Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 700

 

 

                                                           

 

 

 

 

 

 

   2020         08           25                                  2020/ШЦТ/700

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

улсын яллагч Ч.Батбаатар,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Доржсүнгүрэв, түүний өмгөөлөгч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.Бөд холбогдох эрүүгийн 2003 00147 0118 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 27-415 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овгийн Б.Б /РД: Х382051013/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28 дугаар гудамжны урд замд "Тоёота Королла" маркийн 41-84 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх", мөн дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Доржтөгсийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Г.Доржсүнгүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад ах чинь гэмтэл дээр байна гээд дуудсан. Намайг гэмтлийн эмнэлэгт ирэхэд Батмөнх согтуу байсан. Нүд нь улаанаараа эргэлдсэн байсан. Би Батмөнхөөс “Ямар жолооч мөргөсөн бэ” гэхэд Батмөнх “Би дуудлага дуудаад ирсэн байна” гэсэн. Жолоочийг нь дуудаад ирээч гэж хэлэхэд Батмөнх согтуу “Би л байна шүү дээ” гээд инээгээд байсан. Манай ах сахиулж байсан. Манай ахыг эмнэлэгт нь хэвтэж байхад согтуу, инээгээд “Гайгүй юу” гэж байсан. Эмнэлгээс гарснаас хойш нэг удаа ч өвчин намдаах эм авчирч өгөөгүй. Манай талийгаач ах руу залгаад чамд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж согтуу ярьдаг. Манай ах жаахан бөөрөнхий хэлтэй, нөгөө хүн чинь утасдаад 100 грамм нэхээд байна гэж хэлсэн. Би ажлаа тараад эмийг нь аваачиж өгч байсан. Халуун хоол аваачиж өгөх сэтгэл байгаагүй. Би бүх авсан юмных нь хохирлыг барагдуулаад өгөөч гэж хэлэхэд “Би ямар аваад өгөөч гэж хэлсэн юм уу” гэж хэлсэн. Бие нь өвдөөд сүүлдээ архи ууж өвчнөө дарж байсан. Салхинд гаръя гэж хэлж байсан. Батмөнхөөс би битгий юм нэхээрэй гэж хэлсэн. Дандаа л хохиролгүй гэсэн бичиг өгчих гэж бид нарыг дорд үзэж байсан. Эрдэнэбилэгийнхээс гарч ирэхэд хүн байтугай гөлөг гүйж явахад харагдахаар гэрэлтэй байдаг. Сэтгэл санааны дарамтанд оруулсан. Батсайхантай хамт согтуу ирээд, хавирга нь хугарсан хүн хэзээ ч босдоггүй юм гэж хэлсэн. Манайд хүн байхгүй хойгуур дандаа орж дарамталдаг байсан. Хэрэв Батмөнх миний ахыг мөргөөгүй байсан бол миний ах амиа хорлохгүй байсан. Ослоос болж миний ах сэтгэл санаагаар унаж, мөргөсөн талын хөл нь нарийхан болсон. Эмнэлгээс гаргахад би хөнгөн байгаа биз гэж хэлж байсан. Би сэтгэлийг нь засаад хүнд байна гэж хэлсэн. Хохирол төлбөр барагдуулах саналтай байна. Ер нь бол баримтууд нь устгагдаад үлдсэн баримтууд нь энэ...” гэв.

Хохирогч Г.Доржтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...28 дугаар гудамжаар эргээд булан тойроод уруудаад явж байтал тод гэрэлтэй машин ирээд шууд намайг мөргөсөн. Би мөргүүлээд ухаан алдаад унасан байсан...” гэх /хх-ийн 14-15х/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Батхуягын гэрээс нь цоо эрүүл гараад явсан. 28 дугаар гудамжны үзүүрээр зүүн гар тийшээ эргээд уг овон товонтой хэсгээр уруудах үед миний машины дугуйнд нэг юм тээгэлдэхээр нь би шууд машинаа зогсоосон. Тэгээд би машинаасаа буугаад хартал машины урд хэсэгт ямар нэгэн зүйл байгаагүй, харин машины зүүн талын урд крыло хэсгийн доор буюу зүүн урд талын дугуйны урд хэсэгт хүн хэвтэж байсан. Хэрэв Доржтөгс надад харагдаж байсан бол би дайрахгүй байсан” гэх /хх-ийн 71х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Доржсүнгүрэв мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим намайг гэртээ амарч байхад гэмтлийн эмнэлгийн хүлээн авахаас надруу залгаж “Танай ах Доржтөгс гэмтэл дээр байна. Та яаралтай ирнэ үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр Уранцэцэг, бэр Туяа, төрсөн ах Доржготов нарын хамт очсон. Бид нарыг очиход ах Доржтөгс тэргэн дээр хэвтэж байсан. Тухайн үед ах Доржтөгсийг архи уусан болохоор архийг нь гаргаж байгаад зургийг нь авна гээд 2 цаг орчим хүлээлгэсэн. Мөн тухайн үед би ах Д хувцасыг нь аваад өөрийнхөө машинд хийгээд буцаад эмнэлэг рүү орох үед Батмөнхтэй таарсан. Тэр үед надад Б “Би ямар ч гэсэн цагдаа болон эмнэлэг дуудсан” гэж хэлэхээр нь “Баярлалаа” гэж хэлсэн. Тэгээд ахыг мөргөсөн жолооч нь хаана байгаа талаар асуухад Б “Би байна” гэж хэлээд инээсэн. Тэгэхээр нь би уурлаад Б юм яриагүй. Тухайн үед Б архи үнэртэж байсан...” гэх /хх-ийн 78х/,

Гэрч Э.Алтантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэмтлийн эмнэлгийн зогсоол руу ороод зогсож байтал Батмөнх ах ирээд “Готов ахын чинь дүү өнцөгөөс жаахан дээр хонхор газарт хэвтэж байхад нь би мөргөчихлөө” гэж хэлсэн...”, “...Б ах надад мөнгө өгөөд дэлгүүрээс нэг шил архи аваад ир гэсэн. Тэр архийг Б, Доржготов ах нар хувааж уусан. Доржготов ахын эхнэр залгаад “Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нь Чингэлтэйд гэрт нь байгаа. Аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь бариад Доржтөгсийн бичиг баримтыг нь авах гээд Б, Д нарын хамт Чингэлтэй рүү явж байтал замд цагдаа нар бид нартай уулзаад ослын газарт хамт очсон...” гэх /хх-ийн 84х/,

Гэрч Г.Доржготов мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед намайг гэртээ байж байхад надруу манай найз Батмөнх залгаж эхнэртэй ярихдаа “Танай дүү Д би мөргөчихлөө” гэж хэлсэн. Бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиход манай дүү Д орон дээр хэвтэж байсан. Би дүүгээ хэрээд зүрх савлаад гадаа гараад агаар амьсгалсан. Тухайн үед би Батмөнхийн машин дотор Батмөнхтэй хамт 200 орчим грамм архи уусан. Намайг гэмтлийн эмнэлгийн гадаа гарахад Б тааралдаад яасан гэхээр нь би зүрх савлаад байна гэхэд Батмөнх архи уух уу гэхэд нь би ууя гэж хэлэхад Б надад архи авч өгсөн...”, “...Анх намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход Б халамцуу юм шиг харагдсан. Сайн мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 86х/,

Гэрч М.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би жолооч Эрдэнэбадрахын хамт ээлжтэй байсан бөгөөд Яргайтын ойр орчмоор дуудлаганд явж байхад дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Яргайтын 28 дугаар гудамжинд гэмтсэн гэх 40 орчим насны нэг эрэгтэй хүн мөн нэг эрэгтэй хүний хамт байж байсан. Уг гэмтсэн хүн нь газарт согтуу хэвтэж байсан. Тэгээд би үзлэгээ хийхэд уг хүний биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа нь согтуу, глазко буюу ухаан санааны үнэлэмж нь 12 балл, орчиндоо хартцаатай, хэсэг газрын үзлэгт ил харагдах гэмтэл, шархгүй, осголт үгүй, саажилт байхгүй байдалтай байхаар нь уг хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар болсон. Тухайн үед хамт байсан залуу нь өөрөө гэмтлийн эмнэлэг рүү хамт явна гэж хэлээд хоёуланг нь аваад гэмтлийн эмнэлэг дээр очоод хүлээн авах тасагт хүлээлгэж өгөөд буцсан...”, ”...Дуудлага өгсөн хамт байсан хүн эрүүл байсан...” гэх /хх-ийн 91х/,

Гэрч Ц.Эрдэнэбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би эмч М.Пүрэвжатай хамт дуудлагаар очиход мөргүүлсэн гэх хүн нь нэг залуугийн хамт гудамжинд байсан ба уг мөргүүлсэн гэх хүнийг нацилк дээр хэвтүүлээд хамт байсан хүнийг хамт аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн...”, “...Хамт явж байсан залуу эрүүл байсан...” гэх /хх-ийн 93-94х/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11х/,

 Баянгол техникомийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-39х/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 163 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 122-123х/

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-ийн 119-120х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2242 дугаартай шинжээчийн: “...Г.Доржтөгсийн биед баруун дал, өвчүү, баруун талд 3, 4, 5, 6, зүүн 4, 5, 6, 7, 8, 12-р хавирга, сээрний 4, 5-р нугалмын арын хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2-р нугаалмын зүүн хөндлөн сэртэн, баруун умдаг ясны дээд, доод салааны хугарал, цээжний баруун хэсэг, бүсэлхийн баруун доод хэсэг, баруун өгзөг, гуянд цус хуралт, дух, баруун чамархай, чих, хацар, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Б.Батмөнхийг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28 дугаар гудамжны урд замд "Тоёота Королла" маркийн 41-84 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", мөн дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх", мөн дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах", 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан "Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Доржтөгсийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Б.Батмөнхөөс хохирогчийн оршуулгын зардал 3,500,000 төгрөг, мөн гэртээ байх хугацаанд зарцуулсан эм тариа, эмчилгээний зардалд нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч эмчилгээний зардлын нотлох баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч Г.Доржтөгс 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэртээ нас барсан нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1177 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Доржтөгс энэ гэмт хэргийн улмаас нас барсан нь тогтоогдоогүй тул оршуулгын зардлыг шүүгдэгч Б.Батмөнхөөс гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид баримтаар 840,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Батмөнхийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож энэ гэмт хэргийг үйлдсэн. Архи уусан талаар нутгийн хүмүүс гэрчилдэг. Үүнийг шалгах шаардлагатай. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх саналтай байна...” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Алтантулгын мэдүүлэг /хх-ийн 84х/, гэрч Г.Доржготовын мэдүүлэг /хх-ийн 86х/, гэрч М.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 91х/, гэрч Ц.Эрдэнэбадрахын мэдүүлэг /хх-ийн 93-94х/ зэргээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгж буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батмөнхийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 П.АРИУНБОЛД