| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0675/Э |
| Дугаар | 693 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 693
2020 08 21 2020/ШЦТ/693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч С.О,
хохирогч Х.Базаррагчаа, түүний өмгөөлөгч О.Санчирбал,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Соёд овогт С. О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000735 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-524в тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Соёд овогт С.О-д /РД: М375121517/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.От нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 21 дүгээр гудамжинд хохирогч Х.Базаррагчааг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж, баруун гарын алгыг хутгаар зүсэж түүний биед баруун гарын сарвуунд шарх, уруулын зүүн буланд салстад язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Х.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүү тэнгисийн хамтаар гудмаар өгсөөд явж байтал манай эхнэр хашааны үүдэнд зогссон байсан. Ингээд өмнөөс бууж ирээд бид 3 дээшээ алхаж байтал манай урд хашааны Отгоо гэх залуутай уулзаад ажил явдал болж байсан бөгөөд энэ талаар ярьж байтал хойд хашаанд байх О-ын байшингийн 2 давхараас эхнэр Хүдэрээ намайг дуудаад хөөе Базраа нааш ир баруун цонхон дээр хүрээд ир гэж хэлсэн. Би баруун талын цонхон дээр очоод байхгүй болохоор нь эргээд гарах гэтэл О гарч ирээд намайг 2, 3 удаа нүүр рүү цохиод авсан. Тэгээд худаг руу явья гээд явж байтал энгэрээ ухаад бор өнгийн иштэй хутга гаргаж ирээд надруу дайраад байсан би ухарч байтал манай эхнэр голоор орж ирээд салгах гэтэл нуруун дээр нь хатгах гэж байхад нь би хутганаас нь бариад авсан. Би хүү Тэнгисийг Отгоо ахыг дуудаад ир гээд түрүүн гудамжинд таарсан ах руу явуулсан. Отгоо ах ирээд бид 2 О-той ноцолдож байгаад хутгыг нь салгаж аваад 102 дуудсан... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
- гэрч М.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 27-ний өдөр манай нөхөр гадуур архи ууж байгаад орой нь ирсэн. Ирээд бид 3 хоол хийж идэх үү гэж ярилцаж байгаад манай нөхөр хүүхдийн хамтаар гоймон авах гээд дэлгүүр явсан. Энэ үед 21 цаг өнгөрч байсан байх. Дэлгүүр яваад ирэхгүй байхаар нь яасан юм бол гээд хашаанаасаа гараад уруудаад алхтал ирж байсан. Бид 3 уулзаад эргээд гэр рүүгээ алхаж байтал Отгоо гэх ах өөрийнхөө хашааны гадна талд зогсож байсан. Ингээд бид 4 юм яриад зогсож байтал хойд талын Хүдрээ эгч 2 давхараасаа Базраа гээд орилоод байсан тэгтэл нөхөр нь болох Оогий гэх хүн согтуу гараад ирсэн. Тэгээд Базарааг дуудаад худаг руу явсан. Би ардаас нь хүүгээ хөтлөөд очтол Оогий үгийн зөрүүгүй Базараагийн нүүр рүү нь 1,2 удаа цохиод авсан. Базараа та яаж байна аа гээд хоорондоо барилцаад авахаар нь зодолдчих байх гээд голоор нь ортол манай нөхөр Базаррагчаа миний дээгүүр хутганы ирнээс бариад гарнаас нь цус гарч байсан. Хутганы бариулнаас Оогий барьчихсан байсан. Би хүүхдээ Отгоо ахыг дуудаад ир гээд явуулсан. Отгоо ахыг ирэх хооронд Базараа хутганых нь ирнээс барьсаар л байсан Отгоо ах ойрхон байсан болохоор гүйгээд ирсэн. Тэгээд ирээд Базараатай хамт хутгыг нь гарнаас нь салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27х/,
- гэрч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний ах нас бараад удаагүй байсан болохоор 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би буяны ажил явдал гээд их завгүй байсан юм. Орой харуй бүрий болж байхад манайд гаднаас сандал ширээ ирнэ гээд түүнийг хүлээгээд хашааны гадаа зогсож байтал Базаррагчаа эхнэр хүүхдийнхээ хамт гудамжаар явж байхад нь таарсан. Базаррагчааг архи уусан байхаар нь би түүнд та нар залуу хүмүүс архи их уухаа болиоч ээ. Ах нь буяны ажил гарчихаад байж байна гэх мэт зүйл ярилцаж байгаад хашаа руугаа орсон. Базаррагчаагийн эхнэр нь архи уусан байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хашаандаа ороод 5-10 орчим минутын дараа Базаррагчаагийн хуүхэд нь хашаанд гүйж орж ирээд “манай аавыг хүн хутгалчихлаа туслаарай” гэхээр нь түүнийг дагаад гудамжинд байх худаг дээр яваад очтол Базаррагчаа болон манай гудамжинд амьдардаг О нар худгийн булан дээр зууралдчихсан зогсож байсан. Хажууд нь Базаррагчаагийн эхнэр Дөлгөөн салгах гээд зогсож байсан. Намайг ойртоод очтол О-ын гарт хар өнгийн иштэй хутга харагдсан бөгөөд Базаррагчаа хутганаас нь барьж авах гээд зууралдаад нэгнийгээ хутгалчих гээд байхаар нь би О-ын гарнаас нь хутгыг булааж авч Базаррагчаагийн хүүхдэд нь өгөөд О Базаррагчаа хоёрыг дундуур нь орж салгаад шууд О-ыг чирч явсаар хашаанд нь оруулж өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Манайд буяны ажил явдал болж байсан болохоор завгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Осорын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7524 дугаартай “Х.Базаррагчаагийн биед баруун гарын сарвуунд шарх, уруулын зүүн буланд салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун гарын сарвууны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, уруулын салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.О-ыг шууд санаатайгаар хохирогч Х.Базаррагчааг шалтаг шалтгаангүйгээр цохиж, хутгаар зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Базаррагчаагийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.500.000 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд зарцуулсан 233.914 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч С.О-оос гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэв. Харин хохирогч Х.Базаррагчаагийн гар гэмтэлтэй байхад олох байсан орлого болон бусад нэхэмжлэлийн талаар холбогдох баримт нь хавтас хэрэгт авагдаагүй тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ойр дотны буюу эхнэр, хүүхдийнх нь дэргэд хохирогчийн биед шалтаг шалтгаангүйгээр хутгаар санаатай гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ нийтэд аюултай аргаар үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан Эрүүийн хуулийн тусгай ангид зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгчийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 26.5 см, үүнээс ажлын хэсэг нь 15 см урттай хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг С.О нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримт шинжлэн судлахад тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Соёд овогт С.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Отгонболдод 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас /8/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг тус тус журамлан С.О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.О-оос нийт 233.914 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун арван дөрөв/ мянга төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Базаррагчаа /РД:ХЙ86052776/-д олгож, уг хохирлыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Хохирогч Х.Базаррагчаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 26.5 см, үүнээс ажлын хэсэг нь 15 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ