Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

   Б.Гд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч С.Даваасүрэн,   

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гн өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Гд холбогдох 201725021300 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Баргамууд овгийн Батсүхийн Б.Г, Увс аймгийн Улаангом суманд 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засаг-менежмент мэргэжилтэй, “Ай Ти Ворлд Центр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 5 дугаар байрны 41 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 14-74 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ............................./

 

Б.Г нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14А байрны 29 тоотод У.Уыг гэртээ байхад нь “зээлсэн мөнгөө өгөхгүй, удаалаа” гэж зодон зүүн хацарын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зүүн доод хэсгийн зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

Б.Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч У.Уын 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Б.Г нь гэм буруугийн талаар маргаантай болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Гантулгыг гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй болно. Хохирогч У.У нь бусдад зодуулж байсныг харсан гэрч байхгүй. Үүнийг улсын яллагч өөрөө шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч “гэрчээр мэдүүлэг өгсөн Номинзул бол яг үзсэн харсан гэрч нь биш, уг үзсэн гэх охин нь байр түрээсэлж байсан бөгөөд нүүгээд явчихсан юм. Тэр охиныг асуугаагүй” гэж тайлбар хийсэн.

Хохирогч У.Уын мэдүүлэгт Б.Гтай 2017 оны 5 дугаар сарын 19-ний өглөө уулзахад /хх-6/ “Б.Г... хамт цагдаа явъя гэсэн, тэгэхээр нь би зөвшөөрсөн” гэж мэдүүлсэн байдаг. Б.Г үнэхээр У.Уыг цохьсон бол тэр үедээ хамт цагдаа явъя гэж хэлэх үү. Энэ бол хохирогчийн өөрийнх нь амнаас гарсан, түүнийг Б.Г цохьсон гэдгийг үгүйсгэх маш том нотлох баримт юм. Хохирогч У.У нь хавтаст хэрэгт авагдсан “АСАП” сангийн мэдээллээр хэд хэдэн дүүрэгт залилангийн хэргээр шалгагдаж байгаа хүн бөгөөд Б.Гд өртэй байсан болохоор түүнд зодуулсан дүр эсгэж мөнгө өгөх ёстой хүнийхээ эсрэг ийм арга сэдсэн байх боломжтой юм. Түүний мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Гэрч Баярсайханыг зүс танина гэсэн боловч ахтай нь гэрч Баярсайхан хамт ажилладаг байсан тул сайн танина. У.Уын мэдүүлснээр биеийн олон хэсэгт /нүдэнд 2 удаа цохьсон, гуя гэдэс рүү дэвссэн/ цохиулсан гэх боловч зүүн хацар хэсгээс өөр газруудад гэмтэл үүсч илрээгүй гэх зэргээс тэр хэр их үнэн хэлдэг хүн бэ гэдэг нь харагдана.

Мөн хохирогч У.У эхний /хх-6/ мэдүүлэгтээ “Би буугаад очсон чинь намайг гараараа нүүр лүү 2-3 удаа цохьсон, би газар унасан чинь дээрээс дэвсэж, гуяны хэсэгт өшиглөж дэвссэн, намайг босоод ирэхэд нүүр лүү дахиж 2 удаа цохьсон, байрны гадаа намайг түлхэж унагаад явсан” гэсэн бол хоёр дахь мэдүүлэгтээ /хх-8/ “би хувцсаа өмсөөд гарсан чинь орцонд намайг зодож эхэлсэн. Миний нүд рүү 2-3 удаа цохьсон. Мөн уруулны дээр цохьсон. Би цохиулаад газар унасан чинь миний гэдэс рүү хөлөөрөө дэвссэн. Тэгсэн чинь 2 дугаар давхрын охиныг гараад ирсэн чинь Б.Г намайг зодохоо больсон. Тэр охиныг гараад ирэх үед нь би шалнаас босчихсон байсан. Тэгээд гадагшаа орцноос гарсан. Байрны гадаа намайг, чамайг ална тална. Чи муу залилангийн хулгайч гэж баахан дарамталсан. Тэгээд байрны гадаа намайг түлхэж унагаасан” гэсэн бол гурав дахь буюу шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ “Хувцсаа өмсөөд гараад иртэл орцонд 2 давхарт миний зүүн хацарт цохьсон. Унасан байхад хэд хэд цохиод гуя гэдэс рүү дэвссэн бөгөөд охин гарч иртэл зодохоо болиод малгай авч өгсөн. Гадаа гарсан хойно түлхэж унагаад, шилэн хүзүү рүү цохьсон” гэж гурван өөр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна.

Харин шүүх хүралдаан дээр мэдүүлэхдээ “шүүгдэгч намайг цохиж байхад Баярсайхан ах нүдний буланд харагдахад нь би Баяраа ахаа гэж дуудсан...” гэдэг. “Баярсайхан гэрчтэй та ямар холбоотой вэ” гэсэн асуултад “манай байранд амьдардаг учраас таних болсон” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Гэтэл Баярсайхан нь У.Уын ахтай хамт ажилладаг байсан учраас танина гэж мэдүүлдэг. Мөн “тухайн үед таны хаана чинь гэмтэл учирсан бэ” гэсэн өмгөөлөгчийн асуултад “миний нүүрний баруун талд гэмтэл учирч хавдсан” гэж хариулсан. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд зүүн хацар, зүүн уруулд нь гэмтэл учирсан гэж тогтоосон байдаг.

Харин гэрч Баярсайхан нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ /хх-8/ “манай урд талын 14а байрны наад талд танил дүү У.Уыг... нэг бүдүүн, махлаг биетэй, сахалтай, бадриун байрын халзандуу, багахан үстэй залуу У.Уыг заамдчихсан нүүр лүү нь цохих шиг болоод түлхээд хэрэлдэж маргалдаад байсан... Ямар ч байсан намайг дөнгөж гараад ирэхэд У.Уын нүүр лүү нь цохих шиг болсон. Тэгээд дөхөөд очиход заамдчихсан түлхчихсэн байж байсан... Зүүн хацар хавьцаа нүүр нь шалбарчихсан байсан” гэсэн бол шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “энэ хоёр ямар ч байсан маргалдсан шинжтэй машины дэргэд байснаа салаад явсан. Би явж очоод У.Уаас юу болсныг нь асуухад түүний баруун талынх нь нүд хавьцаа шалбарсан байхаар нь цагдаа сэргийлэхэд нь өг гэж хэлчихээд яваад өгсөн. Би шүүгдэгч хохирогчийг цохиж байхыг хараагүй, барьцалдаж байхыг хараагүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг.

Б.Г хүндийн өргөлтийн төрөл “POWER LIFTING”-ээр хичээллэдэг ба ийм хэмжээний хүч чадалтай хүнээр тэгж их цохиулсан бол биений дээрх хэсгүүдэд гэмтэл үүсэхгүй байх боломжгүй юм.

Таньж олуулах ажиллагааг хийхдээ биеэр нь бус зургаар таньж олуулсан, тухайн үед шүүгдэгч Б.Г урт үстэй байсан байхад халзандуу гэж илт зөрүүтэй шинж тэмдэг нэрлэсэн. Мөн тогтоолын энэ хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг гарах үед урт үстэй байсан гэж мэдүүлсэн ба тухайн үеийн зураг гэж 2 ширхэг зургийг өгснийг баримтаар үнэлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “дээрх зургийг мөрдөгчид өгч, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж аваагүй, шүүх хуралдаанд оролцсон хохирогч, гэрч нар тухайн үед шүүгдэгчийг ийм урт үстэй байгаагүй” гэж мэдүүлсэн болно.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгож шалгуулах талаар Б.Г нь мөрдөн байцаагч болон прокурорт хүсэлт гаргаж байсан ба эдгээрээс зөвхөн үзсэн харсан гэх гэрчийг шалгах зорилгоор Номинзулыг л гэрчээр асуух хүсэлтийг хангаж шалгасан. Гэвч прокурор шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа Номинзул нь яг үзсэн харсан гэрч биш, өөр охин байсан тэрнийг асуугаагүй гэж хэлсэн.

Мөн энэ хэсгийн “4. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дурдсан хохирогчийн цохиулсан гэх хэсэгт буюу зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зүүн дээд хэсэгт гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон” гэж буруу дүгнэсэн. Шүүх хуралдаан дээр хохирогч болон гэрч У.У нар нүүрний баруун хацарт гэмтэл үүссэн гэж мэдүүлсэн байхад зориуд шинжээчийн дүгнэлттэй адил байсан мэтээр дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхдээ “гэрч Т.Баярсайхан шүүх хуралдаанд хохирогчийн баруун хацарт гэмтэл шарх үүссэн байсан гэж мэдүүлсэн нь цаг хугацаа өнгөрсөн учир андуурсанг үгүйсгэхгүй” гэж дүгнэснээр шүүх хэрэг асуудлыг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас байгаа нөхцөл байдлыг байгаагаар авч үзэж дүгнэх ёстой атал яллах талыг баримталж хавтаст хэрэгт авагдсан материал болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас хальж “цаг хугацаа өнгөрсөн учир андуурсан байхыг үгүйсгэхгүй” гэж илт буруу дүгнэлт хийсэн.

Тогтоолын тодорхойлох хэсэгт хэрхэн шийдвэрлэх, ямар хуулийг баримтлах талаар дурьдахдаа “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан тул” гэсэн хэсгийн “дордуулсан” гэсэн нь “дээрдүүлсэн” гэсэн Эрүүгийн хуулийн заалтын хэсгийг алдаатай бичсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Г гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч У.У, гэрч Баярсайхан нарын мэдүүлэг болон хохирогчийн бусдад зодуулсан талаараа гар утсаараа бэхжүүлэн авсан зураг, түүнийг бэхжүүлэн авсан тэмдэглэл зэргээр Б.Гантулгын үйлдэл тогтоогдсон. Мөн шинжээч эмчийн дүгнэлт байгаа учраас харсан, үзсэн гэрчгүй гэдгээр яллагдагчийг гэмт хэрэгт холбогдоогүй гэж хэлэх боломжгүй. Хохирогч хэдийгээр гэмт хэрэгт холбогдож байсан боловч шүүгдэгчийг хэрэгт гүтгэсэн гэж үзэх нь учир дутагдалтай. Б.Гд холбогдох хэрэгт эргэлзээ бүхий байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Б.Г нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14А байрны 29 тоотод У.Уыг гэртээ байхад нь “зээлсэн мөнгөө өгөхгүй, удаалаа” гэж зодон зүүн хацарын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зүүн доод хэсгийн зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч У.Уын “... 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрийн хаалга тогшихоор нь онгойлготол танил Б.Г миний баруун гуя руу тийрч унагаасан. Би босоод “чи байж бай, хоёулаа гарч уулзъя” гээд хувцсаа өмсөөд гарсан. Гэтэл орцонд намайг зодож эхэлсэн. Миний нүд рүү 2-3 удаа цохьсон. Мөн уруул руу цохьсон. Би цохиулаад газар унасан чинь гэдэс рүү дэвссэн. Тэр үед хоёрдугаар давхрын айлын охин гараад ирсэн чинь Б.Г намайг зодохоо больсон... орцноос гарсан. Байрны гадаа “чамайг ална, чи муу залилангийн хулгайч” гэж дарамтлан, түлхэж унагаасан. Тэр үед зүс таних Баяраа ах таарч “нүүр ам чинь яасан юм бэ” гэхэд энэ хүн гэрт ирээд намайг зодлоо гэж хэлсэн. Б.Г машиндаа суугаад явахдаа “Энэ эхлэл шүү, чамайг би хачин болгоно оо” гэж хэлээд явсан... Би 2013 онд өөрийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад 16,000 ам.долларын барьцаанд тавьсан. Зээлээ төлж чадаагүйгээс автомашинаа хураалгасан. Тус байгууллага “үлдсэн мөнгөө Б.Г гэх хүнд өг” гэсний дагуу хүлээн зөвшөөрч Б.Гтай 12,000,000 төгрөг төлөхөөр тохирч зээлийн гэрээ хийгдсэн. Одоо 5,500,000 төгрөг нэхээд, энэ асуудлаас болж намайг зодсон...” /хх-8/,

- гэрч Т.Баярсайханы “... 2017 оны 5 дугаар сарын 20-ны үеэр байх ажилдаа явах гээд байрны урд талын машины зогсоол руу явж байтал манай урд талын 14А байрны наад талд танил дүү У.Уыг нэг бүдүүн махлаг биетэй, сахалтай, бадриун байрын багахан үстэй залуу заамдчихсан нүүр рүү нь цохих шиг болоод түлхээд хэрэлдэж маргалдаад байсан. Тэр залуу машиндаа суугаад У.Уыг заналхийлэх аятай “чамтай үзнэ ээ” ч гэл үү, тиймэрхүү үг хэлчихээд яваад өгсөн. У.Уаас “Юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “Энэ хүнтэй тохиролцсон байгаа юм. Тэгсэн чинь намайг дарамталж зодлоо” гэхээр нь би “Хүнд асуудал байж болно. Гэхдээ хүнийг зодож дарамталж болохгүй. Шүүх, цагдаа байдаг юм. Чи асуудлаа зохих газраар нь шийдүүл” гэж хэлчихээд машиндаа суугаад явсан. Тухайн үед У.Уын зүүн хацар хавьцаа нь шалбарчихсан байсан. Түүнийг зодож цохьсон залууг харвал танина. Яагаад гэвэл миний таньдаг хүнийг зодож байсан тул сайн харсан...” /хх-49/,

- гэрч Т.Баярсайханаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-46-47/,

- хохирогч У.Уын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-106-113/,

- хохирогч У.Уын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6654 дүгээр дүгнэлт /хх-10/,

- Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх, Б.Гантулгыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Г нь хохирогч У.Уыг зодож гэмтээснийг харсан хөндлөнгийн гэрч байхгүй боловч хохирогчийн тогтвортой өгсөн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нар байрны гадаа маргалдаж байхыг харсан гэрч Т.Баярсайханы мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь хохирогч У.Уын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул өмгөөлөгч С.Даваасүрэнгийн “гэмт хэрэг нотлогдоогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлэгт хэргийн талаар ноцтой зөрүүтэй зүйл байхгүй, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл хууль зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин анхан шатны шүүх, тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх талаар дүгнэлт хийхдээ “... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж бичвэрийн алдаа гаргасан болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

М.ПҮРЭВСҮРЭН