Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ц Э Т” ХХК-ний  нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга Р.Д, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ө нарт холбогдох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоолын "Ц Э Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, "Ц Э Т" ХХК-ний зүгээс 2018 оны 09 сард Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргад хандан хүргүүлсэн ашигт малтмал хайгуулын XV-019900 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тухайн байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,  хариуцагч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Ц Э Т” ХХК-ний захирал Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "Ц Э Т" ХХКомпанид Ашигт малтмалын газрын Кадастарын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 924 дүгээр шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Бугат, *******, Төгрөг сумдын нутагт орших "Өдөр Булаг" нэртэй 6375.28 гектар талбай бүхий талбайд ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх олгогдож 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр ХУ-019900 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон.

         Компаний зүгээс тусгай зөвшөөрөл олгогдсон 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, 35.4, 35.5, 35.12 дахь хэсгүүдэд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргүүд, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4 дэх хэсгүүдэд заасан байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргүүдийг бүрэн биелүүлж ажиллаж ирсэн. Цаашлаад компаний зүгээс ХҮ-019900 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 18, 20 дугаар зүйлүүдэд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох журмын дагуу хүсэлт гаргаж хуульд заасан үндэслэлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх олж авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмших, хайгуулын ажлын явцад хууль тогтоомж, холбогдох журмуудыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй.

           Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт "...Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ..." гэж заасны дагуу дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд манай "Ц Э Т" ХХКомпани оролцон шалгарсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосон.

       Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон 3 жилийн хугацааг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан эрхийн дагуу 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй бөгөөд дээрх эрх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад чиглэсэн хуулиар олгогдсон гол эрх бөгөөд үйл ажиллагаа тогтвортой байх хууль зүйн батлагаа юм. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр олгогдсон тусгай зөвшөөрөлд хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх бөгөөд Х\/-019900 дугаартай тусгай зөвшөөрлийг "Ц Э Т" ХХКомпаний зүгээс хуульд заасан хугацаанд бүрэн төлсөөр ирсэн.

          Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах үүрэгтэй бөгөөд тухайн өргөдөлдөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4 дэх хэсгүүдэд заасан баримт бичгүүдийн бүрдүүлбэрийг хангах үүрэгтэй бөгөөд тухайн үүргээ биелүүлээгүй, хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгүүдийн бүрдүүлбэр хангаагүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар хугацаа сунгахаас татгалзаж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авдаг.

        "Ц Э Т" ХХКомпаний зүгээс өөрийн эзэмшиж буй ХҮ-019900 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөр дуусгавар болохтой холбогдуулж Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтэст гаргах гэтэл "Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар компаний зүгээс боловсруулан гаргасан байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө..." батлах боломжгүй талаараа 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/306 дугаартай албан бичгээр мэдэгдээд байна.

           Хэрэв ******* сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/306 дугаартай албан бичгээр мэдэгдсэн "...байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө..." батлах боломжгүй гэх нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл манай "Ц Э Т" ХХКомпаний зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Ашигт Малтмал газрын тосны газрын Кадастарын хэлтэст гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангахгүй нөхцөл байдал үүсч Ашигт малтмал газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөр тасалбар болгон манай компаний эзэмшлийн ХҮ-019900 дугаартай Тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үр дагавар үүсэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн  хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө.

           ******* сумын Засаг даргын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/306 дугаартай албан бичигт дурдсан нөхцөл байдал буюу байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэлийг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол гэж тайлбарласан байх бөгөөд манай "Цогц Эрин Транс" ХХКомпаний зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоол болон Засаг даргын төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй зэргийг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл хэсгүүдийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр, үйл ажиллагаа гэж үзэж байна. Тодруулбал:

        ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн талаар авах арга хэмжээний тухай 03 дугаартай тогтоол гаргасан байх бөгөөд тогтоолын хууль зүйн үндэслэлийг  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг" гэж тус тус тодорхойлон ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар сумын иргэдийн саналын дагуу  тухайн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хавсралтанд заагдсан аж ахуй нэгжүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй, гэрээ хийхгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгосугай гэж заасан байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

         Тухайлбал: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох..." гэж заасан байх бөгөөд манай компаний зүгээс өөрийн эзэмшиж буй ХҮ-019900 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс хойш хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй талаараа дээр тодорхой дурдсан.

            Мөн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаартай тогтоолын ТОГТООХ нь хэсэгт дурдсан "Сумын иргэдийн саналын дагуу" гэх үндэслэл нь тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт  заан тодорхойлсон  зүйл байхгүй,  дээрх үндэслэлээр аливаа аж ахуй нэгжийн гаргасан санал, хүсэлт, төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна. Дээрх байдлаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь хэсгүүд, байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн дээрхи хууль бус захиргааны акт болон Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас ХҮ-019900 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч '”Ц Э Т" ХХКомпаний Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5  хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг зөрчиж компаний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байна.

           Нөгөө талаар манай "Ц Э Т" ХХКомпаний эзэмшил дэх ХҮ-019900 дугаартай тусгай зөвшөөрөл нь зөвхөн ******* сумын нутагт бус Говь-Алтай аймгийн Бугат, *******, Төгрөг сумдын нутгийг хамарсан 6375.28 гектар талбайтай хайгуулын  талбай бөгөөд ******* сумын Засаг даргаас бусад Бугат, Төгрөг сумдын Засаг даргууд нь хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд манай компаний байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг хүлээн авч хянаад хуульд заасан зөрчил дутагдал байхгүй тул төлөвлөгөөг батлан баталгаажуулсан байгаа нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тоггоол болон сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг нотлон харуулж байна.

           Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 22 дугаар зуйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Говь-Аптай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоолын "Ц Э Т" ХХКхуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар "Ц Э Т" ХХКомпаний зүгээс 2018 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргад хандан хүргүүлсэн ашигт малтмал хайгуулын ХХ/-019900 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тухайн байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

          ******* сумын Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлах боломжгүй гэх нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл манай Ц Э Т компаний зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст гаргасан өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангахгүй нөхцөл байдал үүсэж Ашигт малтмал газрын тосны газраас 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тасалбар болгон манай компаний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үр дагавар үүсэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна. ******* сумын Засаг даргын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 306 дугаар албан бичигт дурдагдсан байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө батлахгүй байх хууль зүйн үндэслэлийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол гэж тайлбарласан байх бөгөөд манай Ц Э Т компаний зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоол болон Засаг даргын төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй зэргийг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл хэсгүүдийг зөрчсөн хууль бус шийдвэр үйл ажиллагаа юм гэж үзэж байна. Тухайлбал ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн талаар авах арга хэмжээний талаар 03 дугаартай тогтоол гаргасан байх бөгөөд тогтоолын хууль зүйн үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт тус тус тодорхойлон тогтоох хэсгийн нэг дэх заалтаар сумын иргэдийн саналын дагуу тухайн сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хавсралтад заагдсан аж ахуй нэгжүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй гэрээ хийхгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгосугай гэж заасан байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1, 12.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн зөрчил болсон байна. Тодруулбал иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 03 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь хэсэгт харьяалах нутаг дэвсгэрт олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох гэж заасан байх бөгөөд манай компаний зүгээс өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлсэн 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс ямар ч ажиллагаа явуулж байгаагүй талаар дээр тодорхой дурдсан. Мөн ******* сумын иргэдийн хурлын 2018 оны 03 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт сумын иргэдийн саналын дагуу гэх үндэслэл нь тогтоолын хууль зүйн үндэслэл болохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь хэсэгт заан тодорхойлсон зүйл байхгүй. Дээрх үндэслэлээр аливаа нэгжийн гаргасан санал төлөвлөгөөг батлахгүй байх хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна. Дээрх байдлаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 3 дугаартай тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1, 12.1.2 дахь хэсгүүд Байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3,  38.2, 40.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн дээрх хууль бус захиргааны акт болон засаг даргын хууль бус эс үйлдэхүй улмаас XV-019900 дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигч Ц Э Т компаний ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 дахь хэсгүүдэд заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг зөрчиж компаний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхөд хүргэж байна. Нөгөө талаас Ц Э Т компаний эзэмшдэг 019900 дугаартай тусгай зөвшөөрөл нь зөвхөн ******* сумын нутагт бус Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумуудыг хамарсан 6375,28 талбайтай хайгуулын талбай бөгөөд ******* сумын Засаг даргаас бусад сумдын Засаг дарга нар нь хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд компаний байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг хүлээн авч хянаад хуульд заасан зөрчил дутагдал байхгүй тул төлөвлөгөөг батлан баталгаажуулсан байгаа нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоол болон сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг нотлон харуулж байна

          Хариуцагч Р.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын Засаг дарга Р.Даваадорж миний бие "Ц Э Т" ХХК-ны нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “е”  Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтуудын дагуу 2017.03.24-ний өдрийн 1/155 тоотоор Ашигт малтмал газрын тосны газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоход татгалзах зүйлгүй гэдэг саналаа хүргүүлсэн. Многол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-ын Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2, 22.1.3, 38.1.2, 40.1 дэх заалтуудыг хэрэгжүүлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд багуудын иргэдтэй ойлголцоогүй, хуулийн дагуу ажиллаж буйгаа буруу тайлбарласаны улмаас иргэдийн маш их эсэргүүцэлтэй тулгарсан.

            Манай сум мал аж ахуйн таван багтай, мал аж ахуйн салбараа, бэлчээр хамгаалах зорилгоор мөн биднийг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах уүднээс газар нутагт нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл бүхий 4 багийн иргэд Нийтийн Хурлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийг ямар нэгэн байдлаар дэмжихгүй, хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулуулахгүй байх саналтай байгаагаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  хүргүүлсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны  өдрийн 03 дугаар тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн хайгуулын төлөвлөгөөг батлахгүй, гэрээ хийхгүй байхыг надад үүрэг болгож, хэрэгжилтийг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тухай бүр танилцуулж ажиллахыг даалгасан. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6-ын "а", "г", "е", Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.3, 38.1.4, 38.1.8 дахь заалтуудын дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөр, мөн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар баталгаа болгон нээсэн тусгай санд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөө шилжүүлээгүй, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг биелүүлэн ажиллаж байгаа болно.

            Иргэн буй дор төр буй, Төр буй дор татвар буй гэдгийн адилаар иргэдийн саналыг нэн тэргүүнд авч үзсэн тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байгаа болно гэжээ. 

            Хариуцагч Ц.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хийж байгаа ч гэсэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэдгээр төлөөлөгчдийн гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу иргэн хүнийхээ хувьд ч гэсэн хуульд заасны дагуу энэ компанитай харилцан ойлголцьё, хамтарч ажиллая гэдэг байдлаар хандаж явсан боловч иргэд, малчид, төлөөлөгчид маань энэ байдлыг ойлгохгүйгээр шийдвэр гаргаж байгаа учраас ямар шийдвэр гарах эсэх дээр эргэлзээтэй байна. Газрыг олгоё гэхээр тус суманд 13 хайгуулын болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд байгаа. 12 сарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар мөн 13 компаниа оруулаад эхнээсээ шүүх дээр оччихсон явж байна. Ц Э Т компанийг тогтоолоосоо хасаад ч юм уу шийдвэрээ гаргаж явах уу гэхээр 21 төлөөлөгчөөс ямар нэгэн шийдвэр гараагүй. Хурлаас шийдвэр гаргаагүй. Багийн иргэд нийтийн хурлын материал нь ирээгүй учраас би аль болох төрийн ажил үүргийг хуулийн хүрээнд явуулж ойлголцьё, эвлэрье гэдэг үүднээс хандсан боловч өнөөдрийг хүртэл бичиг тоот нь ирээгүй учраас эргэлзээтэй. Малчдын нэг айдас нь та шүүх дээр очоод эвлэрчихээр дараагийн компани нь шүүхэд хандаад таныг ялаад эвлэрээд байх юм байна гэж малчид ярилцаад байгаа. Тэгэхээр цаашид шийдвэрээ компаний талд зогсох хэцүү малчдын талд тэр хүмүүсийг хүндэлж байж төрийн ажил явагдана гэж ойлгож байна. 4, 5 сард эвлэрээд гэрээгээ хийчих юм болов уу гэж бодож байсан. Малчид бол тэр газраа хамгаална. Тэр газар 30 жил ухагдаж байгаа. Энэ компани 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 оны сар шинийн золголтоор хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниудтай холбогдоорой гэдэг үүднээс Эрдэнэ даргатай холбогдоод хайгуул байснаас ашиглалт дээр юм байна гээд Бугат сум зөвшөөрсний дагуу дарга зөвшөөрсөн юм байна лээ. Ашиглалтын зөвшөөрөл өгчихлөө гэдэг байдлаар эсэргүүцэж бид нарыг ажил хийлгэхгүй. Бусад багууд нэгдэж орж ирээд байгаа. Тэр багийн иргэд нийтийн бичиг баримт нь гарч ирээд малчид энэ компанитай ойлголцох юм бол бид нар дунд нь татгалзаад байх шаардлага байхгүй гэв. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бид нарын хайгуулын лиценз дээр байгаа газар нутагт иргэдийн зүгээс маш их эсэргүүцэл ирдэг. Энэ нь 3 шалтгаантай байдаг. Нэгдүгээрт манай Бүс-Уул баг газар нутаг, бэлчээрийн даац багатай байгаа. Малчид бэлчээргүй болно гэж эсэргүүцдэг. Төрийн үндсэн үүрэг иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлж ажиллах байдаг. Тэгэхээр иргэдийн шаардлагад энэ компаний явуулж байгаа үйл ажиллагаа нийцээгүй гэдгээс хамаарах байх. Иргэдийн шаардлага эсэргүүцэх байр суурьтай байдаг. Засаг дарга миний зүгээс төрийн бодлого чиглэл хууль дүрмийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Орон нутагт Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг зорьж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар чармайлт гаргаж байгаа. Ц Э Т компани манай нутагт далан кемп байгуулж өгсөн. Энэ бүхэн дээр газрын зөвшөөрлийг олгож өгнө үү? гэхээр Засаг дарга нарт газар олгох эрх байхгүй. Хуралд энэ бүгдийг өргөн барьдаг. Харамсалтай нь хурлын 21 төлөөлөгч энэ бүгдийг баталж өгдөггүй. Одоогийн байдлаар манай газар нутагт зөвшөөлгүйгээр далан байгуулаад кемпээ барьчихсан байгаа. Хурлын газар олгосон шийдвэр гараагүй байгаа. 

            Иргэд хурал дээр Үндсэн хуулийн заалтыг барьж бид нарыг ширүүн шүүмжилдэг. Үндсэн хуулийн 6.1-т заасан Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан учраас багийн иргэд бид бүхэн нутаг усаа мэдэх ёстой гэдэг та нар шийдвэрээ гарга гэхээр саяны хэлсэн шиг ийм нөхцөл байдал үүсдэг. Хоёрдугаарт бэлчээр булаг, шандны эх байдаг. Бэлчээр муутайгаас болоод нэлээд бухимддаг. Энэ бухимдлаа Үндсэн хуулийн 5.5 дээр байгаа заалтыг иш үндэс болгож бид нар руу нэлээд ширүүн дайралт хийдэг. Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Бид нарын малаа бэлчээдэг газар нутгийг та бүхэн Ц Э Т компанид өгчихөөр үндэсний баялаг болсон мал төрийн хамгаалалтад байж чадахгүй болно гэсэн 2 шаардлагаар бидний зүгээс маш их эсэргүүцэлтэй тулдаг. Хурлын тогтоол ийм байдлаар гарсан учраас уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хандаж засаг даргын зүгээс хүсэлт гаргасан. Манай багийн малчдын ойлголтыг жигдрүүлээд Ашигт малтмалын тухай хууль лицензтэй холбоотой мэдлэг хандлагыг дээшлүүлж өгөөч гэж уул уурхайн яаманд хүсэлтээ гаргасан. Уул уурхайн яамнаас бидний хүсэлтийг хүлээн авч хариу ирүүлсэн. Одоо өвлийн улирал цастай, малчид тарсан байгаа учраас хавар танай суманд очоод уул уурхайг ойлгохгүй дарга нараа дарамталдаг малчдад уул уурхайн хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл сурталчилгаа хийж өгье гэсэн хариу өгсөн.

           Тэгэхээр орон нутагт үүсээд байгаа асуудал нэгдүгээрт уул уурхайн дарга нарын хоорондох асуудал биш дарга нар иргэд хоорондын асуудал болж хүндэрч байна. Миний зүгээс 4, 5 сар болоод малчид өврөөс даваад ороод ирдэг энэ үед уул уурхайн компани нь очоод Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас хүмүүс нь сургалт сурталчилгаагаа хийгээд энэ компани ирж асуудлаа яриад багийн иргэдийн хурлаас шийдвэр гарчихдаг бол Засаг даргын зүгээс төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байгаа хүнийхээ хувьд менежментийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зурахад бэлэн байна. Бид нарын гарын үсэг зурахгүй байгаа нэг шалтгаан нь багийн иргэдтэй нягт холбоотой. Тэд нарын амин зуулга болсон бэлчээр мал аж ахуйн асуудал нь хөндөгдөж байгаа. Энэ гарцаа гаргаж чадвал Засаг даргын зүгээс менежментийн төлөвлөгөөг батлахад бэлэн байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн сумын иргэдийн саналын дагуу тухайн сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хавсралтанд заагдсан аж ахуйн нэгжүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй, гэрээ хийхгүй байхыг Засаг дарга Р.Д-д үүрэг болгосон байна. 

            Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 924 дугаар шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Бугат, *******, Төгрөг сумдын нутагт орших “Өдөр булаг” нэртэй 6375.28 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011220017 тоот гэрчилгээтэй XV-019900 дугаар тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн дуустал “Ц Э Т”  ХХК-нд олгосон байна. 

           “Цогц Эрин Транс” ХХК буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан эрхийн хүрээнд ашигт малтмалтын хайгуулын XV-019900 дугаар тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дах хэсэгт заасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж зааснаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх зорилгоор ******* сумын Засаг даргад 2018 оны 09 дүгээр сард “Говь-Алтай аймгийн *******, Бугат сумдын нутаг дахь “Өдөр булаг” нэртэй талбайд 2018 онд буюу 3 дахь жилд гүйцэтгэх геологи-хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаар хүргүүлсэн боловч ******* сумын Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 16-ны 1/306 дугаар албан бичгээр “Ц Э Т” ХХК-нд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй байх тухай үүрэг өгсөн учир танай компаний хайгуулын ажлын байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлахгүй болохыг мэдэгдсэн байна. 

            Хавтас хэргийн материалд авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 02 дугаар тэмдэглэлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ө: “...Саяхан Бүс-Уул, Тамч багийн иргэдээс “Аюут толгой” ХХК-ий үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлууд ирсэний дагуу ажлын хэсэг очиж зөвшилцөөд ажлыг түр зогсоон багуудын иргэд Нийтийн Хурлыг хуралдуулсан хурлаар багийн малчид эсэргүүцэл илэрхийж компаний удирдлагуудтай үйл ажиллагааг нь зогсоох талаар харилцан тохиролцсон”, сумын Засаг дарга Р.Д: “...Өнөөдрийн байдлаар 3 хайгуулын компани гарын үсэг зуруулсан. Хууль тогтоомжиндоо тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажилла гэж заасан байдаг. 

           Дэмжихгүй гарын үсэг зурахгүй байх ямар нэг үндэс байхгүй...иргэдийн болон хурлын шийдвэрийг хүндэтгэн үзнэ”, Б.Б: “гэрээ хийхгүй гарын үсэг зурахгүй байх гэсэн тогтоол гаргах саналтай байна...бүх лицензтэй компаниудын төлөвлөгөөг батлахгүй гэрээ хийхгүй байх нь зөв” гэснээр тус суманд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хугацааг сунгахгүй байх, үйл ажиллагааг явуулахгүйгээр цуцлуулах саналыг холбогдох газарт уламжилж шийдвэрлүүлэх, ажлын төлөвлөгөөг батлахгүй, гэрээ хийхгүй байх гэсэн саналуудыг тогтоолд тусгаж хуралд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тогтоол баталж Засаг даргад үүрэг чиглэл өгөхөөр шийдвэрлэсэн мөн ******* сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны 07 дугаар тогтоолоор тус багийн нутаг дэвсгэрт хайгуулын зөвшөөрөлтэй “Аюут толгой” ХХК-ий үйл ажиллагааг зогсоож зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт хүргүүлэхийг багийн Засаг даргад даалгасан /хх66-68 хуудас/, ******* сумын 1 дүгээр багийн ИНХ-ын 2018 оны 09 дүгээр сарын 02-ны 09 дүгээр тогтоолоор  тус багийн нутаг дэвсгэрт хайгуулын зөвшөөрөлтэй “Аюут толгой” ХХК-ий үйл ажиллагааг зогсоож зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт хүргүүлэхийг багийн Засаг даргад даалгасан /хх71-73/, ******* сумын 5 дугаар багийн ИНХ-ын 2018 оны 09 дүгээр сарын 16-ны 06 дугаар тогтоолоор  тус багийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт хүргүүлэхийг багийн Засаг даргад даалгаж /хх76-78/ шийдвэрлэсэн байна. 

            Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, хуулийн 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” бүрэн эрхтэй хэдий ч дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ******* сумын 1, 2, 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар “Ц Э Т” ХХК нь Ашигт матмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болон биелүүлээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн зөрчил дутагдал гаргаж байсан талаар ямар нэг баримт дурдагдаагүй бөгөөд харин “Аюут толгой” гэх аж ахуйн нэгжийн буруутай хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой асуудал хэлэлцэгдсэнээс хамааруулан “Ц Э Т” ХХК-ний хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахгүй, гэрээ хийхгүй байхыг Засаг даргад үүрэг болгож байгаа нь үндэслэлгүй байна. 

            Мөн “Ц Э Т”  ХХК Говь-Алтай аймгийн Бугат, *******, Төгрөг сумдын нутагт орших “Өдөр булаг” нэртэй 6375.28 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаа явуулах хугацаанд ******* сумын Засаг даргаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 1/261, 2017 оны 03 дугаар сарын 15-ны 1/26 дугаар албан бичгээр, Бугат сумын Засаг даргаас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны 11 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 15-ны 1/26 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт “Ц Э Т ХХК нь төлөвлөгөөт ажлаа тодорхой хэмжээгээр гүйцэтгэж, хайгуул хийсэн газрынхаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт гаргаж байсан, байгаль орчныг хамгаалах санд тогтоосон хэмжээгээр хураамжийг төлж байсан талаарх баримтууд авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.  

            Иймд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолын “Ц Э Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

            Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, хуулийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж зааснаар сумын Засаг дарга хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр зохицуулсан.

            Нэхэмжлэгч “Ц Э Т” ХХК 2018 оны 09 дүгээр сард 2018 оны байгаль орчны менежментийн шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг батлуулахаар ******* сумын Засаг даргад хүргүүлсэн боловч сумын Засаг дарга хуульд заасан үүргээ биелүүлэлгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодитойгоор хянан үзэлгүйгээр “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлж батлахаас татгалзсан” эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч “Ц Э Т” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих зорилгод нийцээгүй байна. 

            Шүүх ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 03 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгоогүй, уг тогтоолын хавсралтад заасан “Цогц Эрин Транс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Ц Э Т” ХХК-ий 2018 оны байгаль орчны менежментийн шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолын “Ц Э Т” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болгож, сумын Засаг даргын “Ц Э Т” ХХК-ий 2018 оны байгаль орчны менежментийн шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг ******* сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ