Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

  2020        09          08                                 2020/ШЦТ/733

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.А холбогдох эрүүгийн 2011 00998 0746 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа үсчин гоо сайхны газар ажилладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 5 дугаар бааз гудамж 1-1 тоот од оршин суудаг, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.А /РД:УП95012129/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.А нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо 34 дүгээр байрны 76 тоотод А.Анударьтай маргалдан  улмаар түүний үснээс нь зулгааж өшиглөн тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвуу долоовор, зүүн сарвууны дунд, чигчий хурууны хугарал, хуулрал, хоёр бугалга, зүүн тохой, шуун, нуруу, баруун тавхайд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анундарь тухайн үед биеэ авч явах чадваргүй байсан...”, “...Анундарь найз залуугаа хазаад, алгадаад агсам тавиад уурлаад байсан. Анундарь, Амарсайхан хоёрыг айл гэрт хэрүүл маргаан битгий хий, гэртээ очиж зодоон цохионоо хий гэтэл Анундарь намайг чамд ямар хамаатай юм гичий минь гэж хэл амаар доромжлоод Анундарь намайг үсдээд эхэлсэн. Тэгээд би Анундарийн үснээс зулгаагаад бид хоёр газарт унаад би хөлөөрөө өшиглөсөн. Хаашаа нь өшиглөж цохисныг мэдэхгүй байна. Тэгээд би миний үсийг тавихгүй намайг зуурч байгаад миний гарын шуунаас Анундарь хазаад байхаар би нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн...” гэх /хх-ийн 71х/,

Хохирогч А.Анундарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Нэг мэдсэн буйдан дээр суучихсан гадуур хувцсаа өмсөх гээд сууж байсан чинь Ариунзул миний үүргэвчтэй хар цүнхээр миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон энэ үед би тэвчээртэй сууж байсан.  Дахин миний нүүр хэсэгт 2-3 удаа дахин цохисон. Намайг цохиулахад харааны шил хагараад, шилтэй  минь давхар цохигдсон. Би биеэ хамгаалах гээд оролдоод дийлээгүй зууралдсан тэгтэл үснээс зулгаагаад дагз хэсгээр газарт шал мөргүүлсэн. Энэ үед Жанцанноров ойрхон хараад зогсож байсан. А миний үснээс зулгаагаад хоолой боогоод байсан тул гарыг нь тавиулах гээд А гараас нь хазсан. Аль гарыг нь санахгүй байна. Хамгийн сүүлд би гарыг нь хазаад салгах гэж байхад Жанцанноров салгах гэж оролдсон. Тэгээд би гүйж гараад хажуу хаалгыг нүдээд цагдаа дуудаад өг. Энд байгаа хүмүүс хар тамхи хэрэглэсэн байж магадгүй, намайг зодоод байна гэж хэлсэн...” гэх /хх-ийн 20х/,

Гэрч Т.Жанцанноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тэгээд бид дөрөв том өрөөний ширээ тойрч суугаад Амарсайхан бид архи ууж байтал Ану А  хараад хаанаасаа ямар янхан гичий дуудчихаад чи намайг явуулах гэлээ гээд уурлаад Амарсайханыг алгадаад байсан. Гэрт битгий хэрэлдээд бай гээд Амарсайхан, Ану хоёрыг яв гэтэл Ану нь Амарсайханыг дахин алгадаад байсан. Энэ үед А Ануг болиулаад эрэгтэй хүний толгой руу битгий цохио гээд хэлсэн би тагт нь дээр тамхи татчихаад орж ирсэн чинь Ану А аль гарыг нь санахгүй байна аль нэг гарын шуу орчмоос хазаад үснээс зулгаасан. А Ануг бас үснээс зулгаачихсан зогсож байхаар нь дундуур орж салгасан. Бусдаар бол хэн хэнийгээ яаж юугаар цохисныг би хараагүй. Ану А хоёрыг салгатал Ану гүйж гараад хажуу айлын  хаалга нүдээд цагдаа дууд гээд орилоод байсан...” гэх /хх-ийн 27х/,

Гэрч Ж.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Болсон явдлын талаар асуусан чинь Амарсайхан болон Амарсайханы найз Жанцан намайг зодоогүй. Найзынх нь найз охин нь намайг зодчихлоо гээд сууж байсан. Арай гэж зугтаж гарч ирлээ, хажуу айлын хаалга нүдээд цагдаа дуудсан. Тэр үед нүүр хавьцаа хөхөрсөн, 3-4 хумснууд нь хугараад цус гарчихсан, нэг хөлдөө Амарсайханы пүүзийг, нэг хөлдөө ягаан өнгийн углааш өмсчихсөн байсан. Энэ үед дүү Амарсайхан уурлаад чи такси барьсан юм уу, хямдхан буудалд очоод хоночиход яадаг юм янхан минь гээд Амарсайхан, Анударь энэ хоёр маргалдаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд Амарсайхан миний машины урд суучихсан, Анударь арын суудалд сууж байсан. Тэгсэн чинь Амарсайханы араас Анударь утсаараа толгой хэсэгт 1 удаа цохиод утсаа гараасаа алдаад утас нь миний суудлын хажууд газарт унасан. Тэгээд би машинаа зогсоох хооронд Амарсайханы толгой хэсэг болон нүүрэнд хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд би машинаа зогсоогоод тэр хоёрыг салгаад Амарсайханыг машины урд, Анударийг ард талд дахин суулгаад ус хайгаад явж байтал Анударь, Амарсайхан нар хэрэлдээд байсан. Тэгээд Анударь нь Амарсайханыг цохих гээд байхаар нь Амарсайхан, Анударийн 2 гарын шуу хэсгээс бариад хойшоо түлхээд арын суудал дээр ороод суусан. Тэгээд энэ хоёр хэрэлдээд л байсан. Нэг толиндоо харсан чинь Амарсайханы аль гарыг санахгүй байна шуу хэсгээс Анударь хазаад тавихгүй болохоор Амарсайхан нь Анударь хүзүү хэсэгт гарын тохойгоор тээглүүлээд түлхэж байсан. Тэгээд машинаа зогсоогоод дахин салгаад би уурлаад машинаас хөөсөн чинь Анударь “Би гэртээ харья намайг 10-р хороололд хүргээд өг” гэж хэлээд замдаа хоорондоо юм ярьж байгаад 10-р хороолол явахаа болиод Хужирбулан очъё гээд хүргэж өгөөд би хумснуудыг нь боож өгөөд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Даваасүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5114 дугаартай “...А.Анударийн биед тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацар хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвуу долоовор, зүүн сарвууны дунд, чигчий хурууны хумс хугарал, хуулрал, хоёр бугалга, зүүн тохой, шуун, нуруу, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37х/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Анударийн биед учирсан тархи доргилт, баруун нүд, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал,цус хуралт, зүүн сарвууны дунд, чигчий хурууны хумсны хугарал, хуулрал гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд дурдагдсан дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвуу, долоовор хурууны хумс хугарал, хоёр бугалга, зүүн тохой, шуун, нуруу, баруун тавхайд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тус тус тогтоогдохгүй, хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.А нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо 34 дүгээр байрны 76 тоотод А.Анударьтай маргалдан  улмаар түүний үснээс нь зулгааж өшиглөн тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, баруун сарвуу долоовор, зүүн сарвууны дунд, чигчий хурууны хугарал, хуулрал, хоёр бугалга, зүүн тохой, шуун, нуруу, баруун тавхайд цус хуралт, бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.А үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно. 

Хохирогч А.Анундариас гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүгдэгч Г.А 128,400 төгрөгийг гаргуулж хохирогч А.Анундарьд олгуулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.А сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.А 128,400 төгрөгийг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9-298 тоотод оршин суух А.Анундарь /РД:УЦ01230226/-д олгосугай.

5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.АРИУНБОЛД