Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 88

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр баг, Хүйсийн говьд оршин суух, Мухарынхан Лхаасүрэнгийн Данийловын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Данийлов шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1957 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн. Би 1983 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд мал эмнэлгийн жолоочоор орж, 1997 оныг хүртэл ажилласан. Хөхморьт сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор орж байсан тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй байгаа тул миний үйлдвэрчний эвлэлийн батлах байгаа, энэ батлахыг үндэслэн 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан жилийг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргаас Лхаасүрэнгийн Данийловт олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчийн 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалаар 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллуулсан тухай бичилт хийгдэж тамга дарагдсан байх бөгөөд уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Лхаасүрэнгийн Данийловын Монголын Үйлдвэрчний гишүүний 588284 дугаартай бат илэрхийлэхэд 1983 оны 07 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Мухарынхан Лхаасүрэнгийн Данийловыг 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Мухарынхан, Лхаасүрэнгийн Данийловыг 1983 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын мал эмнэлгийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН