр тус гэрээний 1.1-т зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг гэрээнд заасны дагуу худалдан авагчын эзэмшилд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн юм. Гэрээ байгуулснаас хойш Д.Цэнд уг байранд амьдарч байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээний 5.6-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан үйлчилгээ авсаны хөлс 6 083 000 төгрөг төлсөн. Хариуцагч удаа дараа эвлэрэх хүсэлт гаргаж өмгөөлөгчийн зардал болон алданги 35 000 000 төгрөгийг төлнө 1 жилийн хугацаа өгөөч гэдэг. Нэхэмжлэгчийн хувьд цаг хугацаа их алдсан. Иймд хариуцагч Д.Цэндээс орон сууцны үлдэгдэл төлбөр 101 384 000 төгрөг, алданги 50 692 000 төгрөг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардал 6 000 000 төгрөг гаргуулж, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 15/02/18 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Алтан трейд” ХХК-нд хүсэлт гарган тус компанийн барьсан “Өргөө-69” төслийн байрнаас 79 м.кв талбайтай орон сууцыг хамтын ажиллагааны гэрээний дагуу тус байгууллагаас авбал зохих төлбөрийн үлдэгдэл 20 000 000 төгрөгийг суутгуулан авахаар тохиролцож орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх байсан боловч улс орны эдийн засгийн хямрал бүх салбарт нөлөөлж, улмаар хамтран ажиллагч иргэд, аж ахуйн нэгжээс авахаар төлөвлөсөн ажил үйлчилгээний хөлс удааширч, уг байгууллагад төлбөл зохих төлбөрийн үүрэг зөрчигдсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны үндсэн төлбөр 101 384 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг тул хугацаа хэтрүүлсний алданги болон хууль зүйн туслалцаа авсаны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэлцлийг байгуулах үед нотариатаар баталгаажуулах эсэх талаар ямар нэг санал гаргаагүй. “Алтан трейд” ХХК нь төлбөрийг яаралтай төл гэж шаардсанаас өөрөөр ямар нэг мэдэгдэл ирүүлээгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар гүйцэтгэгч тал төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд гэрээнээс дангаар татгалзаж болно гэж зааснаар гэрээнээс татгалзаж байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Цэндээс 158 076 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтан трейд” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 018 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэндээс 948 330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтан трейд” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Талууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Өргөө-69” орон сууцны 122 дугаар байрны 10 давхарт 79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 196 384 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон бөгөөд захиалагч тал 2013 онд хийсэн барилгын ажлын хөлсөө "Алтан трейд" ХХК-иас авч 10 дугаар хороололд байрлалтай, стандарт нийтийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үздэг тул хугацаа хэтрүүлсний алданги болон хууль зүйн туслалцаа авсны төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тус гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр байх үндэслэлгүй алдаа мадаг бүхий хэлцэл бөгөөд талууд харилцан бие биедээ нотариатаар баталгаажуулах санал гаргаагүй, нэхэмжлэгч талын зүгээс хуульд нийцүүлэх талаарх албан мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн, нотариатч дагуулж очсон гэх боловч хариуцагч тус мэдэгдэлийг хүлээн авснаа батлан гарын үсэг зурж баталгаажуулсан, нотариатч дагуулж ирсэн талаар ямар нэг баримт байдаггүй боловч шүүхээс тус гэрээг хүчин төгөлдөр хэлцэл хэмээн үзсэн. Тус гэрээний дагуу орон сууцны төлбөрийн тодорхой хувийг бэлнээр болон ажил үйлчилгээгээр төлж, үлдэгдэл 101 384 000 төгрөгийг гэрээний 2 2-т зааснаар графикийн дагуу хэсэгчилж төлөхөөр тохиролцсон боловч улс орны эдийн засгийн хямрал аж ахуйн нэгжийн бүх салбарт нөлөөлснөөр тогтоосон хуваарийн дагуу төлж чадаагүй тул талууд энэхүү төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар удаа дараа уулзсан.  Уулзалтын үеэр үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэл зориг байгаа хэдий ч төлөх боломж бололцоо бүрдэхгүй байна. Иймээс гэрээний 3.3-т "Гүйцэтгэгч талын гэрээнд заасан үүргээс үл хамаарах аливаа шалтгааны улмаас захиалагч тал нь гэрээнээс дангаар татгалзаж, захиалсан байраа буцаах тохиолдолд энэхүү гэрээний 4.4-т заасан торгуулийг гүйцэтгэгч талд төлнө" гэж заасны дагуу захиалагчийн зүгээс гэрээнээс татгалзаж, гэрээ цуцалснаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгож, нэхэмжлэгч талд учирсан бодит хохирлыг барагдуулж, хөндөгдсөн эрх ашгийг нь сэргээх илэрхийлсэн байдаг. Гүйцэтгэгч талын хувьд гэрээний 4.4-т заасны дагуу гэрээ цуцалснаараа эд хөрөнгийн хохирол хүлээхгүйгээр хуульд нийцүүлэн бүх хохирлоо захиалагч талын урьдчилан төлсөн 95 000 000 төгрөгөөс суутган авах, Иргэний хуулийн 264.1, 264.2-т заасны дагуу гэрээ цуцлах боломж нээлттэй байсаар байтал захиалагчийн тавьсан гэрээ цуцлах саналд ямар нэг хариу ирүүлээгүй.  Өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, үйлчилгээний хөлсөнд 6 083 000 төгрөг авсан гэх боловч уг үйлчилгээний төлбөрийг бодитоор тогтоох боломжгүй гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч болон үйлчлүүлэгч талууд үйлчилгээ үзүүлж авч буй төлбөрийн хэмжээгээ нэмэгдүүлж нэхэмжлэх бүрэн боломжтой. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан заалтыг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч талын зүгээс төлбөрийг 100 хувь төлөөгүй биш, 50 орчим хувийг хэсэгчилэн төлж байгаад нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас төлбөрийн чадваргүй болсон. Холбогдох хууль болон гэрээний заалтуудыг шүүгч үл харгалзан, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судлаагүй. Өөрөөр хэлбэл зөвхөн захиалагч тал тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй гэдэг өнцгөөс харсан бөгөөд төлбөрөө төлөх хугацаа өнгөрчихөөд байхад гүйцэтгэгч тал учирсан хохирлоо захиалагчийн урьдчилан төлсөн төлбөрөөс нь суутган авч, гэрээ цуцлах боломж байсныг авч үзээгүй гэж гомдол гаргагчийн зүгээс үзэж байна. алданги 50 692 000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 6 000 000 төгрөг, нийт 56 692 000 төгрөгийг төлөхөөс чөлөөлж, гэрээний 3.3, 4.4, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Алтан трейд” ХХК нь хариуцагч Д.Цэндэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 152 076 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр   6 083 000 төгрөг тус тус гаргуулах, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Алтан трейд” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байр, 1002 тоотод байрлах 3 өрөө, 79 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх, Д.Цэнд нь орон сууцны үнэ 196 384 000 төгрөгийг төлөх үүргийг  тус тус хүлээсэн байна. /хх-ийн 16-18 дугаар тал/

 

            Гэрээний зүйл болох орон сууц нь талуудыг гэрээ байгуулах үед  ашиглалтад орсон байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч Д.Цэнд нь орон сууцны урьдчилгаа төлбөрт “Алтан трейд” ХХК-иас авах авлага 20 000 000 төгрөгийг тооцож өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, гэрээний үүргийн үлдэх 176 384 000 төгрөгийг 2015 оны 11  дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. Уг үүргээс хариуцагч Д.Цэнд нь 75 000 000 төгрөгийг төлж, үлдэх 101 384 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Талуудын байгуулсан гэрээний 5.1-д “Захиалагч тал нь энэ гэрээний 2.1, 2.2-т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлбөл зохих төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж,

5.6-д “Захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас байрыг суллуулах, шүүх, хуулийн  байгууллагад маргаан үүсгэхтэй холбоотой зардлыг /өмгөөлөгчийн/ захиалагч тал бүрэн хариуцна” гэж тохиролцсон нь хуулиар хориглоогүй, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хэлцэл байх тул анхан шатны шүүх хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг 101  384 000 төгрөгт алданги тооцож 50 692 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардал 6 000 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Харин анхан шатны шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсаны зардал буюу үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь үндэслэл муутай боловч “гэрээнээс татгалзсан” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалах, захиалага гүйцэтгэх гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй, гэрээг нотариатчаар гэрчлүүлэх нь нотолгооны ач холбогдолтой гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах нэхэмжлэлийн үндэслэл гэж зөв дүгнэжээ.

 

            2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалах, захиалага гүйцэтгэх гэрээг цуцлах тухай санал гаргасан байхад анхан шатны шүүх үүнийг үнэлээгүй, өмгөөлөгчийн ажлын хөлс гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч уг тайлбарыг үгүйсгэсэн байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.НАРАНЦЭЦЭГ        

 

                  ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ