Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 759

 

 

                                                           

 

 

 

 

 

     2020        09         17                                  2020/ШЦТ/759

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэржин овогт Г.Мд холбогдох эрүүгийн 2011 00000 0868 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33-545 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хэржин овогт Г.М, /РД: УХ98012100/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 26-403 тоотод оршин суух гэртээ Т.Оюун-Эрдэнэтэй гэр бүлийн асуудлаас болж маргасны улмаас түүний нүүр, толгойн тус газар нь цохих, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад ял сонсгож байгааг ойлголоо. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед манай нөхөр Зулзоригтой уулзаж 18 дугаар хороо Яргайтын 26-403 тоотод ирж, гэрийн үүдэнд манай нөхөр Зулзоригтой уулзаж байсан. Тэгсэн Зулаа чинь хаана байна. Зулаагаа дууд гээд орилоод байхаар нь би хашааны үүдэнд гарахад Оюун-Эрдэнэ “миний дүүгийн хүүхдийн нүд нь сохорчихлоо. Нөхрийг чинь шоронд явуулна. Тэгээд би чамайг амьдрахыг чинь харна” гээд байсан. Тэгэхээр нь би “Чи намайг доромжилж болно. Миний хоёр хүүхдийг доромжлох эрх байхгүй гэж хэлэхэд Оюун-Эрдэнэ шууд намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиж, харилцан заамдалцаад ноцолдсон. Тэгээд би нөхрийгөө аваад гэрлүүгээ орох гэтэл араас татаж чангаагаад оруулахгүй байсаар байгаад граж руу орсон. Тэгсэн эгч Хосжаргал гарч ирээд дундуур орж салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. Яг энэ үед гражид унтаж байсан Бат-Орших ах босож дундуур орж салгах гэж, Оюун-Эрдэнэ эгчийн гарнаас барьж байсан. Оюун-Эрдэнэ бид хоёр дундуур орсон хүмүүсийн наана цаанаас бие биенийгээ үгээр өдөж, хэрэлдэж, маргалдаад харилцан заамдалцаж ноцолдсоноос нээх айхтар сүртэй зүйл болоогүй...” гэх /хх-ийн 38-39х/,

Хохирогч Т.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 26-403 тоот Зулзоригийн гэрт нь очсон юм. Тэгээд эмчээс сонссон асуудлын талаар хэлэхэд Зулзориг “тоосон шинжгүй, тэгээд би одоо яах ёстой юм бэ” гэх хэлэхэд тухайн үед эмэгтэй дүүгээ хараад надад үнэхээр хэцүү байсан. Тэгсэн цаанаас нь эхнэр Мөнхзул нь гарч ирээд “одоо та нар яах гээд байгаа юм бэ, сар бүр хүүхдийн мөнгө гэж өгөөд байгаа биз дээ” гэх хэлэхэд нь миний уур хүрч би “Зулзориг та хоёрын энэ бөгсний асуудлаас чинь болж хүүхэд насан туршдаа хараагүй болж байна” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхзул “хохь чинь, нөхрөө тогтоож чадаагүй” гэж хэлэхэд нь миний уур хүрээд Мөнхзулыг алгадсан. Тэгсэн Мөнхзул над руу дайрч бид хоёр харилцан заамдалцаж Мөнхзулын өмсөж байсан подволкыг нь урсан.Тэгсэн байшин дотроос нэг эмэгтэй гарч ирээд Мөнхзул бид хоёрын дундуур орж салган, хэсэг гайгүй байж байгаад дотогшоо гэр рүү нь орсон. Тэгсэн Мөнхзул янз бүрийн юм болбол Зулаа Зулаа гэж битгий гүйгээд байгаарай гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгсэн Зулзориг намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед гадаа гражид байсан согтуу эрэгтэй хүн Мөнхзул бид хоёрыг хоорондоо маргалдахад миний гарыг бариад зогссон. Тэгсэн дараа нь Мөнхзултай дахин бид хоёр харилцан заамдалцаад миний нүүр хүзүүг маажсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Ер нь Мөнхзул гараараа миний нүүр хэсэг рүү, хамар луу цохиж, маажсан. Одоогоор хамар маш ихээр өвдөөд байна. Хамрын зураг авхуулсан чинь хамар хугарсан байна гэсэн. Одоо хамар байнгын битүүрээд байна. Одоо хугарсан хамраа янзлуулж засуулаагүй байна. Эмнэлгээр явж үзүүлээд гарсан төлбөр мөнгөө нэхэмжилнэ. Нэхэмжилж байгаа мөнгөө авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 10х/,

Гэрч Д.Дуламжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд эгч болох Оюун-Эрдэнийн хоёр, 2 хүүхэд өөрийнхөө хүүхэдтэй хамт 6-лаа Зулзоригийн амьдардаг гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 26-403 тоот гэрт нь очсон. Тэгээд гэрт очсон чинь Зулзориг хашааныхаа гадна гарч ирсэн. Тэгээд би учраа хэлээд болсон явдлын талаар яриад байж байсан чинь Зулзоригийн эхнэр болох М гарч ирэхээр нь охиныхоо талаар ярьж эхэлсэн. Тэгсэн чинь М нь тэгээд яах гээд байгаа юм гэж хэлээд гараараа чичлээд эхэлсэн. Тэгэхээр нь манай эгч болох Оюун-Эрдэнэ уурлаад М намайг болон охиныг минь өмөөрөөд 1 удаа алгадсан. Тэгсэн чинь М нь зөрүүлж цохиод тэгээд зодоон болсон. Тэгээд байж байсан чинь Зулзоригийн гэрээс Хосоо гэдэг эгч нь Бат-Орших гэдэг хүнтэй хамт гарч ирээд болиулсан.Тэгээд бид нар бүгд Зулзоригийн гэр рүү нь орсон. Гэрт нь орсон чинь М нь та нар байнга ирж дарамталдаг. Тэгээд чи арчаагүйдээ нөхрөө алдаж байгаа юм гээд хэл амаар доромжилсон.Тэгээд манай эгч дахиад уурлаад М цохисон. Тэгсэн чинь М нь дахиж зөрүүлээд цохисон. Тэгээд тэр хоёрын дундуур Бат-Орших гэдэг хүн орж ирээд манай эгчийг толгой руу нь гараараа цохисон. Тэгээд М нь орилоод хэл амаар доромжлоод хохь чинь гээд доромжилсон. Тэгэхээр нь би зөрүүлээд чиний хоёр хүүхдүүд дээр чиний үйлийн үр чинь ирнэ дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эгчийг орон дээр хэвтүүлж байгаад Бат-Орших, Мөнхзул, Хосоо, Зулзориг нар нь бөөнөөрөө зодсон. Тэгээд манай эгчийн хамар нь гэмтсэн. Тэгээд зүүн талын нүүрний хэсгээр болон хүзүү хэсгээр нь маажсан. Баруун гар нь шуу хэсгээр хөхөрсөн. Тэгэнгүүт нь тэд нарыг эгчээс холдуулж салгасан чинь Бат-Орших нь над руу дайраад үсдээд доошоо дарж нуруу руу цохисон. Тэгээд би болон эгч маань хүүхдүүдээ аваад тэдний гэрээс гарсан. Тэгээд манай эгч Оюун-Эрдэнэ Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад гэмтэл байхгүй. Гэхдээ миний гаран дээр хумсны сорви гарсан байсан. Бат-Орших нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн нилээн согтолттой байсан...” гэх /хх-ийн 15-16х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9696 дугаартай шинжээчийн “...Т.Оюун-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, хүзүү, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тус тус тогтоогдохгүй, хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Г.Мыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 26-403 тоотод оршин суух гэртээ Т. Оюун-Эрдэнэтэй гэр бүлийн асуудлаас болж марган улмаар түүний нүүр, толгойн тус газар нь цохих, маажих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэржин овогт Г овогтой М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД