| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 168/2020/0379/Э |
| Дугаар | 727 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 727
2020 09 04 2020/ШЦТ/727
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч С.П,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт С.П холбогдох эрүүгийн 2011 01310 0803 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Хүчит шонхор” зах дээр мах бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 гудамж, 273 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-123б тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт С.П, /РД:НИ86111310/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.П нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамжны 273 тоотод иргэн Б.Жамсрантай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, зүүн тохойнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг ойлголоо. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 59-60х/,
Хохирогч Б.Жамсран мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эхнэрийн хамаатны дүү болон Отгонбаяр, найз Маргад-Эрдэнэтэй явж байснаа над руу ирж гудамжинд агсан согтуу тавилаа гэх мэтээр ярьсан бөгөөд би тэр хоёртой маргалдаад Отгонбаярыг барьж аваад унагаатал Маргад-Эрдэнэ нь хойноос боогоод татаад салгасан. Отгонбаяр нь Загасбаярын хашаанд эх, ах нарынхаа хашаанд амьдардаг бөгөөд бид гурав маргалдаад хашаа руу нь ортол Отгонбаярын ах П нь гэрээс гарч ирээд намайг баруун нүд орчим цохиж унагаагаад дээрээс дэвсэж, өшиглөж, зодсон...”, “...Би анх Отгонбаяр, Маргад-Эрдэнэ нартай маргалдаж муудалцах үед би Отгонбаярыг газар унагааж хоёулаа ноцолдсон. Тэр үед миний хүзүү ам болон толгой зулгарсан юм. Тэдгээр гэмтлүүд нь бол би өөрөө Отгонбаярыг унагаах үедээ хамт унах үед үүссэн байх гэж бодсон. Түүнээс тэр хоёртой зодолдсон, тэр хоёр намайг зодож цохин, чирч гэмтэл учруулсан зүйл байхгүй. Харин дараа нь бол П намайг нүд ам руу цохиж унагаан зодсон...” гэх /хх-ийн 22-24х/,
Гэрч С.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бусад гэмтэл нь бол ах П ноцолдоод байх шиг байсан. Тэр үед л учирсан байх гэж бодож байна. Би Жамсранг зодож цохисон зүйл байхгүй. Маргад-Эрдэнэ бол Жамсрангийн цамцнаас зулгааж надаас холдуулсан...” гэх /хх-ийн 25-26х/,
Гэрч Г.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэгээд 00 орчихоод буцаж гарч ирэхэд хашаан дотор Отгонбаярын гэрийнх нь хүмүүс болох ах нар нь, ээж нь гараад ирчихсэн Жамсран руу дайрцгаагаад байж байсан ба П нь газар унагаачихсан дээрээс нь зодож байгаа харагдсан...” гэх /хх-ийн 35-36х/,
Гэрч Д.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тэр хүн рүү ямар нэгэн зүйл шидээгүй. Миний гар мэдээгүй учраас юм шидэх байтугай юм сайн барьж ч чаддаггүй хүн...” гэх /хх-ийн 37-38х/,
Гэрч Ц.Загасбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шуугилдаад байхаар нь гарахад Отгонбаярын ах нь болох П, Жамсран хоёр муудалцаад зодолдож байсан юм. Дараа нь П, Жамсранг гараараа нэлээд олон удаа нүүр, ам руу нь цохиод байсан ба би салгах гээд чадахгүй, дийлэхгүй Жамсранг газар унагаагаад дээрээс нь нүүр ам руу нь цохиод байсан... би Жамсранг өөр хэн нэгэн цохиж, зодож байгааг хараагүй...”гэх /хх-ийн 39-40х/,
Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8027 дугаартай дүгнэлтэд: “...Б.Жамсрангийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, зүүн тохойнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 45-46х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд Шүүгдэгч С.П 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 8 дугаар гудамжны 273 тоотод иргэн Б.Жамсрантай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, зүүн тохойнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч С.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт С.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД