| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0662/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 729
2020 09 07 2020/ШЦТ/729
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Г-д холбогдох эрүүгийн 2011000000715 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 9-133 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Н.Г, /РД:ЕП81081118/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Долгоржавын өмчлөлийн “Самсунг Эс-6” загварын гар утасыг хохирогчийн гарт байхад нь шүүрэн өөртөө авч, булаан зугтаж нийт 90,000 /ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Д.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад ажлынхаа хүний гэрт очиж жоохон ууж байгаад орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-89 тоот гэртээ жоохон халамцуу ирсэн. Тэгээд унтах гэсэн хүзүү хөшөөд дотор муухай оргиод байхаар нь өөрийн танил манай гэртэй ойрхон байх Энхжаргалын 88757385 дугаарын утас руу өөрийн 88600383 дугаарын утас руу залгаад бариа хийгээд өгөөч, хүзүү хөөрөөд байна гээд дуудсан. Тэгсэн удалгүй Энхжаргал манай гэрт орж ирсэн ба миний нуруу, хүзүүнд иллэг хийж өгч байгаад спиртээр шавшихгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд бид хоёр 23 цагийн үед дэлгүүр орж спирт зарж байгаа талаар болон кофе авч ууя гээд 32-ын түц рүү хамтдаа явсан. Тэгээд 32-ын түцэн дээр ирээд тэнд түцэнд сууж кофе зардаг охины дугаарыг асуух гээд зам дагуу байх авто, масло зардаг жижигхэн түцэн дээр очоод худалдагч охины дугаарыг асуух гээд түцрүү шагайгаад гар утсаа хажуу талдаа ил гартаа барьсан зогсож байсан ба Энхжаргал миний хажууд зогсож байсан. Тэгээд байж байхад миний гарт байсан “Самсунг маркийн Эс-6 эджи” гар утсыг үл таних залуу гэнэт шүүрээд зугтаагаад гүйсэн. Тэгэхээр нь Энхжаргал бид хоёр сандраад тэр залуугийн хойноос хөөгөөд, гар утас аваад зугтаачихлаа гээд орилоод араас нь гүйсэн. Тэр үед тэр залуу 32-ын тойргоос хойшоо Дэнжийн 1000 чиглэл рүү далан дагаад гэр хорооллын гудамж руу гүйсэн. Тэгсэн тэр үед нэг цагаан өнгийн автомашинтай залуу тэр залуугийн зугтаж байгаа зүгээс гарч ирээд араас нь хөөгөөд бариад авсан. Тэгээд Энхжаргал бид хоёр тэр залуугийн араас явж байхад миний гар утсыг газар шидсэн байхаар нь би гар утсаа олж авсан. Тухайн үед би гар утсаа үзэхэд миний гар утасны дэлгэц хагарсан байсан. Тэгээд би тэндээсээ шууд гэрлийгээ харьсан... Гар утсаа би тухайн үед өөрөө олоод авсан. Угаасаа миний гар утасны дэлгэц хагарсан байсан. Өөр нэмж гэмтсэн зүйл байхгүй. Гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,
- гэрч С.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...21 цагийн үед гэртээ буюу ЧД-н 12 дугаар хороо Булгийн 1-966 тоотод нагац эгчийнхээ гэрт байж байхад манай эгчийн гэрийн хажуу талд байдаг Доогий гэх эгч миний 88757385 гэх дугаар луу залгаад ороод ирээчээ миний хүзүү хөөрөөд байна гэхээр за тэгье гэж хэлээд гэр лүү нь ороход хөөрсөн байсан тэгэхээр нь би спиртээр шавшиж бариа хийх гэсэн боловч Доогий /88600383/ эгчийн гэрт спирт байхгүй байсан тэгээд бид 2 хамт 32-н автобусны буудлын ТҮЦ орж ариутгалын спирт авахаар гэрээс нь гарч яваад 32-н автобусны буудлын ТҮЦ-ны цонхоор Доогий эгч худалдагчтай ярьж байхдаа гар утсаа бариад нурууныхаа ард талд 2 гараа байрлуулсан байсан харин би хажуу талд зогсож байхад нь Доогий эгчийн гартаа барьсан байсан гар утсыг нэг залуу өнгөрөхдөө гарнаас нь булаагаад ТҮЦ-ны ард талаар ороод далан руу ороод гараад Шороон замаар гүйж байгаад 32-н автобусны буудлаас Дэнжийн мянга руу явах засмал зам руу ороод гүйсэн харин бид 2 араас гүйж байхад хажуугаар нэг машин явж байгаад уг гар утсыг минь аваад гүйсэн хүнийг бариад авсан гэхдээ уг хүн нь Доогий эгчийн гар утсыг булаагаад гүйж байхдаа уг гар утсыг газарт шидчихээд цааш гүйсэн харин тухайн үед Доогий гар утсаа газраас аваад миний гар утас эвдэрчихлээ гээд орилоод байсан тэгээд л Доогий эгч тухайн үед дунд зэргийн согтолттой байсан болохоор утсаа газраас аваад гэр лүүгээ явсан тухайн үед цагдаагийн байгууллага дээр ирээгүй. Уг утас дээрэмдсэн гэх хүнийг барьсан гэх залуу нь өөрийгөө би цагдаа байна цагдаагийн хэлтэс рүү явъя гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
- гэрч Д.Жамъянпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад найзынхаа гэрт байж байгаад гэр лүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн саарал өнгийн “Субару форестор” загварын 45-98 УВР улсын дугаартай автомашинтайгаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул-2 захаас 32-ын тойрог руу ордог засмал замаар 32-ын уулзвараар эргэх гээд явж байхад миний хажууд байх түцнүүдийн хажууд 2 эмэгтэй гар утас булаагаад авчихлаа гээд орилоод гүйж байсан ба нэг цагаан цэнхэр судалтай подвалктай, нүдний шилтэй залуу автобусны буудал дээр байх түц ний арын далан гараад гэр гудамж руу гартаа нэг юм барьсан зугтаж байсан. Тэгэхээр нь би автомашинаа эргүүлээд тэр залуугийн араас хөөхөд тэр залуу гэр хорооллын гудамж руу орсон. Тэгээд би гар утас булаасан залуугийн араас гэр хорооллын гудамж руу ороход мухар гудамж таарсан ба тэр залууг тэр үед барьж авсан. Тэгээд уг залууг барихад гарт нь утас байгаагүй ба би тэр дор нь автомашиндаа суулгаад гар утсаа алдсан хүн дээр очиж уулзахад 2 эмэгтэй зогсож байсан ба гар утас булаасан залуу зугтаж явахдаа гар утсыг замдаа шидсэн байсныг олоод авсан гэсэн гар утсаа алдсан эмэгтэй гар утсаа барьсан зогсож байсан. Тухайн үед гар утас булаасан болон бусад хүмүүсийг аваад цагдаагийн байгууллага руу явах гэтэл гар утсаа алдсан эмэгтэй цагдаа руу яваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10х, 13-14х/,
-Дамно компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Г-ыг шууд санаатай, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.Долгоржавын “Самсунг Эс-6 Эдж” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авч дээрэмдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.Долгоржав нь хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгээрээ “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байх тул тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Н.Г-гыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, нийт 19 /арван ес/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ