| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0645/Э |
| Дугаар | 686 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 686
2020 08 20 2020/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон цогт овогт Г.Б холбогдох эрүүгийн 2011007920469 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10-299 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан,
2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 184 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн хорих ялаар сольж биечлэн эдлэх ялыг 1 жил 23 хоногийн хугацаагаар тогтоож байсан, Боржигон цогт овогт Г.Бг /РД:ШД81031270/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Б нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Хуурч эд хөрөнгө залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 13-0321 тоотод оршин суух хохирогч Н.Балжиннямын эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 194.000 /нэг зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг “Пристиж” загварын хөргөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд уг айлруу ганцаараа ороод саарал өнгийн хөргөгчийг усны тэрэг дээр ачаад гудамжнаас уруудаж байгаад Батболд, Ганболд нартай таараад надад туслаад доошоо буулгаад өгөөч гэхэд тэр хоёр надад туслаад хөргөгчийг замруу буулгаж байхад уг айлын эзэн гэх залуутай таарсан... би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84х/,
- хохирогч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гараад хартал манай хөргөгчийг усны тэргэн дээр тавьчихсан түрээд явж байхыг нь харсан... манай хөргөгчийг яагаад аваад явж байгаа юм бэ гэтэл Г.Б гэх хүн энэ миний хөргөгч өөрийнхөө гэрээс аваад явж байна гэсэн... тэгээд би эхнэрээ дуудаад хөргөгчөө гудамжинд харуулж үлдээгээд ...102-руу залгаад цагдаагийн алаг машинтай хоёр цагдаа ирээд Г.Б гэх хүнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан... Уг Г.Б гэх хүнтэй хамт явж байсан хоёр эрэгтэйг танихгүй... нэг эрэгтэй нь “би усны тэргээ аваад явлаа. Бид хоёр хамаагүй. Г.Б бид хоёрт өөрийнхөө юмыг авч байна гэж хэлсэн” гэсэн...”, “...уг нь жаазтай эвтэй 4 амьтны зурагтай хатгамал байсан юм. Тэр үед жааз нь хагарсан байхаар нь алдагдсан байна гэж бодсон байсан юм. Тэгсэн харин тэрийг манай хүүхэд авсан байсан байналээ... тухайн үед хөргөгч алдагдсан боловч уг хөргөгчийг буцаагаад авсан. Гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х, 13-14х/,
-гэрч Ч.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед би нүүрс авах гээд тэрэг түрээд явж байтал танил Батбилэг намайг дуудсан. Би яваад очтол Ганболд бас ирсэн. Тэгсэн Батбилэг “би ахынхаасаа төмөр авч тушаах гэсэн юм, тэргээ түр өгчих” гэхээр нь би тэргээ өгөөд явуулсан. Миний тэргийг Батбилэг аваад гудамжаар хойшоо өгсөөд явсан. Би Ганболдтой цуг Мөнгөнбүрд дэлгүүрийн гадна зогсоод үлдсэн. Тэгээд удалгүй Батбилэг миний тэргэн дээр хөргөгч аччихсан ирж харагдахаар нь Ганболд бид хоёр очтол нэг хүн хүрч ирээд “манай хөргөгч байна” гээд маргалдаад байхаар нь би түрдэг тэргээ авмаар байна гэж хэлж байгаад түрдэг тэргээ аваад Ганболдтой цуг явсан... Ганболд бид хоёр мэдээгүй. Батбилэг хэлэхдээ төмөр ачаад тушаана гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- гэрч Н.Жигдийваанчигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13-0321 тоотод хулгай орсон гэх дуудлаганд очтол Жаргалантын 13 дугаар гудамжны үзүүрт хоёр хаалгатай саарал хөргөг Батбилэг гэгч барьчихсан зогсож байсан. Намайг очиход хөргөгчний эзэн эхнэрийн хамт, тэгээд Батбилэг гэгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5х/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЧД2-20-207 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн тасганы 12-176 тоотод оршин суух хохирогч Ж.Дорждэрэмийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хөргөгчнөөс нь 9 кг хонины мах хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 78.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд
андуурсан гэдгээ мэдэхгүй ороод байж байтал тус байшин дотор нэгэн эмэгтэй хүүхэд унтаж байсан ба би өлсөөд хөргөгчийг нь онгойлгосон хөргөгчин дотор гялгар ууттай түүхий шулсан мах байхаар нь түүнийг аваад буцаж гараад . мөнгөндөө тааруулж 0.75 литрийн Сэржим нэртэй архи 1 шилийг авч гудамжинд ганцаараа шилээр нь уусан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 195-196х/,
- хохирогч Ж.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай
дүү Ичинхорлоо түүнд “та яагаад хөргөгч онгойлгоод өрөө өрөө хэсээд байгаа юм бэ” гэж хэлээд тэрхүү залууг эхлээд гэрээс гаргасан хэмээн цагдаад ярьж байсан. Ингэж дүү маань ярихыг сонсоод би хөргөгчөө онгойлгон үзэхэд манай хөргөгчин дотор байсан шулсан хонины мах байхгүй байгааг олж анзаарсан. Анх хонины 2 гуя, 1 хонины хаа тус тус ястай нь аваад шулаад, хөргөгчиндөө хийсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 177-178х/,
- гэрч Р.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр
намайг гэрт байх үед 1 эрэгтэй хүн орж ирээд гараад явсан араас нь хартал Онцгой байдлын алба гэсэн шар хувцастай эрэгтэй хашааны хаалгаар гараад явж байсан би эргээд гэртээ хувцсаа өмсөөд сууж байтал Онцгой байдлын хувцастай хүн буцаж орж ирэхээр нь юун хүн бэ гэтэл би боловсруулсан нүүрс, түүхий нүүрс шалгадаг хүн байна гэж хэлэхээр нь би зуух зааж өгсөн чинь зуух үзчихээд жижиг өрөөрүү орж хөргөгч онгойлгож үзээд байхаар нь ингэж нүүрс шалгана гэж юу байдаг юм гээд түлхэж гаргаад хаалгаа түгжсэн... намайг унтаж байхад тэр хүн орж ирээд гараад явсан гараад явахдаа хөргөгчинд байсан мах аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 181-183х/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн
ЧД1-20-263 дугаартай дүгнэлт /хх-ийн 186-187х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
3. Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны
01 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэсгэрт байрлах Согоотын 1 дүгээр гудамжны 1 тоотод байх нийтийн байранд хохирогч С.Лхагвасүрэнгийн өмчлөлийн ЭлЖи-Кю7 /LG-Q7/ маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч аваад буцааж өгөлгүй 140.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамт архи ууж байхдаа утсаар яриад өгье гээд авсан юм... би үл таних хүнд 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-146х/,
- хохирогч С.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17- ны өдөр гадуур явж байгаад 23 цагийн үед амьдардаг нийтийн байрандаа ирсэн. Гэртээ ирэхэд манай нийтийн байрны үүдэнд үл таних нэг залуу зогсож байсан ба утсаар яриулаач гэхээр нь өөрийнхөө утсыг өгөөд хальт орчоод гараад ирсэн чинь миний утсаар ярьж байсан хүн алга болчихсон байсан... тэр залууг би танихгүй ба миний амьдардаг нийтийн байрны үүдэнд нэг хүнтэй хамт зогсож байх шиг байсан Би тухайн үед согтуу байсан болохоор яг ямар хүнтэй хамт зогсож байсаныг хараагүй. Онцгой байдлын албаны нормын хувцастай, 40 гаран настай эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй. Миний гар утас Ю-07 загварын 67 гигабайт багтаамжтай, тунгалаг өнгөгүй кейстэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117- 118х/,
- гэрч Н.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид хоёр юм ярьж архиа хувааж ууж дуусгаад бараг 23 цагийн орчим Лхагвасүрэн Хайлаастад байдаг гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа Лхагвасүрэн надтай таарч уулзахдаа “чамтай уулздаг өдөр гэрийнхээ ойролцоо явж байсан чинь нэг хүн утсаар чинь яриад өгье гэхээр нь өгчихсөн чинь утас аваад явчихсан, нөгөө хүнээ олохгүй байна” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127х/,
- гэрч Д.Лхагважаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би утсаа өгч байхыг нь бол хараагүй. Орж ирэхдээ л танихгүй хүн утас аваад явчихлаа гэсэн. С.Лхагвасүрэн Мөнхтулга гээд найзтайгаа уусан гэж байсан... тэгээд би хүү Лхагвасүрэнг утсаа алдчихлаа гэхээр нь гараад тэр галчаас юу болсон талаар асуухад галч би танихгүй шүү дээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136х/,
- гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед санагдаад байна... өрөөндөө камераа хараад сууж байхад байрны дотор манай 6 тоотод амьдардаг Лхагвасүрэн гэх залуу согтуу үл таних залуутай хамт орж ирсэн. Тэгээд тэр 2 хамтдаа 00-н өрөөрүү орсон ба удалгүй үл таних залуу 00-н өрөөнөөс гараад гадагшаа гараад яваад өгсөн. Тэгсэн удалгүй Лхагвасүрэн 00-н өрөөнөөс гарч ирээд манай 2-3 давхраар ямар нэг юм хайгаад яваад байсан. Тэгснээ удалгүй доошоо буугаад манай хаалгыг нүдээд миний гар утас алга болчихлоо, саяны хамт орж ирсэн хүн аваад явчихлаа гээд... Лхагвасүрэн тэр хоёр 00-н өрөө орсоны дараахан нээх удалгүй нөгөө үл таних хүн гараад явсан... үгүй, тэр хүн 00-н өрөөнөөс шууд гараад явсан. Харин Лхагвасүрэн ямар нэгэн юм хайгаад давхруудаар яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138х/,
- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЧД2-20-039 дугаартай дүгнэлт /хх-ийн 129-130х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Бийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд үйлдсэн гэмт хэрэг бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Балжиннямд учруулсан 194.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч болох хохирлыг шүүгдэгч Г.Б нь биет байдлаар буцаан өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Ж.Дорждэрэм, С.Лхагвасүрэн нарт учруулсан хохиролоо шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул Г.Бээс нийт 218.300 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Дорждэрэмд 78.300 төгрөг, хохирогч С.Лхагвасүрэнд 140.000 төгрөг тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Г.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдыг хуурч эд хөрөнгө залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялын нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бт цагдан хоригдсон нийт 64 /жаран гурав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсгүүдийг тус тус баримтлан Г.Бээс нийт 218.300 /хоёр зуун арван найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Дорждэрэм /РД:ВТ93122411/-д 78.300 /далан найман мянга гурван зуу/ төгрөг, хохирогч С.Лхагвасүрэн /РД:НЧ89032914/-д 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ