Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

                                                           

 

 

  2020         09           10                                 2020/ШЦТ/744

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхнүүд овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2011 00000 0811 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан, сийлбэрч мэргэжилтэй, “Бат-Ану Наран” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 78 байр 87 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөхнүүд овогт Б.М /РД:ФА92101951/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 15 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна Ц.Лхагвасүрэнтэй таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ажлынхаа хоёр залуу болох Баярмөнх, Амгалан-Эрдэнэ нартай уулзчихаад “Монел” худалдааны төвийн ойролцоо караокед сууж нийслэл нэртэй пиво 3, 3-ыг уугаад 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи мөн хувааж уугаад 21 цагийн үед тэндээс гарч такси аваад “КТМС”-ын хажуу талаас эхнэр Энхжаргал, дүү Ням-Очир нарыг аваад такси бариад гэр рүү явж байхад таксины жолооч 100 айлаар явах уу, Баянбүрдээр явах уу гэж асуухад нь би Баянбүрдээр явна, замаараа хүн авна гэхэд эртхэн хэлчихгүй гээд доог тохуу хийсэн янзтай байхаар нь жолоочийг чи үйлчилгээнд явж байж чимээгүй гэх маягаар хэлж байсан. Энэ үед Мөнх-Эрдэнийг Баянбүрдээс аваад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байрныхаа гадаа хүргүүлээд ингэж сонин харьцаад байгаа юм чинь чамд ер нь мөнгө өгөх алба байна уу гэхэд намайг элдвээр хараагаад байсан. Би жолооч залуугийн араас дагз хавьцаа гараараа 1 удаа цохичихоод буутал миний араас бууж ирээд намайг цохиж унагаад дээр нь гараад бие рүү нь цохиод болихгүй болохоор би нөгөө залуугийн үснээс зулгааж хажуу тийш унагачихаад босож ирэхээр би тухайн залуугийн нүүр тус газарт 1-2 удаа гараараа цохисон...” /хх-ийн 46х/,

Хохирогч Ц.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний шөнө харих замаараа халтуур хийж явсан. Баянзүрх дүүргийн Монелын ойролцоо зам дээр гараа өргөөд 2 эмэгтэй, 4 эрэгтэй гараа өргөөд зогсож байсан. Би тэд нарыг аваад 1 эрэгтэй, 1 эмэгтэй зам дагуу 805-ын харалдаа буулгаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо орчим хүргэж өгсөн. Хүргэж өгөх замдаа нутаг усаар минь бөөрөнхий хэлтэй гээд намайг цохисон залуу хэрүүл өдөөд байсан. Замдаа Баярбүрдээр явах уу, 100 айлаар явах уу гэтэл нөгөө залуу чи надаас илүү мөнгө авах гэлээ Баянбүрдээр чигээрээ яв гэж хэлээд би явсан. Тэгээд гэрийнхээ гадаа буухдаа таксины мөнгө болох 5400 төгрөг дүү гэх залуу дансаар шилжүүлсэн. Машинаас буухдаа миний толгой хэсэгт нэг удаа цохичихоод буусан. Тэгээд би араас нь бууж очоод чи уусан архиа шингээж чадахгүй байна уу гэтэл намайг нааш ир үзье гээд байсан. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэтэл машины урдуур хөл, гараа өргөөд явуулахгүй болохоор нь буугаад очтол миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би биеэ хамгаалаад тухайн залууг заамдаж билүү цохиж унагасан. Тэгтэл араас ах нь гэх залуу барьж аваад салгаж байх хооронд миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх /хх-ийн 5-6х/,

Иргэн Ц.Лхагвасүрэнгээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 1х/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ард чимээ гараад байхаар нь хашааны завсраар хартал дүү М доод талд нь жолооч залуу дээр нь суучихсан зууралдаад цохиж байхаар нь гарсан чинь хоёулаа босчихсон жолооч залуугийн нүд нь хавдчихсан, дүүгийн хувцас хунар шороо болчихсон зууралдаж байсан. Тэгэхээр нь жолооч залуугийн өмсөж байсан подволкноос нь татсан чинь урагдчихсан. Би гараараа хүзүүнээс нь татаад салгасан...” гэх /хх-ийн 12х/,

Гэрч Б.Ням-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд таксины мөнгийг мобайл банкаар төлчихөөд Мөнх-Эрдэнэ, Энхжаргал бид гурав түрүүлээд хашаа руугаа орж байсан. Тэгтэл ард чимээ гараад байхаар нь би гүйгээд гараад хартал М ах, таксины жолоочтой маргалдсан заамдалцаад газарт унасан байсан. Тэгээд ах Мөнхжаргалыг аваад хашааны хаалгаар оруулчихаад буцаад гараад иртэл таксины жолооч юм хэлээгүй яваад өгсөн. Таксины жолоочийн хамар нь хавдчихсан байсан...” гэх /хх-ийн 55-56х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8838 дугаартай: “...Ц.Лхагвасүрэнгийн биед тархи доргилт баруун нүдний дээд, доод зовхи, хацар хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх /хх-ийн 20х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд Шүүгдэгч Б.М 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 15 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны гадна Ц.Лхагвасүрэнтэй таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхнүүд овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнхжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД