Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 728

 

                                                    МАГАДЛАЛ

 

2017.03.17                                                 Дугаар                                    Улаанбаатар хот

 

Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00255 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Цогтсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Лут, Б.Бат-Оюун нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 513 000  төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, оруулсан хөрөнгөө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Цогтсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баярмагнай,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 1997 онд Төв аймгийн Зуунмод суман дахь хуучин Автотээврийн баазын хашаанд байрлалтай 7.531 м.кв талбай бүхий газрыг авто дромын зориулалтаар тухайн үеийн засаг дарга Н.Галбадрахын 1997 оны 12 сарын 31-ний өдрийн 205 тоот захирамжаар ззэмшиж ашиглах болсон. Мөн миний бие 2006 онд “Бэржинхайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулсан, цорын ганц хувьцаа эзэмшигч мөн гүйцэтгэх захирал юм. Тус компани 2009 оны 5 сард Төв аймгийн Зуунмод сумын нутагд 7.531 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрх авсан бөгөөд санхүү, зохион байгуулалтын ажлаас хамаарч газрыг зориулалтаар нь ашиглаж эхлээгүй байсан. Б.Бат-Оюун, Д.Лут нартай харилцан тохиролцон 2011 оны 5 сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээнд худалдагчийг төлөөлж Д.Лут гарын үсэг зурсан. Уг гэрээний               1-д “худалдагч тал худалдан авагчийн өмчлөлд Зуунмод сумын 6-р баг Нарлаг хотхонд байрлах 38.22 м.кв, 1 өрөө бүхий орон сууцыг шилжүүлнэ”, 3-д “орон сууцыг худалдагч тал, худалдан авагч талд 50 000 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2011 оны 12 сарын 31-ний өдөөр төлж дуусгана”, 7-д “/нэмэлт нөхцөл/ 0175777 гэрчилгээтэй дугаартай 18646286399973 нэгж талбарын дугаар бүхий Бэржинхайрхан ХХК-ийн эзэмшлийн газрыг Б.Бат-Оюуны эзэмшилд шилжүүлж, нэр дээр нь гэрчилгээ гаргуулах” гэсэн нөхцөл тусгасан. Хариуцагч нарын нэр дээр Зуунмод суманд орон сууц бэлэн байгаагүй учир “Гранд стракче” ХХК-ийн ашиглалт оруулж байсан орон сууцыг надад өгөхөөр болж би тус компанитай 2011 оны 5 сарын 13-нд орон сууцны байр захиалгаа барих гэрээ байгуулан 38.22 м.кв талбай бүхий байрыг нэг м.кв-ыг нь 850 000 төгрөгөөр тооцоход 32 487 000 төгрөгийн орон сууцыг хүлээн авсан. Гэтэл тус компанийн зүгээс болон Д.Лут, Б.Бат-Оюун нар орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхгүй хэрэг, маргаан болж явсны эцэст “Гранд стракче” ХХК 2014 оны 10 сард Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан намайг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж болохыг талаар тодорхойлолт гарган өгсөн. Мөн Б.Бат-Оюун 2012 оны 7 сард шиг санаж байна 1 000 000 төгрөг манай эхнэрт бэлнээр хүлээлгэн өгч, 8 сарын 25-нд манай эхнэр /Т.Туяа/-ийн ХААН банкин дахь харилцах дансаар 1 000 000 төгрөг бэлэн бусаар шижлүүлсэн. Миний бие 7.531 м.кв газрыг 50 000 000 төгрөгөөр зарсан бөгөөд бэлэн 2 000 000 төгрөг авч, 32 487 000 төгрөгийн үнэтэй орон сууц хүлээн авсан тул одоо 15 513 000 төгрөгийг хариуцагч Д.Лут, Б.Бат-Оюун нараас нэхэмжилж байна. Гуравдагч этгээд С.Бямбасүрэн бол Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байгаа хуучин автотээврийн бетонон хашаа, түүнд дотор байгаа гарааш, харуулын байр зэргийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан гэх дуудлага худалдаагаар худалдаж авснаас тэдгээрийн доорхи газрыг эзэмших, ашиглах эрхийг олж аваагүй, газар өмчлөх эрхийг худалдан аваагүй. “Бэржинхайрхан” ХХК-ийн эзэмшилд байгаад 2011 онд Б.Бат-Оюуны эзэмшилд шилжүүлсэн 7.531 м.кв газар дээр С.Бямбасүрэнгийн өмчилж авсан ямар ч эд хөрөнгө байхгүй. Харин цахилгаан дамжуулахын 3-4 шонгийн мод, подстанц зэрэг л байгаа. Гэтэл Д.Лут, Б.Бат-Оюун нар шилжүүлж авсан газар дээр барилгын үйл ажиллагаа явуулах гэтэл С.Бямбасүрэнгийн өмч, хөрөнгө сүйтгэгдэх гээд ашиглаж болохгүй байгаа талаар ярьж, надад 15 000 000 төгрөг төлөх үүргээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зайлсхийсэн санаатай үйлдэл юм. С.Бямбасүрэнгийн хашаа бол асар том талбайг хамарсан байдаг бөгөөд уг хашааны дотор талд багтаж байгаа нийт газрын зарим хэсэгт нь Б.Бат-Оюунд шилжүүлсэн газар хамаарч байгаа. Тухайлбал, хашаан дотор байгаа хоёр том гарааш бол Б.Бат-Оюунд шилжүүлсэн газарт хамаарахгүй. Иймд 15 513 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бат-Оюун, Д.Лут нар Г.Цогтсайхантай гэрээ хийсэн асуудал байгаа. Д.Лутын хувьд уг газар дээр сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил хийх гэтэл С.Бямбасүрэн гэдэг хүн гарч ирээд маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Г.Цогтсайханы шилжүүлсэн газар дээр гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм. Ер нь бол орон сууц шилжүүлж өгөөд уг газрын үнийг бүрэн төлсөн гэж үзэж болно. Гэхдээ, гуравдагч этгээд С.Бямбасүрэн нь “Бэржин хайрхан” ХХК-д газар эзэмших эрх олгосон Төв аймгийн Засаг даргын 2009 оны 5 сарын 18-ны өдрийн 239 дүгээр захирамжийг илт үндэслэлгүй гэж үзэн урьдчилан шийдвэрлэх журмын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан. Уг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхгүй бол захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана. Тэгэхээр, газар эзэмших, шилжих эрх олгосон захиргааны албан тушаалтаны шийдвэрийн талаар гарсан гомдлыг шийдвэрлээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.7-д заасныг үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнтэй холбоотойгоор, худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  оруулсан хөрөнгөө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Тухайн захиргааны маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа иргэний эрх зүйн маргаан гаргах нь хуульд нийцэх юм гэжээ.

 

   Гуравдагч этгээд С.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох бетонон хашаа, харуулын байр, трансформотер зэргийг дуудлага худалдаагаар С.Бямбасүрэн худалдаж авсан. Бусдын үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрыг Засаг дарга нь Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль зэргийг зөрчин Г.Цогтсайхан гэдэг хүнд шилжүүлсэн нь буруу. Г.Цогтсайхан бусдын эзэмшил газар дээр гэрчилгээ гаргуулж улмаар маргаан үүсэж болзошгүй хэмээн үзэж Д.Лутад өндөр үнээр худалдсан байдаг. Гуравдагч этгээд С.Бямбасүрэн нь өөрийн дуудлага худалдаагаар авсан газар, обьектоо Г.Цогтсайхан өгнө гэсэн асуудал байхгүй. Нэгэнт ийм маргаантай асуудал байгаа учраас гуравдагч этгээд С.Бямбасүрэн өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газар дээр Г.Цогтсайхан гэгч этгээдэд газар олгосон асуудлаар Төв аймгийн Засаг даргад 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 239 тоот захирамжаа хүчингүй болгож өгнө үү хэмээн гомдол гаргаж баталгаат шуудангаар хүргүүлсэн, хариу нь хараахан гараагүй байна. Мөн Д.Лут нарт шилжүүлсэн гээд байгаа газар бол иргэн Г.Цогтсайханы бус “Бэржин хайрхан” ХХК-ийн нэр дээр байсан байгааг анхаарах хэрэгтэй. Иймд, нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.Лут, Б.Бат-Оюун нараас 15 513 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цогтсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.Лут /төлөөлөгч/ сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 515 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Д.Лут, Б.Бат-Оюун нараас 235 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цогтсайханд олгож, хариуцагч Д.Лутаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, гуравдагч этгээд С.Бямбасүрэнгээс 200 000 төгрөг гаргуулан “Итгэлт-Эстимэйт” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч Д.Лут нь Г.Цогтсайхан нар харилцан тохиролцохдоо “Бэржинхайрхан” ХХК-ийн нь 7.531 м.кв газраа 50 000 000 төгрөөөр үнэлсэн ба Д.Лут өөрийн захиалсан орон сууц буюу 1 өрөө байраа 50 000 000 төгрөгөөр үнэлж харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээний үнэ болох 32 487 000 төгрөгийн зөрүү мөнгө 15 513 000 төгрөгийг нэхэмжилсэн нь гэрээний тохиролцоог гуйвуулж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Газраа шилжүүлж өгөхдөө тухайн газар дээр Г.Цогтсайхан нь хариуцагч нарт техникийн нөхцөл 6 000 000 төгрөгөөр авч өгөхөөр тохиролцоо хийгдсэн бөгөөд энэхүү тохиролцооны урьдчилгаа мөнгө 2 000 000 төгрөг төлснийг зөрүү мөнгөө өгсөн мэтээр  гуйвуулан тайлбарласан нь “хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах"   гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заагдсанаар бусдад шилжүүлж байгаа газар нь хэн нэг этгээдийн эрхийг зөрчихгүй байх учиртай. Гэтэл эрх шилжүүлсэн 7.531 м.кв газар нь С.Бямбасүрэнгийн өмч бөгөөд түүний 19 032 370 төгрөгийн хөрөнгө байгаа гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Энэ өмчийг хэн чөлөөлөх үүрэгтэй болон хариуцагч нар хэнээс хохиролоо нэхэмжлэх нь тодорхойгүй бөгөөд хариуцагч нар нь газар ч үгүй , байр ч үгүй , техникийн нөхцөл гаргуулах тохиролцоо нь ч худал болж дээр нь 15 000 000 төгрөг төлж хохирох болсондоо ихэд гомдолтой байгаа болно. Шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар өөрөө цуглуулах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт байсан болно. Энэ нь хариуцагч татгалзлаа нотлох хуулиар олгогдсон боломжыг хязгаарласан гэж үзэж байна. Нэгэнт худалдан авсан 7.531 м.кв газар дээр С.Бямбасүрэнгийн газраас салгаж үл болох 19 032 370 төгрөгийн эд хөрөнгө байгаа нөхцөлд энэхүү маргааныг захиргааны шүүх шийдвэрлэх учиртай байсан . Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.                    

 

Нэхэмжлэгч Г.Цогтсайхан нь хариуцагч Д.Лут, Б.Бат-Оюун нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 15 513 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээг цуцалж,  оруулсан хөрөнгөө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Цогтсайхан хариуцагч Д.Лут нар 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Лут нь Төв аймгийн зуунмод сум, 6 дугаар баг, “Брийзи хоомс” хотхонд байрлах 38.22 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Г.Цогтсайханы өмчлөлд шилжүүлэх, Г.Цогтсайхан нь орон сууцны үнэд Төв аймгийн Зуунмод сум, хуучин Автотээврийн баазын хашаанд байрлалтай 7.531 м.кв талбай бүхий газрыг Б.Бат-Оюуны эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Бямбасүрэн нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба нэхэмжлэгч Г.Цогтсайханыг бусдын газрыг зөвшөөрөлгүйгээр худалдсан гэж маргаж, энэ үндэслэлээр эрх бүхий байгууллагад гомдол гаргасан талаар тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай гуравдагч этгээдийн хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нөлөөлөхгүй хэмээн дүгнэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 230-р тал/

 

Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Цогтсайхан тайлбарлахдаа “… тухай газар эзэмших эрхийг 2008 онд авсан, үүнээс өмнө уг газар эзэмших эрхийг гуравдагч этгээд С.Бямбасүрэн нь 2006 онд шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдаагаар авсан” гэж тайлбарласан.

 

Төв аймгийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр захирамжаар “Бэржин хайрхан” ХХК-д маргааны зүйл болох газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар гуравдагч этгээд С.Бямбасүрэнгээс гомдол гаргасан, уг гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх лавлагаа гаргуулах тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой юм. /хх-ийн 10 дугаар тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/00255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Лутаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 000 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                  

                                              ШҮҮГЧ                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                Г.ДАВААДОРЖ