Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 1 дүгээр баг, Баян-Өндөрт оршин суух, Дамчийн Гантөмөрт холбогдох

Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 396.152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дамчий овогтой Гантөмөр нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт, Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолын дагуу хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах болсон тул Дамчий овогтой Гантөмөрийн мөнгөн төлбөр болох 396.152 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 01-нд төлүүлэхээр мэдэгдэх хуудас өгөхөд уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул иргэн Дамчий овогтой Гантөмөрөөс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Гантөмөр миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 396.152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авсан. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг тушааж одоо үлдэгдэл 196.152 төгрөг үлдсэн. Үлдсэн дээрх төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Цэргийн штаб  нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 396.152 төгрөгийг гаргуулахаар Дамчийн Гантөмөрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Д.Гантөмөр нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 396.152 төгрөгнөөс 200.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан, одоо үлдэгдэл 196.152 төгрөгийг  төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй  бөгөөд  цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 396.152 төгрөгийг  төлөхөөр  хүлээн  зөвшөөрсөн  нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.535 төгрөгний тал хувь буюу 6.268 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 396.152 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Дамчийн Гантөмөр нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 196.152 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.535 төгрөгний тал хувь буюу 6.268 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар  зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин нэхэмжлэл  гаргахгүй болохыг дурдсугай.

                     

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН