Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 91

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 1 дүгээр баг, Бүс-Уулд оршин суух, Хайтал Хасбаатарын Ариунзаяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын 2 дугаар баг, Тамчид оршин суух, Урианхан Гаравын Мөнгөнбаярт холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ариунзаяа, хариуцагч Г.Мөнгөнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хасбаатар овогтой Ариунзаяа миний бие 1985 онд төрсөн. Гарав овогтой Мөнгөнбаяртай танилцаж, 2009 онд охин А.Тунгалаг, 2012 онд хүү А.Тамир нар төрсөн. Бид хоёр хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учир хүүхдүүдээ би өөрийн нэрээр овоглосон юм. Гарав овогтой Мөнгөнбаяр нь архи дарс ууж, зан ааш нь өөрчлөгдөж, гэр орондоо агсам согтуу тавих болсон, 2 хүүхдээ эргэж тойрдоггүй, 2012 оноос хойш одоо хүртэл би 2 хүүхдээ аваад тусдаа амьдрах болсон. Цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй тул охин А.Тунгалаг, хүү А.Тамир нарын эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Г.Мөнгөнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Ариунзаяатай суугаад суусан жилээсээ архи уугаад элдэв юм болдоггүй өөрийн мөрөөр л архи уудаг. Уг нь би энэ хүнтэй эргээд нийлэх санал тавьдаг. Манай бага төрснөөсөө хойш надаас хөндий өсч байгаа. Том хүүхдээ бол сайн танина, аавыгаа ч гэсэн сайн танина.  А.Тунгалаг, А.Тамир нар нь миний хүүхэд мөн. Би Х.Ариунзаяатай эргэж хамт амьдрах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.Ариунзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Ариунзаяа нь хариуцагч Г.Мөнгөнбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Мөнгөнбаяр шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т ...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэлийн талаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч Г.Мөнгөнбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А.Тунгалаг, А.Тамир нарын эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчид 2007 онд танилцаж, 2011 онд хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулалгүйгээр хамтран амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдөр охин Ариунзаяагийн Тунгалаг, 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүү Ариунзаяагийн Тамир нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, №0260779, №0000802286 дугаартай төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Урианхан Гаравын Мөнгөнбаярыг 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин, Ариунзаяагийн Тунгалаг, 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Ариунзаяагийн Тамир нарын эцгээр тогтоож, охин А.Тунгалаг, хүү А.Тамир нар нь төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид байсан, хариуцагч Г.Мөнгөнбаяр нь үр хүүхдээ тэжээн тэтгэхэд оролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй... хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Г.Мөнгөнбаяраас тэтгэлэг гаргуулан А.Тунгалаг, А.Тамир нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Мөнгөнбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунзаяад олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнгөнбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1.998.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.918 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, охин, Ариунзаяагийн Тунгалаг, 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, хүү, Ариунзаяагийн Тамир нарын эцэг нь Урианхан Гаравын Мөнгөнбаяр болохыг тогтоож, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан Ариунзаяагийн Тунгалаг, Ариунзаяагийн Тамир нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Урианхан Гаравын Мөнгөнбаяр /ДИ79031311/-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Мөнгөнбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ариунзаяад олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Мөнгөнбаяраас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 1.998.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.918 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН