| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0726/Э |
| Дугаар | 750 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 750
2020 09 14 2020/ШЦТ/750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Д.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулууд овогт Д.Э холбогдох эрүүгийн 2011 01065 0768 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1060б тоотод оршин суудаг,
урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 4 сарын 28-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял,
Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 7 сарын 22-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 2 сарын 13-ны өдрийн 370А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,667,500 төгрөгийн торгох ял,
Баянзүрх дүүргийн 2008 оны 1 сарын 10-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил нэг сар хорих ял оногдуулж, ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөсөн, хэрэг хариуцах чадвартай, Хулууд овогт Д. Э /РД:ЛИ60122271/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Энх-амгалан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэчимэгийн хашааг янзлахаар гэрт нь очоод газар ухаж байгаад Сайхан-Учралаас молдокыг нь гуйж авахаар Эрдэнэчимэгийн гэрт орж молдокыг нь гуйсан чинь танай дүүд өгөхгүй гэдэг шалтгаанаас болж Сайхан-Учралтай маргалдаж байтал хажуугаас түүний нөхөр Мөнхсаруул голоор орж ирээд надтай зууралдахаар нь би уурандаа Мөнхсаруулын нүүр толгой орчим хэд хэдэн удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн...” гэх /хх-ийн 62-63х/,
Хохирогч М.Мөнхсаруул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 11-ний орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 19 цагийн орчим гэртээ эхнэр 4 хүүхдийн хамт даалуу тоглоод сууж байтал манай хадам аав Энх-амгалан нэлээн ууртайгаар манайд ганцаараа орж ирсэн. Орж ирэнгүүтээ молдокоо өгч бай гэхээр нь манай эхнэр Сайхан-Учрал молдокыг эзэнд нь өгчихсөн байхгүй гэтэл хадам аав молдокоо харамлалаа хүнээс гуйдаггүй юм шиг гэхээр нь эхнэр танай дүү нарт молдокоо өгөх албагүй гээд хэрүүл болсон. Гэтэл хадам аав уурлаж Сайхан-Учралын толгой руу нь гараараа нэг удаа цохихоор нь би голоор нь орж салгах гэтэл хадам аав миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би түүнтэй барьцалдаж аваад хамтдаа байшингаас гарсан. Гадаа гараад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж, цээж рүү гараараа, хөл рүү хөлөөрөө өшиглөж цохиод байсан. Би түүнээс өөрийгөө хамгаалаад гарыг нь хориглох гэж оролдож байсан. Энэ үед эсрэг талын гудамжнаас Эрдэнэчимэг, Болормаа, Ёндонгоо, Баатараа, Хулансайхан, нар манай хашаанд орж ирсэн байсан” гэх /хх-ийн 20х/,
Гэрч Э.Сайхан-Учрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхсаруул хүрч ирээд аавыг салгах гэж дундуур ороод аавд хэд цохиулах шиг болсон. Мөнхсаруулын хацар шанаа хэсэгт гэмтэл учирсан байж магадгүй. Дээрх гэмтлийг миний төрсөн аав Энх-Амгалан учруулсан...“ гэх /хх-ийн 29х/,
Гэрч Ц.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнхсаруултай Энх-амгалан л маргалдаж ноцолдоод байсан. Өөр хэн нэгэн Мөнхсаруултай ноцолдож ойртоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
Гэрч Ёндонжамц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Миний харснаар Э ах 2 удаа гараараа Мөнхсаруулын нүүр шанаа орчим нь цохиод байсан” гэх /хх-ийн 35-36х/,
Гэрч Э.Хулансайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э, Мөнхсаруул нарыг салгасны дараа харахад Мөнхсаруулын гараас нь цус шүүрээд, завжнаас нь цус гарч байсан...” гэх /хх-ийн 40-41х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 сарын 22-ны өдрийн №5972 тоот шинжээчийн: “...М.Мөнхсаруулын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн шанаа, эрүү, цээж, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон газар цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 45-46х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Д.Э 2020 оны 05 сарын 11-ны орой Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17-269 тоотод хүргэн М.Мөнхсаруултай маргалдан гараараа толгой руу нь цохих , хөлөөрөө өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хулуун овогт Д овогтой Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол эсэргыүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД