| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0666/Э |
| Дугаар | 687 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 687
2020 08 20 2020/ШЦТ/687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ц.Б,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цагаан тугтан овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000782 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, нэг хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 6-2-71 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаан тугтан овогт Ц.Б /РД:УИ93122558/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барлах Шинэчлэл хороолол 6-2-71 тоот дахь гэртээ хамтран амьдрагч хохирогч Э.Оюунтунгалагтай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газарт нь гараараа болон гэрийн шаахайгаар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/,
- хохирогч Э.Оюунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байж байтал манай нөхөр Б-ын аав болох Ц над руу залгаад чи одоо өөрөөсөө дүү хүнтэй суучхаад аятайхан аваад яв ганц нэг шанаа авчихад зүгээр ш дээ ээж чинь хүүхдийг чинь харж чадахгүй гэж байна гээд намайг шүүмжилж ярьсан юм. Ингээд би нөхөр Б-руу аав чинь утсаар яриад хүүхэд харж чадахгүй гэж байна гэж хэлсэн юм тэгээд бид хоёр нэг их юм яриагүй орой болсон юм. Орой болж байхад буюу 22 цагийн орчимд Б ажипаа тараад ирсэн бөгөөд ирээд өдөр юу болсон юм бэ гээд асуухаар нь энэ талаар яривал хэрүүл болно яриад яах юм бэ гээд ...тэгээд бид хоёр маргалдаагүй эвлэрээд кино үзээд байж байтал Б-ын утас руу ээж Бурмаа нь залгаад Б босоод нөгөө өрөө рүү ороод утсаараа 2 орчим минут ярьж байснаа өрөөнөөс гарч ирээд намайг орондоо хэвтэж байтал чи муу миний ээжийг үсддэг хэн бэ гэж хэлээд миний цээж рүү өшиглөөд би амьсгалж чадахгүй босоод сууж байтал миний толгой руу цохиод авсан ...тэгсэнээ гэрт байсан миний таавчигаар миний дух, зулай орчимд 2 удаа шидсэн ...Би сүүлдээ нөхөр Б-ын өмнө өвдөг сөгдөөд уучлаарай би маргааш ээжээс чинь уучлалт гуйя намайг битгий зодооч гээд хэлсэн юм... Энэ үйл явдал бараг 3 орчим цаг болсон... Би Б-тай маргалдаж муудалцах үедээ буюу үсээ хайчлуулахдаа ээждээ цагдаагийн байгууллагад хандсан гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандаагүй Б-тай эвлэрчихсэн юм. Харин миний гар гэмтсэн асуудалд эмнэлэгт хандсанаас өөрөөр цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тухайн үед гараа яг унаж юм уу эсвэл хуванцар сандланд цохиулж гэмтсэнээ мэдэхгүй болохоор цагдаад хандаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12х/,
- гэрч Х.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Манай хүү Б, бэр Оюунтунгалаг хоёрыг тусдаа гарахаар нь амьдралаа өөрсдөө босго гэж бодоод мөнгө өгөөд манай хүү Б гражтай болоод машин засварын газар ажиллуулж байгаа юм. Мөнгөнөөс болоод хэрүүл хийнэ ер нь манай нөхөр бид хоёрыг ийм тийм юм хэллээ танай ээж, аав чинь ингэсэн тэгсэн гээд хүүтэй хэрэлдээд байдаг юм. Ер нь бол долоо хоногтоо дор хаяж 2 удаа хоорондоо хэрэлдээд байдаг бөгөөд нөхөр нь чи хүүхдээ харсангүй гэж хэлвэл эхнэр нь би өдөржингөө ажиллачихаад хүүхдээ харах юм уу гээд л иймэрхүү жижиг зүйлээс болоод л байнга хэрэлддэг юм. Тэгээд хэрэлдэх болгондоо манай нөхөр бид хоёр руу танай хүүхэд чинь ингэлээ тэглээ гэдэг юм. Б эхнэр Оюунтунгалагийг зодож цохиод байдаггүй бөгөөд хэрүүл хийж байгаад өөрөө саллаа болилоо гээд явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
- гэрч Д.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Э.Оюунтунгалаг нь Ц.Б-тай суугаад 2 жил орчим болж байгаа бөгөөд дундаасаа 1 настай хүүхэдтэй ...Тусдаа амьдардаг болохоор нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй байна. Хүүхэд нь төрөөд жоохон нялх байхад санагдаж байна Оюунтунгалагийн үсийг нь Б өм өм аваад хайчилсан байсан ...Дараа нь бас яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна өвөл байсан манай охин Оюунтунгалагийн гарыг нь нөхөр Б зодоод хугалсан гээд охин маань гараа гипсдүүлээд, цагдаад өгсөн гэж ярьж байсан тэр үед дахин эвлэрээд нөхрөө дагаад явсан юм. Энэ удаагийнх буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны асуудал бол манай охиныг зодож байгаа 3 дахь удаагийн асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 7901 дугаартай “...Э.Оюунтунгалагийн биед тархи доргилт, зулайн хуйх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг гэр бүлийн харилцаа хамааралтай хамтран амьдрагч хохирогч Э.Оюунтунгалагтай маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Буянбадрахыг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Буянбадрахыг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ