Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ган хийц” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/00230 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ган хийц” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох

 

Хөрөнгө оруулалтын зардалд 19 957 890 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батчулуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тэмүүлэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь анх 2001 онд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тамгын газрын барилгыг өөрийн 8 100 000 төгрөгийн болон дүүргийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж өгсөн юм. Улмаар уг барилгад хорооны зүгээс ямар ч засвар үйлчилгээ хийлгүй байж байгаад шинэ байрандаа нүүж орсноор уг байр ашиглалтгүй, эзэнгүй болж үлдсэн. 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр, мөн 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр манай компани нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай түрээсийн гэрээ байгуулж уг барилгыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон юм. Ингээд байрыг актаар хүлээж авахад иж бүрэн засвар үйлчилгээ хийхгүй бол ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт актад тусгагдаж, 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаар албан бичгээр түрээслэсэн эд хөрөнгөд 13 628 278 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаараа мэдэгдэж зохих зөвшөөрөл авч өгөхийг хүссэнээр хөрөнгө оруулалт хийж засварын ажлыг эхлүүлсэн юм. Хожим манай хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр уг барилгын балансын үнэлгээ 66 815 000 төгрөг болж өссөн байдаг. Ингээд бид үйл ажиллагаа явуулж байтал Нийслэлийн Засаг даргын болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын шийдвэр гарч уг байрыг актлаж нураасан. Иймд нэхэмжлэгчийн баримтаар тогтоогдсон хөрөнгө оруулалт болох 19 975 890 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газруудаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвабат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “Ган хийц” ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, мөн 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Харин түрээслэж байсан барилгыг Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын шийдвэр гарч данс бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн. Гэрээний 3.3-т зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхдээ Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авах ёстой байсан ба энэ зөвшөөрлөө аваагүй. Энэ талаарх холбогдох баримт манайд байдаггүй. Учир нь нэхэмжлэлийн утга хэсэгт орсон 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаар албан бичгээр түрээслэсэн эд хөрөнгөд 13 628 278 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх талаар манай байгууллагад ирүүлсэн гэх хүсэлт нь 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 001/12 дугаар гэрээ байгуулахаас цаг хугацааны хувьд өмнө нь явуулсан хүсэлт тул маргаантай холбогдуулан ойлгох нь хууль зүйн хувьд нийцэхгүй юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан хичнээн хэмжээний мөнгийг ямар баримтаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 587 тоот шийдвэрээр “Ган хийц” ХК-ийн нэхэмжлэлтэй Нислэлийн Засаг даргад холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны барилгад 32 600 000 төгрөгийн хөрөнгө оруулсан асуудлыг зохих дүрэм журмын дагуу баталгаажуулаагүй, баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Иймд хөрөнгө оруулалтын асуудлыг дахин шүүхээр хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “Ган хийц” ХК нь түрээсийн гэрээний 3.3-т зааснаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

      Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газраас 11 240 890 төгрөгийг гаргуулан “Ган хийц” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 717 000 төгрөгийн шаардлага болон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газраас 194 804 төгрөгийг гаргуулан “Ган хийц” ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын балансад бүртгэлтэй байсан  тухайн дүүргийн 7 дугаар хорооны хуучин барилгыг холбогдох улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгө актлах тухай 30  дугаар тогтоол гаргасан. Үүний дагуу мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/275 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хуучин барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зөвшөөрсөн шийдвэр гарсан. Эдгээр тогтоол захирамжийг үндэслэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/383 дугаар тушаалаар уг барилгыг данс бүртгэлээсээ хасахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт зөвшөөрсөн болно. Иймд нэхэмжлэгч нь дээрхи эрхийн актууд болон уг барилгыг бүртгэлээс хасч, акталсан асуудалд ямар нэг гомдол санал гаргаагүй бөгөөд маргаагүй болно. Гэтэл шүүх энэ талаар маргасан мэт дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамыгн газар “Ган хийц” ХК-ний хооронд байгуулагдсан 2011, 2012 оны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй зүйлийг шүүх өөрөө санаачилж, нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэрлэлээ. “Ган хийц” ХК нь 2001 оноос 2012 оны хүртэлх хугацаанд уг барилгад оруулсан гэх хөрөнгө оруулалт барилгын засварын 19 975 890 төгрөгийг л нэхэмжилсэн болохыг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн гэрээний асуудлаар маргаагүй болно. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 тоот захирамжаар баталсан "Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох хянан баталгаажуулах  бүртгэх түр журмыг иргэд, аж ахуй нэгж  байгууллага нь түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн хөрөнгөдөө их засвар хөрөнгө оруулалт хийхдээ дагаж мөрдөх журамтай. “Ган хийц" ХК нь энэ журмын дагуу уг барилгад засвар хөрөнгө оруулалт хийхдээ Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авч, хянаж баталгаажуулах, бүртгүүлэх зэрэг ажиллагааг манай газарт танилцуулж гүйцэтгээгүй. Энэ үндэслэлээр манай газар нь "Ган хийц" ХК-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

             Нотлох баримтын хувьд шүүх “Ган хийц" ХК-ийн хуульд заасан нотлох
баримтын шаардлага хангаагүй хугацаа, хэмжээ нь тодорхойгүй тухайн барилгад уг
баримтанд дурдсан барилгын материал нь орсон эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт
авагдаагүй баримтыг судалж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. “Ган хийц" ХК нь барилгын салбарт олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Энэ утгаараа “Ган хийц" ХК-ийн тухайн үед худалдаж авсан гэх барилгын материалыг бүгдийг нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны барилгад оруулсан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

             Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар
сарын 08-ны өдрийн 587 тоот шийдвэрээр “уг барилгад 32 600 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарласан боловч Нийслэлийн Өмчийн
харилцааны газраас зөвшөөрөл аваагүй болох мөн “Ган хийц" ХК нь уг барилгыг
актласанаас хохирол учруулсан гэж үзвэл үүнийг Нийслэлийн Засаг даргаас бус гэрээний
нэг тал болох Сонгинохайрхан дүүргээс шаардах боломжтой” гэж дүгнэсэн шүүхийн хүчин
төгөлдөр шийдвэр үйлчилж байгаа болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд дээрхи үндэслэлийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Ган хийц” ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдуулан хөрөнгө оруулалтын зардалд 19 957 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ган хийц” ХХК-иас нотлох баримтаар цуглуулж өгсөн зарлагын баримтуудыг эх хувьтай нь тулгаж шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байхаас гадна эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгожээ. /хх-ийн 78-109, 157 дугаар тал/

 

Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтад үзлэг хийх ажиллагаа бөгөөд энэ тохиолдолд шүүх хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулахаар зохицуулсан байна. Түүнчлэн энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулах хуулиар тогтоосон журмыг анхан шатны шүүх зөрчжээ.

 

Тодруулбал шүүх хуралдааны тэмдэглэлд “…зарлагын баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн авч ирсэн эх хувьтай тулгаж шинжлэн судлав” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд анхан шатны шүүх үзлэг явуулах тухай хуулиар тогтоосон журмын зөрчсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба аль хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар хохирол учруулсан, аль хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, хэнээс, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2017/00230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                  

                                              ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                Г.ДАВААДОРЖ