Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Э.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овгийн Э.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911018230646 дугаар хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, 4 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол, 100 айлын 4 дүгээр байрны 28 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 215 дугаартай магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигин овогт Э.П /РД:УХ88091534/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.П нь хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.П нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хулан” пабад үйлчлүүлж байхдаа өөрийн танил хохирогч Б.Эрдэнэцэцэгийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Самсунг Эджи 5” загварын гар утсыг авч залилан, улмаар бусдад борлуулж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тооцоо хийх гээд Эрдэнэцэцэгийн утсыг аваад хүнрүү залгаад ярьж дуусаад утсыг буцааж өгсөн. Дахин утсыг нь гадаа гарч ярьж байгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗх/,

-хохирогч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П утсаа өгчихөөч, нэг ярьчихаад өгье” гээд миний утсыг аваад гараад явсан. Гэтэл 10 орчим минут болоход П орж ирэхгүй болохоор Пүрэвсүрэнг гараад харчихаад ирээч гэсэн. Пүрэвсүрэн гараад байхгүй байна гээд буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь өөрийнхөө утасруу залгаж үзэхэд П утас аваад өөр хүнтэй уулзаад мөнгө аваад очъё гэсэн. Тэгэхээр нь Пүрэвсүрэн бид хоёр буцаж ороод сууж байгаад ирэхгүй болохоор нь дахиад зөөгчийн утаснаас залгасан чинь утсаа авахгүй байж байгаад сүүлдээ унтраачихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Э.П нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Эрдэнэцэгийн өмчлөлийн гар утасыг хуурч залилан аваад худалдан борлуулан олсон орлогоо өөртөө хэрэглэсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч Б.Эрдэнэцэгт энэ гэмт хэргийн улмаас нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.П-оос 300.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 Шүүгдэгч Э.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, түний урьд хорих ял шийтгүүлсний эдлээгүй үлдсэн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тогтоож шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овгийн Э.П-ийг бусдыг хуурч эд хөрөнгө залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Пүрэвдоржид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.П-д энэ тогтоолоор оногдуулсан 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ялд, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 09 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 03 /гурав/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.П нь цагдан хоригдсон нийт 61 /жар/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.П-оос нийт 300.000 /гурван зуун/ мянга төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэцэцэг /РД:ЖЯ82102969/-т олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ