Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 732

 

 

 

 2020           09          08                                   2020/ШЦТ/732 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Оточ овогт Цэдэнбалын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003780280 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Хар сүлд ХХК-нд шуурхай албаны ахлах ажилтай ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 13-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй. 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 360 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Оточ овогт Ц.М /РД:ХА80021813/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.М нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 05  дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун урд талын замд “Тоёота Приус-20” маркийн 64-02 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана', 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а— 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс хохирогч Э.Батмандахын жолоодон явсан “Кавасаки” маркийн 88-29 УБ улсын дугаартай мотоциклийг мөргөснөөс жолооч Э.Батмандахын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч З.Батмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед би ажлаа тараад “Кавасаки” маркийн 88-29 УБ дугаартай мотоциклоо жолоодон харихаар зүүнээс баруун чигт зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 50 орчим км/цагийн хурдтай явж байтал гэнэт миний зүүн гар талын эсрэг урсгалаас машин хөндлөн урдуур ороод ирэхээр нь би торомз гишгээд зогсож амжилгүй мотоциклийнхээ урд дугуйгаар тэр машины баруун хойд хаалгаа орчимд мөргөснийг санаж байна, нэг мэдэхэд би зам дээр сууж байсан. Миний хамгаалалтын малгай газар унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

- хэргийн газрын үзлэгийг тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13х/,

- хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7375 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “Э.Батмандах-н биед зүүн хоншоорын урд хана, дотор болон арын хананы хугарал, зүүн ухархайн гадна, дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, нүүрэнд зулгаралт, цус хуралт, оочны доод хэсэгт шарх, баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” /хх-ийн 25х/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 196 дугаартай Шинжээчийн дүгнэлт: “...баруун хойд хаалга чихэгдсэн, шил хагарсан, хаалганы доод хормой чихэгдсэн, баруун хойд хаалганы дээд багана чихэгдэж гулзайсан, урд буфер зүүн урд талдаа бага зэрэг сэвтэй зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна, эдгээр эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн” /хх-ийн 32-40х/

-Тод үнэлгээ ХХК-ны автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 01/31 дугаартай тайлан: “Kawasaki KLX250H7F маркийн 88-29 УБ улсын дугаартай мотоцикл - 120.000 төгрөгийн шууд, 180.000 төгрөгийн нийт хохирол учирсан” /хх-ийн 44х/,

 - Мөрдөгчийн магадлагаа: “1. Тоёота Приус-20 маркийн 64-02 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ 1.3 (үргэлжилсэн хос шугам) - дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана”, 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а—1,15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Кавасаки маркийн 88-29 УБ улсын дугаартай мотоциклийг жолоодон явсан жолооч Э.Батмандах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-ийн 63х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцон явахдаа болгоомжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Батмандахыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Э.Батмандахын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн шүүгдэгч Ц.М-аас 2.000.000 төгрөгийг хүлээн авсан, “хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, шүүхэд гаргаж өгсөн хүсэлт зэргийг үндэслэн Ц.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Оточ овогт Ц.М-д автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.М-ыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ