Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 743

 

 

                                   

 

 

 

 

 

     2020       09          10                                  2020/ШЦТ/743

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ц холбогдох эрүүгийн 2002 00208 0828 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Баялаг Ундраа” төвийн 181 дүгээр лангуунд худалдагч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 50 айлын орон сууцны 2-31 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Б.Ц /РД:ХГ87021301/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ц нь иргэн Ү.Алтанцэцэгийн 2019 оны 12 сарын 5-ны өдөр Монгол улсын хил нэвтрэхдээ ашигласан E1077858 дугаарын гадаад паспортын 3 дахь талд дарагдсан “ 03-DEC-2019 BUYNT-UKHAA 0 27” гэсэн бичилттэй буюу Монгол улсаас гарсан хилийн дардсыг 2019 оны 11 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх

Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ү.Алтанцэцэг гэх хүн надтай утсаар холбогдоод “би Турк улсад харлачихсан юм. Монгол улсад амьдрахад хэцүү байна. Чамайг нэг хүнээс бичиг баримт дээр хуурамч дардас дарж чадна гэж сонссон. Чи надад нэг дардас дараад өгөөч” гэхээр үгүй, чадахгүй гэж хэлж байсан боловч дахин дахин залгаад гуйгаад байхаар нь “чи тэгвэл гадаад паспортоо 150 доллартой аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Чингэлтэй дүүргийн Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн урд талд уулзаж бичиг баримтыг нь мөнгөтэй нь аваад тухайн үед хөлсөлж явсан такси руу суугаад өөр нэгэн дардас дарсан гадаад паспортын дардас дарсан хэсгийг гаргаж ирээд хүнсний ногоо болох төмсийг голоор нь зүсэж байгаад нөгөө дардсыг төмсөнд цэвэрхэн хуулбарлаж аваад Ү.Мөнгөнцэцэг гэх хүний гадаад паспортын дардас дарах хэсэгт төмсөөрөө дарсан. Тэгээд тэр ногоон дардсыг гарсан он сарыг нь ногоон өнгийн фломастер ашиглан өөрчилж Ү.Алтанцэцэг гэх хүнд өгч явуулсан. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед ажилгүй, хоол ундны мөнгөгүй байсан учраас ийм зүйл сэтгэж хийсэн. Тэгээд маш их айж байсан болохоор дахин ийм гэмт хэрэг үйлдээгүй. Цаашид ч үйлдэхгүй байна...” гэх /хх-ийн 70-71х/

Таньж олуулах үйл ажиллагаа явуулсан тэмдэглэл, ажиллагааны гэрэл зураг / хх-ийн 14-16х/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 44-55х/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цогтнямбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Штампын улны тойрсон хүрээний тооны дараалал өөр өөр байдаг. Мөн гэр хэлбэрийн  бүслүүр хэсгийн 2 талын усан хээний хэмжээснүүд өөр өөр байдаг ба стандартын шаардлага хангасан ба зориулалтын тосоор цэнэглэдэг резинэн цохиур хэв юм. Штамп эзэмших, ашиглах, хадгалах журмыг  Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 1-ний өдрийн А/112 тушаалаар баталсан журмыг мөрдөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг учраас  зорчигчийн бичиг баримтыг шалгагч тус бүр нууцын бүртгэл дугаар бүхий штампыг ашигладаг ба ажилтан тус бүр нэг штамп ашигладаг. Хуурамчаар дарсан штамп бол харахад л ойлгомжтой, туршлагатай шалгагч нар бол хараад л танина. Манай байгууллагын зүгээс гомдол санал байхгүй...” гэх /хх-ийн 62х/

Гэрч Ү.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би анх Турк улс явж ирээд Турк Монголын зарын группэд өөрийн фэйсбүүк хаягаар нэвтрэн орж Саша Саша гэсэн хаягтай хүнтэй холбогдоод асуухад 200 доллар төлөөд хуурамчаар орсон гарсан гэсэн штамп буюу тэмдгийг дарж өгнө гэж хэлсний дагуу нэгэн эмэгтэйтэй Тэнгис кино театрын орчим уулзаад өөрийн ихэр болох Мөнгөнцэцэгийн гадаад паспортыг Монгол мөнгөөр 535,000 төгрөгийг тэр эмэгтэйд өгч  байсан. Тэгээд намайг хүлээж байгаарай гэж хэлж 20-30 минутын дараа миний ихэр Мөнгөнцэцэгийн гадаад паспортын 32 дугаар хуудсанд хуурамчаар Монгол Улсаас 2019 оны 12 сарын 3-ны өдөр гарсан гэсэн тэмдэг дарж өгсөн. Би тэр эмэгтэйтэй дахиж уулзаагүй. Тагнуулын газар шалгагдаж байхад Ц гэх эмэгтэйн зургийг харуулаад надаас мэдүүлэг авч байсан. Тэр эмэгтэй мөн байсан...” гэх /хх-ийн 64-64х/

Гэрч Ү.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Энэ хүн миний гадаад паспорт дээр штамп дарж надаас 535,000 төгрөг авсан хүний зураг мөн байна. Би энэ хүнтэй уулзаж байсан учраас царай төрхөөр нь сайн таньж байна. Өөр ямар нэг хүн хажууд байгаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 66х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд Шүүгдэгч Б.Ц Ү.Алтанцэцэгийн 2019 оны 12 сарын 5-ны өдөр        Монгол улсын хил нэвтрэхдээ ашигласан E1077858 дугаарын гадаад паспортын 3 дахь талд дарагдсан “03-DEC-2019 BUYNT-UKHAA 0 27” гэсэн бичилтэй буюу Монгол улсаас гарсан хилийн дардсыг 2019 оны 11 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бадамдорж овогтой Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч тамга, тэмдэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол , эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД