| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0693/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 720
2020 09 03 2020/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч А.Золзаяа,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон Баянбөө овогт Ч.М, Чонос овогт Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000580010 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар рсг:д төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, соёл урлагийн менежер мэргэжилтэй, Монголын хөл бөмбөгийн холбоогд нарийн бичгийн даргын орлогч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЗС-53 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон Баянбөө овогт Ч.М, /РД:ЧТ74121105/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 2 охин 3 зээгийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Цэндгүний гудамж, ЗОа байр 28 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Ц.Б, /РД:ХМ66021567/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ч.М, Ц.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М ,Ц.Б нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, - Ч.М нь төрсөн дүү Ч.Мөнхбаярын эхнэр Б.Энхжаргалыг орчуулагчаар сарын 900.000 төгрөгийн үндсэн цалин олгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллуулах “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, дээрх хугацаанд Б.Энхжаргалд 19,636,400 /арван зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийн цалин олгож,
- 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын ахлах нягтлан бодогч Ц.Б-гийн төрсөн охин Г.Номинг тус театрт сарын 500.000 төгрөгийн цалин олгож, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээт гуталчнаар ажиллуулах 187 дугаартай тушаал гарган, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.Номинг тус театрт гуталчнаар сарын 450,000 төгрөгийн үндсэн цалин олгож, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллуулах “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Г.Номинд 8,159,100 /найман сая нэг зуун тавин есөн мянга нэг зуун/ төгрөгийн цалин олгож,
- Г.Номинг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/42 тоот тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн атлаа 2017 оны 03 дугаар сараас 06 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл 503,580 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 187,820 төгрөг нийт 691,400 /зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөг тооцон олгож,
- 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн соёл урлагийн газартай 01/24 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингис хааны нэрэмжит талбайд "Бест оф классик” сонгодог урлагийн тоглолт хамтран зохион байгуулахаар баталсан гэрээний дагуу уран бүтээлчдэд тус бүр олгохоор тусгасан мөнгөнөөс болон “Учиртай гурван толгой” сонгодог урлагийн тоглолт хамтран зохион байгуулахаар баталсан гэрээний дагуу уран бүтээлчдэд тус бүр олгохоор тусгасан мөнгөнөөс Г.Номингийн дансанд урамшууллын мөнгө гэж хууль бусаар 3,669,000 /гурван сая зургаан зуун жаран есөн мянган/ төгрөгийг шилжүүлж, тус тус өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл хийсэн болох нь
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөнг: “Дуурь Бүжгийн эрдмийн театрын дарга Мөнхзул нь миний нөхрийн төрсөн эгч байгаа юм. Тэрээр тус газрын дарга болсныхоо дараа миний санаж байгаагаар 2015 оны 08 дугаар сард миний бичиг баримт хэрэгтэй байна гэсэн би тухайн үед танд хэрэгтэй бол ав гээд иргэний үнэмлэхээ өгсөн, тэрээр тухайн үедээ орчуулгын мөнгө гаргах гэсэн юм гэж надад хэлсэн. Миний хувьд ямар ч бичиг баримтан дээр гарын үсэг зурж байгаагүй. Надад гадаад хэлний мэдлэг байхгүй, би орчуулга хийж мэдэхгүй. М эгч надаар орчуулга хийлгэхээр ямар нэгэн материал авчирч өгч байгаагүй. Худалдаа хөгжпийн банканд данс нээлгээд өг гэсэн. би бөхийн өргөө орчим байрлах тус банкны салбар дээр өөрийн биеэр очоод данс нээлгэж карт захиалсан. Карт гарсны дараа Мөнхзул эгч надаас авсан, түүнд уг карт байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 2, 14-15х/,
- гэрч Г.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Г.Номин нь манай байгууллагад огт ажиллаж байгаагүй. Гэрээт гуталчин нь театрын жүжигчдийн тайзан дээр гарахад хэрэглэгдэх гутлыг урагдаж ханзарсан тохиолдолд янзлах ёстой байтал манай жүжигчид дандаа өөрсдөө гутлаа янзалж өмсдөг байсан. Гуталчин нь үйлдвэр, тайз, гэрлийн ангид харъяалагддаг. Тэдгээр нь надаас өдөр тутмын ажилдаа ашиглах бараа, материал /цавуу, резин, савхи, будаг, оёдлын зүү, утас, хадаас, алх гэх мэт/-ыг шаардах хуудас бичиж аваад буцаагаад тайлагнах ёстой байдаг юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд би ямар ажилтан ажилд орсон талаар мэдэх ёстой. Гэтэл ийм асуудал нэг ч удаа гарч байгаагүй. Надаас ямар ч бараа материал авдаггүй байсан болохоор би мэдэхгүй байна. Мөн надад ямар ч тайлан тооцоо гэх зүйл өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 1, 22-25х/,
- гэрч Э.Шоовдорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Жүжигчдийн хэрэглэж байгаа хувцас, хэрэглэл, гутал зэргийг урагдсан, муудсан үед манай байгууллагын эд хариуцагч нар нь өөрсдөө оёж засаж янзлаад л өгдөг байсан. Нэг ч удаа манай гуталчин Г.Номингоор янзлууллаа гэж хэлж ярьж байгаагүй болохоор Г.Номин гэдэг хүнийг манай байгууллагад ажилладаггүй гэдгийг нь баттай мэдэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1, 26-27х/,
- Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2015 оны 09 дүгээр сарын 07- ны өдрийн 187 дугаартай тушаал: Үйлдвэр, тайз, гэрэл ангийн үйлдвэрлэлийн хэсэгт гуталчин нэн шаардлагатай байгаа тул Гансүхийн Номинг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал гэрээгээр авч ажиллуулах, Г.Номингийн сарын цалинг 500000 төгрөгөөр тооцож олгох /хх-ийн 1, 42х/,
- Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2017 оны 02 дугаар сарын 24- ний өдрийн А/42 дугаартай тушаал: Гэрээт гуталчин Г.Номинг өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажпаас чөлөөлсөн /хх-ийн 1, 43х/,
- Ажил гүйцэтгэх гэрээ: “Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.М нь Г.Номинтой 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд гуталчнаар 500,000 төгрөгөөр цалинжуулахаар, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд гуталчнаар 450,000 төгрөгөөр цалинжуулахаар гэрээ байгуулсан.” /хх-ийн 1, 44-51х/,
- Ажил гүйцэтгэх гэрээ: “Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.М нь Б.Энхжаргалтай 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээт орчуулагчаар 900,000 төгрөгөөр цалинжуулахаар гэрээ байгуулсан.” /хх-ийн 2, 50-53х/,
- Шинжээчийн 97 дугаартай: “...Номинг 2017 оны 02 дугаар сарын 24-ний А/42 тоот тушаалаар 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн боловч халагдсаны дараах 2017 оны 03-06 саруудад нийгмийн даатгалын шимтгэл болох хавсралтаар тооцсон төгрөгийн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварын тайланг тооцон тайлагнасан байна. Тухайн саруудад Номинд цалин бодогдож олгогдоогүй бодит хохирлыг тооцвол нийгмийн даатгалын шимтгэл 503,580 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 187,820 төгрөг нийт 691,400 төгрөг байна.” гэх дүгнэлт,
-Улсын ахлах байцаагчийн 2017.10.25-ны 08-02/05 тоот актанд: “Тус театрын Нийслэлийн соёл урлагийн газартай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01/24 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд чингис хааны нэрэмжит талбайд “Бест оф классик” сонгодог урлагийн тоглолт | хамтран зохион байгуулахаар гэрээг хавсралттай баталсан байна. Гэрээний хавсралтад 193 уран бүтээлчдэд тус бүр 120,0-1,000,0 мянган төгрөг олгохоор тусгажээ. Мөн учиртай гурван толгой сонгодог урлагийн тоглолт хамтран зохион байгуулахаар гэрээг хавсралттай баталжээ. Гэрээний хавсралтад 217 уран бүтээлчдэд тус бүр 100,0-500,0 мянган төгрөг олгохоор баталсан байна. Гэтэл тус Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.М, ахлах нягтлан бодогч Ц.Б нар нь 2016 онд уран бүтээлчдэд олгох урамшууллын мөнгөнөөс гэрээт гуталчин гэх Г.Номингийн дансанд урамшууллын мөнгө гэж хууль бусаар олгосон гэж хавсралтаар тооцсон 3,669,0 мянган төгрөгийг шилжүүлсэн зөрчил илэрлээ. Дүгнэлт: Акт үндэслэлтэй. Г.Номинд олгосон урамшууллыг Бест оф, Учиртай 3 толгой дуурьт өмссөн гутлуудад засвар хийхэд зарцуулсан гэх боловч I ажлын тайлан санхүүгийн баримтууд нь шинжилгээнд ирсэн баримтуудад байхгүй байна.”,
-Улсын ахлах байцаагчийн 2017.10.25-ны 08-02/08 тоот актанд: “Сар бүр тогтмол орчуулгын хөлс гэж шилжүүлдэг боловч орчуулга хийсэн тайлан, хүлээн авсан актгүй, гүйцэтгэл санхүүгийн баримтанд байхгүй байсан төдийгүй дуурь орчуулсан зэрэг орчуулгын хөлс давхар гарсан байсан. Ч.М, Ц.Б нар нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 187 тоот тушаал гарган гэрээт талчнаар Г.Номинг ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу нийт 8,159,1 мянган төгрөг, орчуулагч гэх Б.Энхжаргалд нийт 19,636,4 мянган төгрөгийн нийтдээ 27,795,5 мянган төгрөгийг сар бүр ажилласан эсэх нь баримтаар нотлогдохгүй байхад гэрээтийн хөлс гэж олгосон зөрчил илэрлээ. Дүгнэлт:Акт үндэслэлтэй.Б.Энхжаргал нь орчуулга хийсэн ажпын тайлан, хүлээн авсан акт, санхүүгийн баримтанд болон шинжилгээнд ирүүлсэн бусад баримтанд байхгүй байна. Г.Номин гутал зассан ажпын тайлан бараа материалын зарцуулалтын тайлан, санхүүгийн баримтанд болон шинжилгээнд ирүүлсэн бусад баримтанд байхгүй байна.” болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.М-ын Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар ажиллаж байхдаа тус театрын ахлах нягтлан бодогч Ц.Б-тай санаатай нэгдэж бүлэглэн, гардан гүйцэтгэн Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, ямар нэг гадаад хэлний мэдлэггүй өөрт хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Ч.Мөнхбаярын эхнэр Б.Энхжаргалтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан түүнд цалин олгож буй мэтээр төсвийн мөнгөнөөс авсан, мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын ахлах нягтлан бодогч Ц.Б-гийн төрсөн охин Г.Номинг тус театрт гэрээт гуталчнаар ажиллуулах “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаагүй байхад нь цалин олгосон, Г.Номинг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан атлаа нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг тодорхой хувь хэмжээгээр бодож олгосон, мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингис хааны нэрэмжит талбайд “Бест оф классик” сонгодог урлагийн тоглолт хамтран зохион байгуулахаар баталсан гэрээний дагуу уран бүтээлчдэд тус бүр олгохоор тусгасан мөнгөнөөс Г.Номингийн дансанд урамшууллын мөнгө хууль бусаар шилжүүлсэн зэрэг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Б-гийн Дуурь бүжгийн эрдмийн театрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус театрын захирал Ч.М-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, Ч.М-ыг хууль бус үйлдэл хийхэд нь санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлэн гардан гүйцэтгэж төсвийн мөнгөнөөс авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон тус тус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.М, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэж нийт 32.155.900 төгрөгийн хохирол учруулсан байх ба Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралд оролцогч нарын гаргасан мэдүүлэг, тайлбар зэргийг үндэслэн Ч.М-ыг нийт 19.636.400 төгрөгийн, Ц.Б-г нийт 12.519.500 төгрөгийн тус тус төлбөр төлнө гэж шүүх үзэв. Үүнээс: шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд хохирол төлөх завсарлага авч Ч.М нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тамгын газрын төрийн сангийн дансанд нийт 10.700.000 төгрөгийг, Ц.Б нь нийт 3.200.000 төгрөгийг хохиролд төлөхөөр тус тус байршуулсан байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б нь нийт 3.104.500 төгрөгийг төлж барагдуулсан болох нь бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тамгын газрын төрийн сангийн дансанд Ч.М-ын байршуулсан 10.700.000 төгрөгийг, Ц.Б-гийн байршуулсан 3.200.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт олгуулах, мөн Ч.М-аас нийт 8.936.400 төгрөгийг, Ц.Б-гаас нийт 6.921.500 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв..
Шүүгдэгч Ч.М, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо адил, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын ихэнх хэсгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлуудыг нь тус тус харгалзан тэдгээрийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор, үлдэх хохирлоо төлөх чадвартай эсэхээ нотолсон бичгийн баримтууд, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг үндэслэн нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзэн шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон Баянбөө овогт Ч.М, шүүгдэгч Чонос овогт Ц.Б нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.М, Ц.Б нарт тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг журамлан Ч.М, Ц.Б нарыг тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Ч.М-ын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байршуулсан 10.700.000, Ц.Б-ийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байршуулсан 3.200.000, нийт 13.900.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.М-аас нийт 8.936.000 /найман сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөг, Ц.Б-аас нийт 6.921.500 /зургаан сая есөн зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.М, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ