Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2017/00086/и |
Дугаар | 100 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 100
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багт оршин суух, Мэндбаярын Ган-Очирт холбогдох
Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 617.864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Мэндбаяр овогтой Ган-Очир нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Мэндбаярын Ган-Очирын мөнгөн төлбөр болох 617.864 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Мэндбаяр овогтой Ган-Очироос дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ган-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мэндбаяр овогтой Ган-Очир нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй уншиж танилцсан. Тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Цэргийн штаб нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 617.864 төгрөг гаргуулахаар Мэндбаярын Ган-Очирт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч М.Ган-Очир нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 617.864 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 617.864 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.186 төгрөгний тал хувь буюу 9.583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 617.864 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Мэндбаярын Ган-Очир /ДС88112719/ нь нэхэмжилсэн 617.864 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 19.186 төгрөгний тал хувь буюу 9.583 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН