Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 87

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Баянговьд оршин суух, Засагынхан, Баастын Оюунчимэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Засагынхан овогтой Баастын Оюунчимэг нь 1966 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн. 1982 оноос 1989 оныг дуустал ажилласан. 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд шилжин ирж тасралтгүй малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тонхил сумын Үнэн нэгдлийн Нуур, Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тонхил сумын Үнэн нэгдлийн Нуур, Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 108 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Нуур бригадад 1982-1986, 1988-1989 онд малчин, 1987 онд барилгын бригадад ажилчин байсан Бааст овогтой Оюунчимэг /Оюун 1982-1983 он/ нь 1982 онд 150 хө/өдөрт 579 төгрөг, 1983 онд 330 хө/өдөрт 889 төгрөг, 1984 онд 60 хө/өдөрт  төгрөг, 1985 онд 260 хө/өдөрт 1546 төгрөг, 1986 онд 184 хө/өдөрт 2088 төгрөг, 1987 онд 199 хө/өдөрт 1205 төгрөг, 1988 онд 252 хө/өдөрт 2187 төгрөг, 1989 онд 342 хө/өдөрт 2376 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх архивын лавлагаанд шүүхээр тогтоолгож байгаа хугацаанд холбогдох хэсгийн зарим онуудын хөдөлмөрийн өдөр бага байгаа боловч тухайн үеийн нийгэм дэх малчны хөдөлмөрийн онцлогийг харгалзан ажилласнаар тогтоосон болно.

Иймд Засагынхан Баастын Оюунчимэгийг 1982 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Нуур, Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Засагынхан Баастын Оюунчимэгийг 1982 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Үнэн нэгдлийн Нуур, Зүйл бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН