Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 10

 

          Дорнод аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг “Н” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Дорнод аймгийн  М.Х.Г.т холбогдох, 

          Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн М.Х.Г.ын  Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Дутагдал арилгуулах тухай” 12-04-003-246  дугаар  албан шаардлага,  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” 12-04-003-37 дугаар акт, Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 тоот шийтгэлийн хуудас”, 12-05-031/95 тоот “Албан тушаалтны даалгавар”-ыг тус  тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н” ХХК -ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч М.Х.Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын байцаагч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Н” ХХК  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “МА” “МАК” компанийн хүсэлтээр Дорнод аймгийн М.Х.Г.ын даргын 2018 оны 11 сарын 16-ны 12/207 тоот хяналт шалгалтын удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг, Дорнод аймгийн М.Х.Г.ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч  С.Б ахалж,  Геологи, уул уурхай хяналтын улсын байцаагч И.Э, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Б, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч О.О, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.С, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Г.Э, Авто замын хяналтын улсын байцаагч М.Г нар “Н” ХХК -ийн үйл ажиллагаанд  шалгалт явуулж, 2018 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгийг үндэслэн 10.000.000 төгрөгийн торгуулийг оногдууллаа. “Н” ХХК  нь MV-001364 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 1998 оноос хойш эзэмшиж байгаа ба өнгөрсөн 20 жилийн турш уг тусгай зөвшөөрлийн талбайгаас Дорнод аймгийн Дулааны цахилгаан станц мөн аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нүүрсээр хангаж ирлээ. Энэ үйл ажиллагааг “А” ХК -тай хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл “А” ХК  нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийн хэрэгжилтийг “Н” ХХК -ийн өмнөөс холбогдох төр, захиргааны байгууллагын өмнө хариуцаж байсан. “А” ХК  нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнийг зөрчсөнөөс болж 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс “Н” ХХК  болон “А” ХК -ийн хамтын ажиллагаа дуусгавар болгосон. Үүргийн зөрчлөө арилгасан тохиолдолд цаашид үргэлжлэн хамтран ажиллахаар удаа дараагийн хуралдаанаар ярилцаж, албан бичгээр харилцсан боловч тохиролцоонд хүрч чадалгүй  2018 оны 10  сарыг хүргэсэн. Улмаар “Н” ХХК -ийн хувьд өөрсдөө олборлолт, борлуулалтын үйл ажиллагаагаа явуулахаар шийдвэрлэн банкнаас зээл хөөцөлдөн машин механизм, экскаватор түрээслэн 10 дугаар сарын сүүл үеэс олборлолт борлуулалтын ажиллагааг эхэлсэн.

          Ингээд тоймлон харвал 2018 оны санхүү үйл ажиллагааны жилд нэг сараас гурван сарыг дуустал буюу нэг дүгээр улиралд “А” ХК -тай хамтран ажилласан. 2, 3 дугаар улирал буюу 4 сараас 10 сарын дунд үеийг хүртэл уурхайд нүүрс олборлолт, хөрс хуулалтын ажлууд огт хийгдээгүй. 4 дүгээр улирлын эхний сарын дунд үеэс манай компани дангаараа шинээр ажилчид аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Компанийн хөдөлмөрийн харилцаа болон ХАБЭА, машин техник механизмын хувьд үйл ажиллагаа нь шинээр эхэлж байгаа харин тусгай зөвшөөрлийн талбай түүнд холбогдох байгаль орчин болон ТЭЗҮ зэрэг холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрүүд нь цоо шинэ биш олборлолт эхэлсэн 20 жилийн түүхтэй юм. Энэ байдлыг М.Х.Б-н холбогдох чиглэлийн байцаагч нар мэдэж байгаа бөгөөд “А” ХК  дээр хяналт шалгалтаар урд жилүүдэд  шалгаж байсан.

          Гэвч М.Х.Г.ын байцаагч нар нүүрэн дээрээ бид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ, торгох шийтгэхийг урьтал болгохгүй аюул осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж ярьж байсан боловч,  манай компаниас заавал зөрчил илрүүлэх даалгавартай мэт улайран тус компанид хамаарахгүй хуулийн заалтуудыг хамаатуулан гаргаж, илтэд хуулийг зөрчин торгох шийтгэлийг ногдуулж үйл ажиллагааг хаан зогсоолоо. М.Х.Г.ын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийж эхлэх үеэсээ хуулийг уландаа гишгэн зөрчиж, илтэд ашиг сонирхлын зөрчлүүдийг гаргасан.

       Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваарь халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. Мөн хуулийн 52.2-т Энэ хуулийн 52.1-д заасан иргэн аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт гомдол мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэж заасан байхад /МАК компанийн зүгээс ямар ч нотлох баримт ирүүлээгүй/ зөвхөн хүсэлтээр асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын байгууллага нэг талыг барьсан шийдвэр гаргаж асуудалд хандсаныг нотолж байна.

       Мөн хуулийн 52.3-т Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, ...удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ, 5.7-д  ...гүйцэтгэнэ гэж заасан байхад 12/207 тоот удирдамжинд заагдаагүй авто замын Хяналтын улсын байцаагчийг оруулж удирдамжаа зөрчин хяналт шалгалтыг явуулсан.

         Мөн 12/207 тоот удирдамжийн 8.1-т Хяналт шалгалтын дүнг аж ахуйн нэгжийн удирдлагад танилцуулж, МХГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох арга хэмжээ авч ажиллана гэснийг зөрчин бидэнд 2018 оны 12 сарын 05-ны өдөр 14 цагт шалгалтын дүнг танилцуулсан. Тэмдэглэл бичвэрийг гүйцэд хийж амжаагүй шалтгаанаар маргааш нь буюу 12 сарын 06-ны өглөө бидэнд өгөхөөр болсон. 12 сарын 06-ны өглөө бид ажлын хэсгийн ахлагч С.Б-д үйл ажиллагааг зогсоох үндэслэл болж байгаа /тэдний танилцуулснаар/ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлсэн   тухай   холбогдох   бичиг   баримтыг   гаргаж   өгсөн.   С.Б байцаагч материалыг  хүлээн  авч  бид  хуралдаж  асуудлыг  дахиж  авч  хэлэлцье,  та  бүхнийг дуудъя гэж хэлсэн. Гэвч тэр өдрөө дуудаагүй маргааш нь буюу 2018 оны 12 сарын 07-ны өдөр 15 цагийн үед дуудан үйл ажиллагааг зогсоох акт, албан шаардлага, танилцуулга зэргийг гардуулж өгсөн гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сард “А” ХК -ийн үйл ажиллагаанд “М” ХХК болон “А” ХК -ийн  ТУЗ-ийн гишүүн Б-ийн гомдлоор хяналт шалгалт хийж, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Үйл ажиллагааг зогсоох тухай” актаар “А” ХК  нь батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүйгээр “М” ХХК-ийн 14892 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлож байгаа үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зогсоосон байдаг.

        Мөн “М” ХХК, ХГСГЗ аль аль нь “Н” ХХК-ийг шалгуулахаар ирүүлсэн гомдолтойгоо  хамт зөрчил гаргасан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байхад хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг зөрчсөн. Гомдол үндэслэлтэй эсэхийг хянахгүйгээр ажлын 18 өдрийн дараа төлөвлөгөөт бус шалгалтыг хийж эхэлсэн.

         Өргөдөл гомдлын үндсэн дээр хяналт шалгалт хийсэн талаар акт, бичиг баримтын бүрдүүлбэр дээр тусгаагүй байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.4-т заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах”, мөн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй олон зөрчлийг “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт дээр дурдсан байгаа нь мөн хуулийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-т заасан “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шаардлагуудыг тус тус хангаагүй байгаа юм. Улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийх хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа, уурхайн үйл ажиллагааг зогсоох үндэслэл бүхий нөхцөл  байдал  үүсээгүй  байхад  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасан “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох...” гэсэн заалтыг хэрэглэн үйл ажиллагааг зогсоосон.

          Мөн давхардуулж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой  нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох” гэснийг үндэслэл болгосон нь эрх зүйн зөрчилтэй болж байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, ...прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно” гэж заасан. Тэгэхээр үйл ажиллагааг зогсоохын тулд прокурорын зөвшөөрлийг авах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авч, энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ”, 3-т “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны авсан эрх хязгаарлах арга хэмжээг хүчинтэйд тооцох эсэхийг даруй шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчин зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагааг зогсоож байгууллагад хохирол учруулсан.

          Мөн 2.12 кодтой Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын хуудсаар эрсдлийг 28.7 хувьтай бага, 74.79 хувьтай их гэж хоёр янзаар үнэлсэн. 2.23 кодтой Байгаль орчны хяналтын хуудаст тусгасан асуулгыг Улсын байцаагч нэг бүрчлэн үнэлэхгүйгээр гарын үсэг зурж, тэмдгээ дарж баталгаажуулсан. 2.24 кодтой Геологи уул уурхайн хяналтын хуудсаар их эрсдэлтэй үнэлсэн. Улсын байцаагчийн шалгалтын тэмдэглэлд нүүрсийг бага үнээр борлуулсан зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг зогсоох талаар дурьдаж бидэнд танилцуулсан нь М.Х.Б-н чиг үүрэгт хамааралгүй асуудлыг шалгасан байгаа юм.

         Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг  хамгаалах хязгаарлалтууд  орж ирдэг.  Хууль  зөрчсөн  үйл ажиллагааг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүргийг хүлээж байгаа учир төрийн албадлагын   арга  хэмжээг   хэрэглэдэг.  Иймд   албадлага  хэрэглэж   байгаа  албан тушаалтанд удирдлагын хяналтаас гадна прокурорын хяналт орж ирж байгаа юм. Гэтэл Улсын байцаагч нь үндэслэлгүйгээр, прокурорын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг  зогсоох  арга  хэмжээ  авсан  нь  хууль  бус  юм.  Шийтгэлийн  үндэслэлд “...Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Уулын ажлын төлөвлөгөө байхгүй, уурхай дээр байх бичиг баримт байхгүй нүүрс олборлон борлуулсан...” гэж дурьдсан байдаг. Бичиг баримт тухайн үед уурхай дээр байгаагүй нь үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй. “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт дээр дурдсан үндэслэл хэсэгт “ ...Байгаль орчин, хууль тогтоомж, стандартад зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийг арилгахыг шаардана. Түүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зогсооно...” гэж заасан байгаа юм. Хэрвээ дээрх нөхцөл байдал үүссэн бол удирдамжгүйгээр шалгалт хийж болно гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй гэдгийг өөрсдөө нотолж, гомдлоор төлөвлөгөөт бус шалгалтыг оруулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг М.Х-нболон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно” гэж заасан. Тэгэхээр тийм ноцтой байдал үүсээгүй гэдэг нь гомдол ирснээс хойш 10 гаруй хоногийн дараа шалгалт хийж байгаагаар нотлогдож байгаа юм.

         Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. М.Х-н Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 246 тоот албан шаардлага нь “Дутагдал арилгуулах тухай” гэж байгаа юм. Энэ албан шаардлага дээр  33 зөрчил дутагдлыг бичсэн байдаг. Заалт бүрээр нь харахаар 1 асуудлыг 2-оос 3 удаа давхардуулж бичсэн, мөн манай компанид хамаарахгүй хуулийн заалтуудыг хамж бичиж, аль болох олон зөрчил гаргасан мэт харагдуулах гэж хичээсэн нь илт байдаг. Давхардаагүй байдлаар авч үзвэл 31 заалт харагдахаар байгаа. Үл хамаарах 5 заалт байгаа юм. Иймд хуульд нийцээгүй албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа юм.

              Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно”, 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж заасан. Гэтэл Мэргэжлийн  хяналтын  газраас  2019  оны  01  дүгээр  сарын  07-ны  өдөр 02 тоот “Үйл ажиллагааг түр сэргээх тухай” акт гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт болон бусад холбогдох хуульд үйл ажиллагааг түр сэргээх гэсэн ойлголт байхгүй. Үйл ажиллагааг түр зогсоодог. Зөрчил арилсан тохиолдолд нээдэг, эсхүл зөрчил арилаагүй бол хаадаг, хүчингүй болгодог. Иймд эдгээр хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, С.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: “Н” ХХК  нь MV-0011364 дугаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т зааснаар ашигт малтмал ашиглах эрх авсан хуулийн этгээд учраас “тусгай зөвшөөрөл эзэмшигч” мөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал ...ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч “Н” ХХК -нд торгуулийн арга хэмжээ оногдуулсан болно. “Н” ХХК  2018 оны 10 дугаар сард нүүрс олборлохдоо зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөөгүй, газар, ус ашиглах гэрээгүй, түүнчлэн шаардлага хангасан техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежмент төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 35.3.7 дахь заалтуудыг зөрчиж, мөн хуулийн 36 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй. Иймд “Н” ХХК -нд хамаарахгүй хуулийн заалтуудыг хамаатуулан гаргаж, илтэд хуулийг зөрчин шийтгэлийг оногдуулсан”... гэсэн нь үндэслэлгүй юм.

         Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ ...тусгай зөвшөөрлийн талбай, түүнд холбогдох байгаль орчин болон ТЭЗҮ зэрэг холбогдох баримт бичгийн бүрдүүлбэрүүд нь цоо шинэ биш олборлолт эхэлсэн 20 жилийн түүхтэй юм. Энэ байдлыг М.Х.Б-н холбогдох чиглэлийн байцаагч нар мэдэж байгаа бөгөөд “А” ХК  дээр хяналт шалгалтаар урд жилүүдэд орж байхдаа шалгаж байсан ...  үйл  ажиллагааг  хаан  зогсоолоо” гэсэн  байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-д дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ, Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ашигт малтмал олборлох аж ахуй нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана” гэж тус тус заасан байна. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэдэн жил үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран жил бүр уулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагаар батлуулан түүний дагуу олборлолт явуулдаг бөгөөд уулын ажлын төлөвлөгөөгүй байсныг дурдсан. Мөн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 5 жил тутам тодотгол хийлгэхээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 4.13-д заасан байгаа “Н” ХХК -ийн MV-0011364 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 2010 онд техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийсэн, үүнээс хойш хийгдээгүй болно. Иймд нэхэмжлэлд дурьдсан тусгай зөвшөөрлийн талбай, түүнд холбогдох байгаль орчин болон техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ гэх/  зэрэг холбогдох төслийн гол баримт бичгийн бүрдүүлбэрүүд нь шаардлага хангахгүй байгаа юм. Хуульд заасны дагуу батлагдсан 2018 оны уулын ажлын төлөвлөгөөгүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зогсоох, шат дараалсан арга хэмжээ авах чиглэлийг МХЕГ-аас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/556 тоотоор ч ирүүлсэн байгаа. Иймд дээрх хуульд заасныг үндэслэн үйл ажиллагааг зогсоосон болно.

           Мөн М.Х.Г.ын улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.2-т заасныг тус тус зөрчсөн гэжээ. 

         Дорнод аймгийн М.Х.Г.т “МА” ХХК-ийн “ДМ” нүүрсний уурхайгаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/48 тоот албан бичгээр “Н” ХХК -ийг геологи, уул уурхай, авто тээвэр, технологийн зам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хэмжих хэрэгсэл, байгаль орчин, газрын харилцааны хяналтын чиглэлээр холбогдох байцаагч нарыг томилуулан, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд шалгуулах хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн тул дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1, 52.2-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын баримт бичгүүд нь газар дээрээ илэрсэн зөрчлөөр нотлогдож байгаа, хууль эрх зүйн үндэслэл бүхий тул нэхэмжлэлд бичсэнээр хуульд нийцээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргаж асуудалд хандсан гэснийг няцааж байна.

          Мөн 12/207 тоот удирдамжинд заагдаагүй авто замын хяналтын улсын байцаагчийг оруулж, удирдамжаа зөрчин хяналт шалгалтыг явуулсан гэжээ. Манай байгууллагад ирүүлсэн хүсэлтэд технологийн замын хяналтыг хийлгэхээр дурдсан байсан тул авто замын хяналтын улсын байцаагч ажилласан. “МА” ХХК-ийн “ДМ” нүүрсний уурхайгаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/48 тоот албан бичиг дээр цохолт хийж Авто замын хяналтын улсын байцаагч М.Ганбатыг томилсон баримтаар нотлогдоно. Харин тухайн удирдамж батлуулах 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Авто замын хяналтын улсын байцаагч М.Г нь  Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутагт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “ПДТ” ХХК-ийн ...талбайд хоёр хоногийн томилолтоор ажиллаж байсан учраас удирдамжинд тусгагдаагүй байсан. Хяналт шалгалтыг эхлэхдээ тухайн компанийн ерөнхий менежер Ш.Б, зөвлөх менежер Д.Г нарт шалгалтын удирдамжийг танилцуулж, авто замын хяналтын улсын байцаагч М.Г-ын нэр удирдамжид байхгүй байгаа шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн. Дараа нь албажуулан удирдамжинд нэрийг нь оруулсан. Тухайн үед компанийн ерөнхий менежер Ш.Б, зөвлөх менежер Д.Г нарын зүгээс удирдамжтай холбоотой, авто замын хяналтын улсын байцаагчийн талаар санал хүсэлт гаргаагүй болно.

           Мөн нэхэмжлэлд “үйл ажиллагааг зогсоох үндэслэл болж байгаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлсэн тухай холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн” гэж бичжээ. Хяналт шалгалтаар 2.23 кодтой  “Үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаанаас  байгаль  орчинд  нөлөөлөх  байдлыг  шалгах  хяналтын  хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан тул “их” эрсдэлтэй үнэлэгдсэн. 12 дугаар сарын  04-нд  тухайн  аж  ахуйн  нэгжийн  MV-001364А  тусгай  зөвшөөрөлтэй  талбайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн зөвхөн нүүр хуудсыг хуулбарлан ирүүлсэн. Үйл ажиллагааг зогсоосноос хойш тус аж ахуйн нэгж нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18/72 тоот албан бичгээр биелэлтийг гарган  үйл ажиллагааг сэргээх тухай хүсэлтийг МХГ-т гаргасан. Улсын байцаагч нар заалт бүрээр нь хэрэгжилтийг дүгнэн газрын даргад танилцуулж, уурхайн үйл ажиллагааг нээх боломжгүй талаар шийдвэр гарч, “Н” ХХК -д 2018 оны 12 дугаар сарын 13-ны 01/696 тоот албан бичгээр хариуг өгсөн болно.

           Иймд “Н” ХХК -иас гаргасан Дорнод аймгийн М.Х.Г.ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны 12/207 дугаар хяналт шалгалтын танилцуулга, Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12-04-003-246 тоот албан шаардлага, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12-04-003-37 тоот “Үйл ажиллагааг зогсоох тухай” акт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0165734 дугаар шийтгэл, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12-05-031-95 дугаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК болон ХГСГЗ-с ирүүлсэн хүсэлтийн дагуу М.Х-н байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэж, төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийнэ...” гэж хуульчилсан байдаг. Хүсэлтийн хамт нотлох баримтыг ирүүлсэн. Иймээс бид дээрх хоёр байгууллагын хүсэлтийг үндэслэж төлөвлөгөөт бус шалгалтыг М.Х.Г.ын даргын баталсан удирдамжтайгаар хийсэн. Удирдамжийн дагуу хяналтын 8 чиглэлээр шалгалтыг хийсэн. Ингээд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Мэргэжлийн хяналт шалгалтын стандартын дагуу шалгалтыг явуулж, бүх баримт бичгийг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс шалгалтын хугацааны асуудлыг хэлж байна. Энэ нь М.Х-н байгууллагаас шалтгаалаагүй. Шалгалтад хамрагдсан “Н” ХХК-ийн удирдлагууд байхгүй, Улаанбаатар хот руу явах, ирэх үйл ажиллагаанаас шалтгаалан цаг хугацааны хувьд олон хоногийн хугацаатай шалгалт хийгдсэн гэдгийг бид тайлбартаа тодорхой дурдсан. Хяналт шалгалт бодитой байх үүднээс тухайн байгууллагын удирдлагууд шалгалтанд биечлэн оролцох нөхцөлийг хангаж ажилласан.

          Нэгдүгээрт, шалгалтын явцад зөрчил илэрсэн. Тухайн зөрчлийг өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зүйл заалтаар нь гаргаж тавьсан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зөрчлүүд давхардсан гэдэг асуудал ярьж байна. Хуулийн хүрээнд бол давхардаагүй. Иймд бидний гаргасан зөрчил дутагдал арилгах тухай албан шаардлага нь хууль эрх зүйн үндэслэлтэй, газар дээр нь очиж шалгасан, нотолгоотой баримт бичиг учир нэхэмжлэгчээс гаргасан хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм.  

        Хоёрдугаарт, актын хувьд тухайн илэрсэн зөрчил дээр үндэслэж гарсан, акт тавих болсон гол нөхцөл нь “Н” ХХК  нүүрс олборлох уурхайн үйлдвэрлэл явуулж байсан. Уурхайн үйлдвэрлэл нь хянагдсан, батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдах ёстой байдаг. Гэтэл уг төлөвлөгөө байгаагүй учир үйл ажиллагааг зогсоосон. Газрын хэвлийн тухай хуульд батлагдсан зураг төсөл, төсөв, төлөвлөгөөний дагуу газрын хэвлийг ашиглахаар заасан байдаг. Иймд бид актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа юм.

          Гуравдугаарт, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байсан. Уулын ажлын төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан учир Зөрчлийн тухай хуулиар хууль ёсны шийтгэлийг оногдуулсан тул хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.  Дөрөвдүгээрт, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулсан байвал тухайн зөрчлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргах хуулийн үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны даалгавар гарсан. Иймд дээрх нэхэмжлэлийн дөрвөн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

          Яагаад эдгээр шаардлагыг гаргаж байгаа талаараа сая нэхэмжлэгч нилээн дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж байна. Үүнээс үзэхэд хуульд ганцхан нөхцлийг тавиагүй байдаг. Хуульд маш олон нөхцөлийг дурдаж өгөөд, эдгээр нөхцөлүүд зөрчигдсөн тохиолдолд ийм эрх зүйн шаардлага тавигдаж, ийм шийдвэр гарах ёстой гэж байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч зөвхөн өөрт үл тохирох нөхцлийг онцлон ярьж байна. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ямар нөхцөлд үйл ажиллагааг зогсоох ёстой вэ гэдэг дээр хууль тогтоомжийг зөрчсөн бол, зөвшөөрөгдөх дээд хэмжээг  хэтрүүлсэн  бол  гэх  зэргээр  нөхцөлүүдийг  тоочиж  заасан  байхад  зөвхөн ганцхан нөхцлийг авч үзэж тайлбарлаад байгаа харагдаж байна. Бид хуульд заасан нөхцлийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн учир хууль зөрчигдөөгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа. Тиймээс бидний энэ хяналт шалгалтын үйл ажиллагаа өнөөдрийн мөрдөгдөж байгаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Мэргэжлийн хяналт шалгалтын стандарт шаардлага бусад холбогдох хуулиудын хүрээнд үндэслэлтэй хийгдсэн учир бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

                                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Н” ХХК  нь Дорнод аймгийн М.Х.Г.ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/207 тоот Хяналт шалгалтын танилцуулга”  Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Дутагдал арилгуулах тухай”  12-04-003-246 дугаар албан шаардлага[1], 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай 12-04-003-37 дугаар акт[2], Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 тоот шийтгэлийн хуудас[3], “Албан тушаалтны 12-05-031/95 тоот даалгавар”[4] зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шалгах ажиллагааны явцад “Хяналт шалгалтын танилцуулгыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж[5], шүүхээс М.Х-нУлсын байцаагчийн 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 тоот шийтгэлийн хуудас, 12-05-031/95 тоот “Албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах зөрчлийн хэргийг тусгаарласан болно. 

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          М.Х.Г.ын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12/207 тоот удирдамжийн[6] хүрээнд MV-00136АА дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Н” ХХК -ийн үйл ажиллагаанд холбогдох хуулиуд болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан, “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч С.Б ахалж, Геологи уул уурхайн хяналтын Улсын байцаагч, Байгаль орчин геодези зураг зүйн хяналтын Улсын байцаагч, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч, Хэмжил зүйн хяналтын Улсын байцаагч, Авто тээврийн хяналтын Улсын байцаагч, Авто замын хяналтын Улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь “Н” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ш.М, хуулийн зөвлөх Д.Г нар болон холбогдох мэргэжилтэнг байлцуулан, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс  11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хяналт шалгалтыг хийж, “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлага, “Үйл ажиллагааг зогсоох тухай акт” зэрэг захиргааны актыг гаргасан байна. Нэхэмжлэгч тал нь маргааны үндэслэлээ: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3. “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасныг зөрчиж  шалгалтыг явуулсан, ...12/207 тоот удирдамжид заагдаагүй авто замын хяналтын улсын байцаагчийг нэмж оруулсан, ...албан шаардлагад заагдсан  33 шаардлагаас,  ...18, 19 дүгээр шаардлага[7] нь хамааралгүй,  ... уурхайн үйл ажиллагааг  зогсоох үндэслэл байдал үүсээгүй байхад үйл ажиллагааг зогсоосон гэжээ.

       М.Х-нУлсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын  04-ний өдрийн “Дутагдал арилгуулах тухай” 12/04/003-246 дугаар  албан шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “Н” ХХК -д 2018 оны 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд, аймгийн М.Х.Г.ын 12/207 дугаар удирдамжийн хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба Кадастрын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Агаарын тухай, Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Авто тээврийн тухай, Авто замын тухай хуулиуд болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангуулах, зөрчил дутагдал арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус компанид хяналт шалгалтыг явуулж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг үндэслэн, “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагыг хүргүүлж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасны дагуу шаардлагын хэрэгжилтийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлэх, ... дурьдсан хугацаанд албан шаардлагын хариуг ирүүлээгүй тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасны дагуу арга хэмжээ тооцох[8] талаар анхааруулсан  байна. Дээрхи албан шаардлагын үндэслэлийг тодруулбал:  

         1. Байгаль орчны хяналтын чиглэлээр: - Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж уурхай дээр байлгах,  2018 оны ... байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр батлуулж мөрдөж ажиллах,  ...байгаль орчинд гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэх, ... Хэрлэн сумаас 20.58 га,  Баянтүмэн сумаас  53.4 га “пүү” байрлаж байгаа 1 га газарт  газар эзэмших зөвшөөрөл авч, гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, Аж ахуйн нэгжийн хаягийн самбарыг стандартын дагуу байрлуулах, Хог хаягдлыг эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж, зориулалтын цэгт төвлөрүүлэх, Газрын төлөв байдал чанарын хянан магадлагааг  эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх.

        2. Геологи, уул уурхайн хяналт: - Ашигт малтмал ашиглах техник эдийн засгийн үндэслэл, ...зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын “шав тэмдэг” тавьсан акт, ус ашиглах гэрээг  уурхай дээр байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж ажиллах, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрс олборлох үйл ажиллагаа явуулах, Уулын инженертэй болох, Маркшейдерийн хэмжилтийн багажтай болох, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг гаргах, уулын ажлын 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөөг тус тус баталгаажуулах.

          3. Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт: -Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд эрүүл ахуйн хэмжилт, шинжилгээ хийж, ...эрсдэл тооцож ажиллах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд итгэмжлэгдсэн, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлж, үр дүнг тооцож ажиллах, Нүүрсний уурхайн ажилчдыг усанд орох, гар угаах, хувцас солих, ажлын хувцас угаах, бие засах зэрэг эрүүл ахуйн шаардлага хангасан ахуйн байруудыг байгуулах,  Анх ажилд орж буй ажилтанг эрүүл мэндийн үзлэгт оруулдаггүй, нийт ажилчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулахдаа  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 тоот тушаалаар батлагдсан “эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгийн журам”-ын дагуу хамруулж, үр дүнг тооцож ажиллах, Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлэх,

         4. Авто замын хяналт: - Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг тогтоосон хугацаанд хийх, Хөдөлгөөний аюулгүй байдал хангах тэмдэг, тэмдэглэгээг стандартын шаардлагын дагуу нийт замын уртад байрлуулах, Авто замын зурвас газрыг эзэмших, батлагдсан чиглэлийн дагуу маршрут батлуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах,

          5. Хөдөлмөрийн хяналт: - Эрх бүхий сургалтын байгууллагатай хамтран хөдөлмөрийн  эрсдлийн  үнэлгээг  байгууллагын  эрсдэл  бүхий  газар,   бусад  газарт

хийлгэх, Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг сургалтанд хамруулах, Галын аюулгүй байдлыг хангах дотоод журам боловсруулж мөрдүүлэх, гал унтраагуурын бүрэн бүтэн байдалд баталгаажуулалт хийх, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс байгуулах, Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулах

       6. Хэмжил зүйн хяналт: - Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах журам, төлөвлөгөө батлуулан хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдалд хяналт тавих, талаар бүрэн тусгаж биелэлтийг гарган, байгууллагын дотоод хяналтыг тогтмолжуулах,  Автомашины жин шалгах эталон туухайтай болох,

          7. Тээвэр /авто өргөх механизм/-ын хяналт: - Тээврийн хэрэгслийн ил зогсоолууд нь галын цэг, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр хангуулах, зогсоолд гал түймэр гарсан үед машин техникийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх схемийг орох, гарах хаалганд байрлуулж, зогсоолд аюулгүй зогсох тэмдэг, тэмдэглэгээг хийлгүүлэх арга хэмжээг авах,  Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ засвар хийх зориулалттай байртай болох, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу  дотоод  хяналт  шалгалтыг  зохион  байгуулах  журам  батлуулан  мөрдөж  ажиллах, хуулийн хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх” зэрэг дээрхи чиглэлээр албан шаардлагыг хүргүүлсэн байна.

         Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...дээрх албан шаардлагааар 33 зөрчил дутагдлыг бичсэн байгааг заалт бүрээр нь үзэхэд 31 заалт,  мөн 18, 19[9] дүгээр заалтыг ...авто замын хяналтын чиглэлийн шаардлагын тухайд  “уурхайн дотоод   хэрэгцээний  авто   зам  бол   мөргөцөгөөр  явдаг  нэг  л  замтай,  тэнд  салаа зам үүсэх боломжгүй, хамгаалалт хийгдсэн байгаа, ... биднийг олон зөрчил гаргасан мэтээр харагдуулж байна гэснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...дутагдал, зөрчлүүд нь хуулийн хүрээнд  давхардаагүй, ...12/207 тоот удирдамжинд заагдаагүй авто замын улсын байцаагчийг нэмж оруулахдаа,   ...“технологийн замын хяналтыг хийлгэх”-ээр ирүүлсэн хүсэлтийн дагуу, Улсын байцаагч ажилласан бөгөөд удирдамж батлуулах үед “ПДТ” ХХК-ийн 19-р талбайд хоёр хоногийн томилолтоор[10] ажиллаж байсан учраас дараа нь албажуулан нэрийг нь оруулсан, энэ талаар нэхэмжлэгчид танилцуулсан, ... тухайн үед удирдамжтай холбоотой санал хүсэлт гаргаагүй хэмээн тайлбарласан болно.

        Нэхэмжлэгч “Н” ХХК  нь MV–001364 дугаар бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 1998 оноос эхлэн эзэмшиж, тусгай зөвшөөрлийн талбайгаас  “А” ХК -тай хамтран ажиллах гэрээний хүрээнд  Дулааны цахилгаан станц болон аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нүүрсээр хангаж  ирсэн бөгөөд, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс “А” ХК -тай хамтран ажиллах гэрээ дуусгавар болж улмаар “Н” ХХК  нь 2018 оны 10 дугаар сараас өөрсдийн хүчээр олборлолт борлуулалтын үйл ажиллагааг, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д заасан ашигт малтмал ашиглах эрхийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа учраас, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл”, 35.3.2. “ашигт малтмал ашиглах, техник эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 35.3.3 “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 35.3.4. “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 35.3.6 “уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт” зэрэг баримт  бичгийг уурхай дээрээ байлгах үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Шүүхийн үзлэгээр[11]: нэхэмжлэгч нь  ...уурхайн техник  эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ гэх/ баримтыг гаргаж ирсэн боловч  ...ТЭЗҮ нь 2011 онд батлагдсан 5 жилийн эрхийн хугацаа нь дууссан байсан, хариуцагч нь ТЭЗҮ хийлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч тал ...  хийлгэх талаар хөөцөлдөж хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн байдалтай байсан ..., хариуцагч  уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй, шав тэмдэг тавьсан тэмдэглэгээ,  ...талбайн зүүн урд талын тэмдэг байхгүй байсан талаар үзлэгийн тэмдэглэл, баримтыг хавсаргасан болно.

       Иймд “Н ”ХХК нь бие даасан уурхайн олборолтын үйл ажиллагааг  явуулахдаа, ...хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж, холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангаж ажиллах үүрэг зүй ёсоор тавигдах юм. Улсын байцаагчийн “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагын агуулга нь ...эрсдлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгыг агуулж  ...хойшид ажиллах  арга замыг тодорхойлж өгсөн агуулга бүхий шаардлагын дагуу тус компани үүргээ ухамсарлаж хуулийн шаардлага бүхий баримт, сэлтийг бүрдүүлэх талд ажиллаж, зарим нь хүлээлтийн шатанд байгаа талаархи тайлбар, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаа, ... албан шаардлага нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болж  дараагийн шатны үйл ажиллагаа нь явагдах боломжтой байсан байна.

         2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12-04-003-37  “Үйл ажиллагааг зогсоох тухай” актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “Н” ХХК -д ...12-04-003-37 дугаар актаар тус компанийн үйл ажиллагааг 2.23 кодтой “үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар үнэлэхэд “их”, 2.6 кодтой “их” уурхайн үйл ажиллагаа, хяналтын хуудас” Газар эзэмшил ашиглалтад 2.12 кодтой “газар өмчлөгч эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах хяналтын хуудас”-ын 74.7[12] “их”, 2.24 кодтой “Маркшейдерийн ажлыг шалгах хяналтын хуудас”-аар “их”, 4.1.1 кодтой Хөдөлмөрийн эрүүл ахуйг  шалгах хяналтын хуудас”-аар “дунд” 5.17 кодтой “Авто замын ашиглалтын байдлыг шалгах хяналтын хуудас”-аар “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн  зөрчлийг арилгах хүртэлх хугацаагаар үйл ажиллагааг  түр зогсоожээ[13].

           Хариуцагч М.Х-н Улсын байцаагч нь “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагын хэрэгжилтийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж, биелэлтийг ханган ажиллаагүй тогтоосон хугацаанд хариуг ирүүлээгүй тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасныг үндэслэн хариуцлага тооцохыг анхааруулсан байдаг.

           Гэтэл  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  “Үйл ажиллагааг нь зогсоох тухай” 12-04-003-37 дугаар шийдвэрээр,  2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоож, 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.11 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 10 000 нэгж буюу 10.0 сая төгрөгийн шийтгэлийг[14] оногдуулсан байдаг. Дээр дурьдсан албан шаардлага, үйл ажиллагааг зогсоох, торгуулийн шийтгэлийг оногдуулахдаа, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй үндэслэлийг заажээ.

          М.Х-н Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан шаардлагын хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон байгаа боловч 12 дугаар сарын 05-ны өдөр буюу нэг хоногийн дараа дээрхи үндэслэлээр “Үйл ажиллагааг түр зогсоож,  2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Зөрчилд торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Зүй нь  дээрхи шаардлагын биелэлтийн хэрэгжилтийг  тогтоосон хугацаа болох  2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...хугацаатай шаардлагын биелэлтийг шалгаж, ...нөхцөл байдлыг судлан тогтоож, нотлох баримтыг цуглуулж, оролцогчийн эрх, үүргийг сонсож, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэх талаар... дараагийн арга замыг тодорхойлох  ажиллагааг явуулахгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, шийтгэлийн арга хэмжээ авч “Н” ХХК -ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргасан байгаа нь ... “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулах талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг зөрчсөн байна.

          Мөн “Н” ХХК -ийн  үйл ажиллагааг зогсоох үндэслэл болгож баримталсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа, учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох” Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох ...,  Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу ...холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ... прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно” холбогдох хуулийг зөрчиж тус компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасныг буруутгаж байна. Одоогийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12-04-003-02 актаар[15] “Н” ХХК-ийн MV-001364-A талбайн нүүрс олборолтын үйл ажиллагааг,  2019 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар сэргээсэн байгаа хэдий ч  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” актын эрх зүйн үр дагавар нь дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.  

          М.Х-н дээрхи шийдвэрийг гаргаж буй албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх  зарчмыг алдагдуулсан байна.

         Иймд  М.Х-н Улсын  байцаагчийн  2018 оны 12  дугаар сарын 05-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” 12-04-003-37 дугаар актыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2018 оны  12 дугаар сарын 04-ний өдрийн “Дутагдал арилгуулах тухай” 12-04-003-246 дугаар албан шаардлагыг  хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

         М.Х-н Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165734 тоот шийтгэлийн хуудас,  “Албан тушаалтны 12-05-031/95 тоот даалгаврыг хүчингүй болгуулах зөрчлийн хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлсэн болно.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 13, 107 дугаар зүйлийн 107.1,107.5, дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн М.Х.Г.т холбогдох, М.Х-н Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Үйл ажиллагааг зогсоох тухай” 12-04-003-37 дугаар актыг хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12-04-003-246 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х.Г.аас  35.100  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУН                    

 

 

 

 

 


[1] 1-р хавтас хавтаст хэргийн 23-32-р хуудас

[2] 1-р хавтас хавтаст хэргийн 33-36-р хуудас

[3] 1-р хавтас хавтаст хэргийн 37-р хуудас

[4] 1-р хавтас хавтаст хэргийн 38-р хуудас

[5] 1-р хавтас хавтаст хэргийн 78-р хуудас

[6] 1-р хавтас хавтаст хэргийн 6-8-р хуудас

[7] 1-р хавтас хавтаст хэргийн 31-р хуудас

[8] 1-р хавтас хавтаст хэргийн 32-р хуудас

[9] 1-р хавтас хавтаст хэргийн 31-р хуудас

[10] 1-р хавтас хавтаст хэргийн 61-р хуудас

[11] 1-р хавтас хавтаст хэргийн 161-199-р хуудас

[12] 1-р хавтас хавтаст хэргийн 209-210-р хуудас

[13] 1-р хавтас хавтаст хэргийн 33-36-р хуудас

[14] 1-р хавтас хавтаст хэргийн 37-р хуудас

[15] 1-р хавтас хавтаст хэргийн 214-215-р хуудас