Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0367

 

 

 

 

 

 

                  А.Ггийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г,

Нэхэмжлэгч: А.Г,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0941/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Г нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдууланГаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, Гаалийн тухай хуулийн 2711 дугаар зүйлийн 2711.1.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Гг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Иргэн А.Ггийн гаргасан Гаалийн ерөнхий газарт холбогдох тушаал хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.2. Тус байгууллагаас албан тушаалыг түдгэлзүүлэх гэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийсэн, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан бичгийг А.Гд танилцуулсан, хууль тогтоомжийн дагуу түдгэлзүүлсэн тул анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь үндэслэлгүй.

3.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

            4. Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч А.Г нь Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай” Б/642 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           3.2. Маргаан бүхий Б/642 дугаар тушаалаар “... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, 2711.1.11, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9054 дүгээр албан бичгийг тус тус үндэслээд Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгаж байгаа гэх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагч А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн” байна.

            3.3. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7-д тус тус зааснаар төрийн албан хаагч эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх,  төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй бөгөөд 39 дүгээр зүйлийн 39.1.4-д албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхийг хориглохоор заасан.

3.4. Гаалийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01-2/2171 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хандан “... Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх үед илэрсэн санхүүгийн зөрчилд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа эсэх, хэрэв шалгаж байгаа бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолыг хуулбарлан ирүүлнэ үү” гэх албан бичгийг хүргүүлсэн, тус хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9054 дүгээр албан бичгээр “... Бичигт дэх гаалийн газрын албан тушаалтан нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэлд 213000182 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна, ... хэрэг нээсэн тогтоолыг хүргүүлэх боломжгүй” гэх хариуг өгсөн, мөн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/10985 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид “... 213000182 дугаартай хэрэгт албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж, прокурор, шүүхээр шийдвэрлүүлээгүй” гэх хариуг өгсөн, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 152 дугаар тогтоолоор “... тухайн үйлдлийг өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5/129 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаа гэх үндэслэлээр 213000182 дугаартай эрүүгийн хэргийг хаасан”, 5/129 дүгээр тогтоолоор “А.Ггийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан” байна.

3.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаар шийдвэрээр А.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/480 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Гг өмнө эрхэлж байсан Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичигт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/623 дугаар тушаалаар А.Гг Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн газрын ахлах нягтлан бодогч, гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилж, үүнээс 6 хоногийн дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/642 дугаар тушаалаар А.Ггийн гаалийн улсын байцаагчийн эрх, албаны үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй.

3.6. Дээрх үйл баримтууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч А.Г нь Төрийн албаны тухай хуульд заасан эрхээ хэтрүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл эрх бүхий байгууллагаас бүрэн тогтоогдоогүй, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлэлгүйгээр маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн гаалийн улсын байцаагчийн эрх, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн, үүгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

3.7. Дээрх байдлаар маргаан бүхий Б/642 дугаар тушаал нь хууль бус болох нь тогтоогдож байх тул уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээр байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН