Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00090/и |
Дугаар | 90 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 90
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар баг, Баяншанд 16 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, Монгол Баарайн Нямцэрэнгийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Нямцэрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Монгол овогтой Баарайн Нямцэрэн нь 1963 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн. 1981 онд ТМС-ийг төгсөж ирээд 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Барилга, угсралтын трестэд орж ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр трест тарж, Хичээнгүй хоршоололд орж ноормчноор ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01 хүртэл Хичээнгүй хоршоололд ажилласан жилийн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрчилтэй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ нэмэгдүүлэхдээ: Б.Нямцэрэн миний бие шүүхэд 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилга, угсралтын трестэд ноормчноор ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон тул нэмж тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилга, угсралтын трестэд ноормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хичээнгүй хоршоололд ноормчноор ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Говь-Алтай аймгийн төв дэх хөдөө, аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1981 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баарайн Нямцэрэнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-9 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн Барилга, угсралтын конторын даргын 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай тушаалаар Техник мэргэжлийн сургууль төгсөж хуваариар ирсэн тул нэгдсэн III бригадад ноормчноор, барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 177б тушаалаар байгууллага пүүс хоршоолол болон зохион байгуулагдсан учир “Хичээнгүй” хоршооллын мэдэлд шилжүүлэв гэсэн, Хоршооллын даргын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тушаалаар байгууллага, пүүс, хоршоолол болон зохион байгуулагдсан учир Хичээнгүй хоршоолол авч ажиллуулав, Хоршооны даргын 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай тушаалаар хоршоо тарах болсон тул хоршооны гишүүнээс гаргаж, ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдэж байгууллагын тамга дарагдсан бөгөөд уг дэвтрийн 12-13 дугаар хуудсанд Нийгэм хангамжийн хяналтын улсын байцаагч П.Хорлоо 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 11 жил, 10 сар, 29 өдрөөр тооцож баталгаажуулалт хийж тамга дарсан байна.
Мөн БНМАУ-ын Улсын Барилгын Хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай “пүүс, хоршоолол байгуулах тухай” тушаалд “...пүүс, хоршоолол байгуулагдсан өдрөөс эхлэн барилга угсралтын салбарт ажиллагсдыг дээрх 9 хоршоололд..., ...шилжүүлэн ажиллуулж ...” гэсэн , Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 213 дугаартай архивын лавлагаанд “...Есөнбулаг сумын “Хичээнгүй хоршоо” нь 1991-1993 он хүртэл ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн, Монголын үйлдвэрчний гишүүний №412535 дугаартай бат илэрхийлэхэд 1979 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа, Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүний 109242 дугаартай бат илэрхийлэхэд 1987 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд татвар төлсөн бичилттэй байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Монгол Баарайн Нямцэрэнг 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилга, угсралтын трестэд ноормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хичээнгүй хоршоололд ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Монгол Баарайн Нямцэрэнг 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Барилга, угсралтын трестэд ноормчноор, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хичээнгүй хоршоололд ноормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН