Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 757

 

                                                           

 

 

 

 

 

 

     2020         09          17                                  2020/ШЦТ/757

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2011 00000 0874 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй,  “Улаанбаатар” их дэлгүүрийн дизайнер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 25 тоотод оршин суух хаягт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г.Б /РД:НЮ85040611/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Энхмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б нь  2020 оны 8 сарын 22-ны өдөр  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 25 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Энхмааг зодож эрүүл мэндэд нь  “...духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би их согтсон байсан. Орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 25 тоотод гэртээ ирэхэд манай эхнэр Б.Энхмаа болон хүүхдүүд унтаагүй сэрүүн байсан. Би эхнэрийнхээ хажууд очоод суухад, надаас архи, дарс муухай үнэр үнэртээд байна. Хол суу гэх зэргээр дургүйцсэн. Эхнэр надаас чи өмсөж явсан футболкоо яасан юм гэхээр нь би согтуурхаад ураад хаячихсан гэж хэлсэн. Үнэндээ ажлынхантайгаа ууж байхдаа хоорондоо барилдаад урсан. Тэгтэл эхнэр чи ингэж архи ууж байхаар архины эмчилгээнд яваач гэсэн. Тэгэхээр нь би уурлаад чанга дуугаар хуц солиор гэх зэрэг үг хэлсэн. Тэгтэл эхнэр цагдаа дуудлаа гээд гараад явахаар нь би цагдаа сэргийлэх гэж яваад яахав гээд гэрээс гарах гээд үүдэнд хувцсаа өмсөөд зогсож байтал эхнэр орж ирээд чи хаашаа явах гэж байгаа юм гээд намайг гаргахгүй гэж уурлаад намайг алгадахаар нь би уур хүрээд гараа атгаж байгаад эхнэрийнхээ нүүрэн тус газарт 2 удаа цохиж унагаасан...” гэх /хх-ийн 34-36х/,

Хохирогч Б.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 сарын 22-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 25 тоотод гэртээ том хүү Б.Билгүүнтөгөлдөр /эр-11/, хүү Б.Үйлстөгөлдөр /эр-5/, Б.Ирмүүнтөгөлдөр /эр-3/ нарын хамт байхад гаднаас манай нөхөр Г.Б нь согтуу орж ирээд шууд гэрийн гэрэл унтраачихсан. Тэгэхээр нь би гэрлээ асаа, юм хийж байна гэтэл гэрэл асаачихаад миний хажууд ирж суухаар нь түүнийг хартал нэлээн согтуу харагдахаар нь чи яасан их уучихсан юм бэ? гэтэл надаас холдоод орон дээрээ суусан. Тухай үед манай нөхөр гадуураа цахилгаантай цамц өмсчихсөн, түүний энгэр, цээж хэсэг нь тайлагдсан байсан ба дотуураа цээж нүцгэн байхаар нь түүнийг футболкоо яасан бэ? гэтэл сая хүнтэй маргалдаад зодоон хийсэн юм. Тэгэхээр нь би түүнд чи ингэж их архи ууж, хүнтэй зодолдож муудалцаж байхаар архины эмчилгээнд яваач гээд хэлчихсэн юм. Гэтэл нөхөр их уурлаад, над руу битгий солиор гээд чанга дуугарсан. Би түүнд хандаж чи архи ууж ирчихээд, над руу агсам тавиад, би цагдаа дуудлаа гэж хэлээд гэрээсээ гарч яваад цагдаа дуудалгүй, буцаад гэртээ орсон. Намайг ороход манай манай нөхөр буцаж гарах гээд үүдэнд зогсож байхаар нь би түүнийг чи хаачих гэж байгаа юм бэ битгий гар гэтэл урдаас зөрөөд байхаар нь би түүний цээж рүү нь цохисон. Би гэхдээ чанга цохиогүй, гаргахгүй гээд л хориглож зөөлөн цохисон. Тэгтэл бүр үгэнд орохгүй байхаар нь миний уур хүрээд түүнийг алгадчихсан юм. Тэгтэл чи намайг цохидог хэн бэ гээд миний духны баруун дээд хэсэг рүү, мөн зүүн нүдрүү гараа атгаж байгаад тус тус нэг удаа цохиж гэмтээчихээд гараад явчихаар нь цагдаа дуудаж түүнийг барьж өгсөн. Тухайн үед манай нөхөр миний нүд, дух хэсэгт тэр  даруй хавдсан. Маргааш нь манай нөхөр би архи хэтрүүлчихэж, гэрт ирэхээс өмнө нь хүнтэй муудалцаад тэр чигээрээ уурандаа ирээд ийм асуудал болчихлоо гээд надаас уучлалт гуйсан...” гэх /хх-ийн 12-13х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9677 дугаартай “...Б.Энхмаагийн биед духны зөөлөн эдийн няцрал, тасрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд Шүүгдэгч Г.Бг 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 25 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Энхмааг зодож эрүүл мэндэд нь  “...духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Г овогтой Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол , эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД