Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 726

 

2020         09          04                                   2020/ШЦТ/726

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Х.Г,

хохирогчийн өмгөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өлзийт овогт Халтарын Ганзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011010760686 тоот хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эмэгтэй, 35 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Мөрч.мн сайтад сэтгүүлч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 109-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өлзийт овогтой Х.Г /РД:ДД84111202/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Х.Г нь худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөрийн Х.Заяа нэртэй фэйсбүүк цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Нямбаатарыг “Нямбаатарын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү арга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт үйлдэл хийсэн болох нь: 

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г-гийн өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Х.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2015 онд Эрүүгийн хуульд шинэчилсэн найруулга хийж баталсан хуулийг 2017 онд өөрчлөлт оруулж, 2017 оны 7 дугаар арын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилсэн. Уг хуульд өөрчлөлт оруулахдаа Нямбаатар дээрх өөрчлөлтийг хийсэн гэж ярьж байсан. Би өөрөө нялх хүүхэдтэй хүн учраас бусад хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэж бичсэн...” гэх мэдүүлэг /хх-2,150-152х/,

- хохирогч Х.Нямбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Х.Заяа нэртэй фэйсбүүк аккаунтаас “Нямбаатарын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь л болно. Ийм новшнуудыг төрд дахин бүү гарга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж аавдаа гомд” гэсэн бичвэртэй, миний зурагтай пост нийтэлж, миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг фэйсбүүк сүлжээгээр дамжуулан олон нийтэд тараасан байсан. Миний хувьд тийм утга агуулгатай хууль санаачилж батлуулсан явдал огт байхгүй, ер нь тийм хууль Монгол Улсад байхгүй, би тийм зүйл хаана ч хэзээ ч ярьж байгаагүй. Ер нь бол 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” 1. “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт байгаа болохоос 14 настай хүнийг хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт энэ хуульд огт байхгүй. Урьд өмнөх буюу 1961, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүгдэд нь “Хүчиндэх” болон “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хоёр өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэн тусад нь зүйлчилж байлгасаар ирсэн байдаг. Намайг санаачилсан гээд байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл зүйл дээр 14 настай хүнийг хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт энэ хуульд огт байхгүй. Тэгээд ч би уг зүйлийг санаачилж батлуулаагүй. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг 2015 онд Улсын Их Хурал баталсан байдаг ба тухайн үед би Улсын Их хурлын гишүүн болоогүй байсан. Өөрөөр хэлбэл би тухайн хуулийг Улсын Их хурал дээр хэлэлцэж батлах үйл ажиллагаанд оролцоогүй. Иймд миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн хэрэгслээр /фэйсбүүк сүлжээгээр/ тарааж байгаад гомдолтой байна. Миний ажил болон хоббиг улс төржүүлэн бусдад илт худал мэдээллийг миний зургийг дур мэдэн ашиглаж элдэв дүрс хэлбэрт оруулан олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд тарааж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна. Буруутай этгээдийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-2, 79-83х/,

- шүүгдэгч Х.Г-гийн “Самсунг Нөүте-8” маркийн гар утсанд үзлэг хийсэн “...2020 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 22 цаг 6 минутад татаж авсан, 66.96 кв хэмжээтэй, 991x859 нарийвчлалтай, РВ-IMG-1589033806429.jрg гэсэн нэрээр хадгалагдсан Х.Нямбаатарын зурагтай “гаж донтнууд хууль зохиож баталсаар байх уу”, “14 настай охинтой бэлгийн харьцаанд орж болно...” гэсэн бичвэртэй 1 ширхэг зураг...” гэх тэмдэглэл /хх-1, 30-48х/,

-Монгол Улсын хууль тогтоомжийн түүхэн эх сурвалжид үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1, 19х/,

-2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийг Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны 1 дүгээр сарын 10, 2017 оны 2 дугаар сарын 7, 2017 оны 5 дугаар сарын 9, 2019 оны 10 дугаар сарын 3, 2019 оны 12 дугаар сарын 11, 2019 оны 12 дугаар сарын 12, 2019 оны 12 дугаар сарын 13, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хэлэлцсэн, Улсын Их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2017 оны 1 дүгээр сарын 12, 2017 оны 2 дугаар сарын 9, 2017 оны 5 дугаар сарын 11, 2019 оны 10 дугаар сарын 4, 2019 оны 12 дугаар сарын 13, 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 1 дүгээр сарын 3, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцсэн талаарх хуралдааны тэмдэглэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1, 79-101х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд  “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гээд 2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж тус тус хуульчилжээ.

шүүгдэгч Х.Г-гийн дээрх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан  “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх...” гэсэн эрхээ эдэлж, одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэсэн гэмт хэргийн төрлийг шүүмжилж, өөрийн “Х.Заяа” нэртэй хувийн цахим хуудаснаас олон нийтийн сүлжээгээр тараахдаа  Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж заасан үүргээ биелүүлэлгүй “Нямбаатарын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү арга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж бичиж  хохирогч Х.Нямбаатарыг уг гэмт хэргийн төрлийг шинээр санаачлан, Эрүүгийн хуульд тусгаж хууль тогтоогчоор батлуулсан мэтээр бусдад ойлгуулан нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ялын доод хэмжээний нэгжээр торгох шийтгэл оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдсан СиДи 2 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг, баримт бичигдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өлзийт овогт Х.Г-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-д 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт   заасныг тус тус журамлан Х.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ