Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 734

 

 

                                                           

 

 

 

 

 

 

     2020        09       08                                    2020/ШЦТ/727

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Анармөнх,

шүүгдэгч Б. Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Б.Г холбогдох эрүүгийн 2011 00000 0815 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-549 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-123б тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Гал овогтой Б.Г /РД:АЯ-95091411/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэгдсэнээр/

Яллагдагч Б.Г нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4-59 тоотын гадаа 66-61 УНЧ улсын дугаартай “Аллион” маркийн тээврийн хэрэгсэлд буюу такси үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ арын суудал дээр хохирогч Б.Энхжингийн гээгдүүлсэн 2,040,000 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би явсаар байгаад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал гэх газар очоод цаашаа хаашаа явахаа сайн мэдэхгүй уг залууг сэрээгээд гэрээ зааж өгөөрэй гэсэн. Тэгсэн нөгөө залуу  сэрээд миний тээврийн хэрэгслийн урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад гэрээ заагаад явсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Доод салхитын  4 дүгээр  гудамжны 59 тоот хашааны гадаа ирсэн. Нөгөө залуу таксины мөнгө хэд гарсан гэхээр нь 16.000 төгрөг гарсан байна гэхэд надад түрийвчнээсээ 20.000 төгрөг өгсөн. Би хариулт 3000 төгрөг байна гээд өгсөн чинь надаас илүү мөнгө авлаа гээд өөрийнхөө хоолой болон гадуур хувцасны өмдний халаасаа ямар нэг зүйл хайж байснаа миний гинж байхгүй байна гээд нэг хүн рүү залгаад асууж байснаа чи миний гинжийг авчихсан байна, гинжээ авъя гээд нэхээд байхаар нь би аваагүй гээд би хоёр хоорондоо маргалдаж байгаад цагдаа дуудъя гээд би өөрийнхөө 85758389 дугаарын утсаар 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр залуу хэн нэгэнтэй утмаар яриад байхаар нь би өөрийн тээврийн хэрэгслээс буугаад арын суудал эд зүйлээ хаясан байж магадгүй гэж бодоод үзэхэд шар өнгийн монетон гинж болон нүдний шил суудлын завсраар харагдахаар нь би гинжийг авах санаа төрөөд монетон гинжийг аваад цагдаа ирэхээс өмнө өөр газар рүү шидчихээд нүдний шилийг тэр залууд өгсөн...” гэх /хх-н 42-43х/,

Дамно ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ЧД2-20-539 дугаартай “... монетон гинж 2.040.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-н 21-22х/,

Хохирогч Б.Энхжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрээ зааж өгөөд явж байгаад гараа халаасандаа хийтэл миний монетон гинж өмдний халаасанд байхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө хувцаснуудын халаасыг шалгаж үзээд байхгүй болохоор нь таксины жолоочоос өөрийнхөө монетон гинжийг асуухад мэдэхгүй, би аваагүй гээд байсан. Замдаа би ахдаа гинж байхгүй талаар хэлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4-59 тоот гэрийнхээ гадаа ирээд нөгөө залуутай гинжээ асууж маргалдаж байтал таксины жолооч цагдаа дуудаж шалгуулъя гээд өөрийнхөө утаснаас цагдаа дуудчихаад хүлээх зуураа автомашинаас буугаад арын сандал дээр миний гинжийг хайж байснаа миний харааны шилийг өгөөд өөр зүйл байхгүй байна гэсэн. Тэгсэн удалгүй цагдаагийнхан ирээд тэр залуутай уулзаад удалгүй миний гинжийг надад олж өгсөн...” гэх /хх-н 6-7х/,

Гэрч Т.Сонинбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 4 дүгээр гудамжны харалдаа төв зам дагуу очиход хар өнгийн Аллион маркийн 66-61 УНЧ улсын дугаартай автомашинтай 2 залуу зогсож байсан. Тэгэхээр ны уг хоёр залуутай уулзаж дуудлагын талаар тодруулан, эд зүйлээ алга болгосон гэх Энхжин гэх залуутай уулзахад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гэрлүгээ хүргүүлж иртэл миний монетон гинж алга болсон байна гэсний дагуу таксины жолооч Г гэх залуутай уулзахад би уг гинжийг аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь хуулийн талаар тайлбарлаж, өөрөөс чинь өөр хүн байхгүй байна. Энэ хүн хэт их согтоогүй байна, эд зүйлийг авсан бол гаргаж өгөөрэй гэхэд тэр залуу би тэр гинжийг нь олоод авсан юм. Гинж хаана байгааг мэднэ, заагаад өгье гэж хэлээд автомашины зогсож байсан газрын хажуу хашааны хажуу талын өвснөөс гинжийг олж гаргаж өгсөн...” гэх /хх-14х-15х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Энхжинд учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад шүүгдэгч Б.Г нь биет байдлаар хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогч Б.Энхжингийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүх, шүүгдэгч Б. Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гал овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2.  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Г 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б. Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД