Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 983

 

 

 

 

 

 

   2020        05         26                               2020/ШЦТ/983

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Хулан

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сартуул овогт Бэгзийн Буянхишигт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1175 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Б.Б, , улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  ,

           Холбогдсон хэргийн талаар:

           Б.Б нь 2020 оны 4  дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М толгойн тус газар нь үнсний сав шидэж зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                       

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

        Хохирогч Н.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 22 цагийн орчим гэртээ ганцаараа байж байсан чинь Буянхишиг гэх эмэгтэй яасан их миний хүүхдийг зоддог юм вэ гээд намайг 3 шанаан тус газар цохиод шилэн үнсний сав авч шидээд толгой хагалчихсан. Тэгэхээр нь би эгчийгээ дуудсан чинь эгч найзтайгаа орж ирсэн. Манай эгчийнх нэг хашаанд цуг амьдардаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 05-06/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 11/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4786 тоот шинжээчийн дүгнэлт:

          1. Н.М биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

         3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт  / хх-н 12-13/,  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 14-15/,

  Б.Бт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н/, прокурорын тогтоол /хх-н 16-17/,

          Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байх гэртээ байж байтал манай хүү Б над руу утсаар залгаад гудамжний үзүүр дээрээс ирээд авчих намайг хүн зодчихлоо гэж хэлсэн..”, “.. Ингээд би тэр архи уугаад байдаг айл руу очсон бөгөөд хашаанд нь ороод зүүн хойд талд нь байх монгол гэрт ортол үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эмэгтэй хүн ганцаараа байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандан “Та нар яагаад байнга ингэж нийлж архи уудаг юм” гэж хэлээд гэрийнх нь ширээн дээр байсан шилэн үнсний савыг тухайн эмэгтэй рүү чиглүүлээд шидсэн. Тэгтэл тэр эмэгтэйн толгойн тус газрыг оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-21/,    

           Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 26/,захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 29/, Б.Бт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  22-23/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийг  2020 оны 4  дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М толгойн тус газар нь сав шидэж зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М-ыг яасан их миний хүүхдийг зоддог юм, та нар яагаад байнга ингэж нийлж архи уудаг юм гэж хэлээд  толгойн тус газар нь шилэн үнсний сав шидэж зулайн хуйханд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:       

          Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ ганцаараа байж байсан чинь Буянхишиг гэх эмэгтэй яасан их миний хүүхдийг зоддог юм вэ гээд намайг 3 шанаан тус газар цохиод шилэн үнсний сав авч шидээд толгой хагалчихсан. Тэгэхээр нь би эгчийгээ дуудсан чинь эгч найзтайгаа орж ирсэн. Манай эгчийнх нэг хашаанд цуг амьдардаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 05-06/,

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4786 тоот шинжээчийн дүгнэлтээр Н.М биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.  / хх-н 12-13/, 

       Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... манай хүү Б над руу утсаар залгаад гудамжний үзүүр дээрээс ирээд авчих намайг хүн зодчихлоо гэж хэлсэн..”, “.. Ингээд би тэр архи уугаад байдаг айл руу очсон бөгөөд хашаанд нь ороод зүүн хойд талд нь байх монгол гэрт ортол үл таних согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай эмэгтэй хүн ганцаараа байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандан “Та нар яагаад байнга ингэж нийлж архи уудаг юм” гэж хэлээд гэрийнх нь ширээн дээр байсан шилэн үнсний савыг тухайн эмэгтэй рүү чиглүүлээд шидсэн. Тэгтэл тэр эмэгтэйн толгойн тус газрыг оносон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж  үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь, мөн өндөр насны тэтгэвэрт байдаг  хувийн байдал  нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Шүүхээс шүүгдэгч  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

       Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 38/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. С овогт Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Б.Б-ийг чөлөөлсүгэй.

       3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 4. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН