Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0208/З |
Дугаар | 221/МА2022/0362 |
Огноо | 2022-05-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2022/0362
Н.Аын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О,
Гомдол гаргагч: Н.А,
Хариуцагч: Татварын ерөнхий газар,
Гомдлын шаардлага: “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2022/0208/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Н.А нь Татварын ерөнхий газарт холбогдуулан “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Татварын ерөнхий хуулийг буруу тайлбарласан. Иргэн Н.А нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу “О” ХХК-ийн 2011-2020 хүртэлх 10 жилийн хугацааны улс болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн талаарх мэдээллийг гаргуулахаар Татварын ерөнхий газарт 2021 оны 5, 11 дүгээр сард хүсэлт гаргасан. Татварын ерөнхий газар Н.Аын дээрх хүсэлтийг судлан үзэж, Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр, мөн “11 дүгээр сард гаргасан хүсэлтэд уг асуудлыг урьд нь шийдвэрлэж, хариу өгсөн тул дахин хянах боломжгүй” гэх хариуг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газар Н.Аын хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгсөн байхад дахин шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Мэдээлэл өгөхөөс татгалзсан үндэслэлийн тухайд, хариуцагч Татварын ерөнхий газрын зүгээс татвар төлөгчийн мэдээлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль буюу Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т тус тус татвар төлөгчийн мэдээллийг ямар тохиолдолд, ямар субъектэд гаргаж өгч болохыг тодорхойлон зааж, бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг гаргаж өгөхийг хориглож, нууцлалыг хадгалах, задруулахгүй байх үүрэг хүлээсэн. Дээрх нарийвчлан зохицуулсан хуулиар зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон зохицуулалт үйлчлэх ёстой. Гэтэл шүүх Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан нууцад хамаарахгүй нээлттэй мэдээлэл учраас мэдээллийг өгөх ёстой гэж хэт өрөөсгөл дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн татварын албанаас гаргуулахыг хүсч буй “О” ХХК-ийн улс орон нутгийн төсөвт төлсөн татварын 10 жилийн мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйл ажиллагааны ил тод байх мэдээллийн ангилалд хамаарахгүй. Хамаарсан байлаа ч тухайн татвар төлөгчийн мэдээллийг өгч болохгүй гэж хуульд өөрөөр заасан.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 дахь хэсэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой харилцаа байх бөгөөд энэхүү зохицуулалтаар татварын албыг тухайн татвар төлөгчийн мэдээллийг ил тод байлгах үүргийг бий болгоогүй байна. Иймд нарийвчлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн мэдээллийг өгөхөөс татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
3.4. Түүнчлэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д мэдээллийн ил тод байдал нь 6.1.1-6.1.4-д заасан 4 төрөлтэй байхаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ...хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах чиглэлээр 7.1.1-7.1.10-д заасан мэдээллийг ил тод байлгахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл авах эрх мөн дээрх хүрээгээр хязгаарлагдах учиртай. Дээрх харилцаа нь төрийн захиргааны байгууллагын өдөр тутмын буюу үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал, тэдгээртэй холбоотой иргэн, хуулийн этгээд мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй холбоотой болохоос татварын алба татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын мэдээллийг ил тод байлгах, тухайн мэдээллийг хэн дуртай нь авах эрхийн тухай асуудал биш болохыг, хуулиар ялгамжтай харилцаа зохицуулсан болохыг шүүх анхаарсангүй.
3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
3. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Иргэн Н.А нь “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон.
3.2. Н.Аоос ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “О” ХХК-ийн төлсөн татвар, төлбөрийн талаарх мэдээллийг авахаар Татварын ерөнхий газарт хүсэлт гаргасны хариуд тус газраас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулсан харилцаанд хамаарахгүй, ... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон тул хүсэлтэд дурдсан мэдээллийг өгөх боломжгүй” гэх хариуг өгсөн, Н.Аоос хуулийн зохицуулалтыг тодруулан хүсэлтээ дахин гаргахад Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “... 06/1316 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн тул дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэх хариуг өгчээ.
3.3. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй байхаар хуульчилж, үүнд 11.1.1-д зааснаар тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл, 11.1.3-д зааснаар тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл зэрэг багтахаар тодорхойлсон, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглохоор зохицуулжээ.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзвэл “гагцхүү тухайн тусгай зөвшөөрлийг эзэмшигчид үүрэг болгосон заалт тул татварын албыг тухайн татвар төлөгчийн мэдээллийг ил тод байлгах үүргийг бий болгоогүй” гэж ойлгохоос илүүтэй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг нийтэд мэдээлж болохоор заасан гэж ойлгох бөгөөд энэ мэдээлэл нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан задруулахыг хориглосон татвар төлөгчийн мэдээлэлд хамаарахгүй тул хариуцагч гомдол гаргагчийн хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус, энэ тохиолдолд хариуцагч хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
3.5. Түүнчлэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зорилго нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Н.Аоос нийтийн өмчийг ашиглаж байгаа ашигт малтмалын компанийн татварын талаарх мэдээллийг гаргуулахаар хүсэлт гаргасан, Ашигт малтмалын тухай хуульд энэ талаарх мэдээллийг нээлттэй байхаар заасан, энэ тохиолдолд заавал гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахгүй тул хариуцагчийн “... энэ нь татварын алба татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын мэдээллийг ил тод байлгах, тухайн мэдээллийг хэн дуртай нь авах эрхийн тухай асуудал биш” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
3.6. Мөн анхан шатны шүүх хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр гомдол гаргагчид хариу өгснөөс хойш гомдол гаргагч хүсэлтээ тодруулж дахин гаргасны дагуу хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгийг хүлээн аваад шүүхэд хандсаныг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн, энэ талаарх гомдол үндэслэлгүй.
4. Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт гомдлын шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгаагаа бүрэн гүйцэд тусгаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гомдлыг хангахгүй орхилоо. Тодруулбал, гомдол гаргагч анх шүүхэд гомдол гаргахдаа болон шүүх хуралдаанд “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах...” гэж гомдлын шаардлагаа тодорхойлсон байх тул уг албан бичгийг хүчингүй болгож, Н.Аын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...14.1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэсний дараа “гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж” гэж нэмж, “... 09/42 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож” гэсний дараа “хүчингүй болгож,” гэж нэмж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-Оын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ерөнхий ШҮҮГЧ д.батбаатар
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН