Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 766

 

                              

 

 

 

 

 

 

     2020        09         21                                  2020/ШЦТ/766

  

     

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Б.Мөнхтөр,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч Т.Мөррэнцэн, түүний өмгөөлөгч И.Атарбямба,

шинжээч Н.Энхцолмон,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Э.Бд холбогдох эрүүгийн 1811 01771 0377 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Орхон Хасу” дунд сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-281 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогтой Э.Б /РД:ЖЯ89012230/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн орчимд, мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо автобус баазын хашаанд хохирогч Т.Мөррэнцэнтэй гэртээ харина гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн нүдний алимны битүү гэмтэл, алимны доргилт, зүүн нүдний алимны өмнөд хоргын цусан хураа, нүдний алимны гэмтлийн гаралтай хоёрдогч даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амралтаас ирэх замдаа санаандгүй байдлаар машинд архи асгасан нь үнэн. Гэрч Ганбаяр нь сүүлд надтай уулзахдаа ийм агуулгатай мэдүүлэг өгөөгүй гэж хэлсэн. Зам гүүрний бааз дээр очоод ямар ч зүйл болоогүй. 23 цагийн үед биш гэгээтэй байсан. Буцаж ажил дээр ирээд манай эхнэр намайг авч явахад 23 цаг ч болоогүй байсан. Цаг зөрүүтэй байна. Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн гадна маргалдсан. Маргалдахдаа машинд архи ууж байгаад санаандгүй Т.Мөррэнцэний гэдэс рүү нь асгасан. Т.Мөррэнцэн “...түрүүнээс хойш чи зөндөө асгалаа. Намайг доромжлоод байна уу...” гэснээс болж маргалдаж эхэлсэн. Бид зодолдохоор болсон. Т.Мөррэнцэн өөрөө намайг цохиж унасан. Би болиулах гээд дээр нь гарсан. Над руу шороо авч цацсан. Чулуу шидэх гээд байхаар нь би нэг удаа цохисон нь үнэн. Хамраас нь цус гарахад Батбаатар, Энхбаатар нар ирж салгасан. Т.Мөррэнцэн цус нь гарсан байдалтай “...нааш ир зодолдъё...” гээд байхад тоглоомын талбайд байсан хүмүүс ирсэн. Нэг залуу нь над дээр, нэг нь Т.Мөррэнцэн дээр ирээд маргасан. Т.Мөррэнцэн та нарт хамаа байхгүй гэж хэлж хэлээд цохиулсан. Т.Мөррэнцэн дээр очиход нүдээ дараад газар хэвтсэн байдалтай намайг цохичихлоо гэж хэлсэн. Бид Т.Мөррэнцэнг авч зугтсан. Замдаа нарны гүүр даваад явж байхад Т.Мөррэнцэн “...чи намайг шавь нараараа зодууллаа...” гэж дайрсан. Дэнжийн мянгын бааз дээр очиход Т.Мөррэнцэн хүмүүс рүү утсаар яриад байж бай гээд орилоод намайг явуулахгүй байсан. Гэрч Батбаатар ирээд Т.Мөррэнцэн хүмүүс дуудлаа явъя гэж хэлсэн. Такси бариад явахад гэгээтэй байсан. Ажлын гадаа очоод буцаж явсан өөр зүйл болоогүй гэв....”  гэх,

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Батбаатар, Мөррэнцэн бид гурав архиа хувааж ууж эхэлсэн бөгөөд би голын хайрцаг дээр ундаа, архиа тавьсан байж байгаад санаандгүй асгасан. Мөррэнцэн чи намайг дээрэлхээд байна уу гээд маргалдсан...”, “...Мөррэнцэн газраас чулуу аваад намайг цохих гэж далайж дайрсан. Тэгээд намайг цохих гэж савсан хүчиндээ газар унасан. Тэгэхээр нь би дээр нь сууж байгаад хоёр гарыг нь дараад чулууг авсан. Тэгтэл хэвтэж байхдаа над руу чулуу, шороо авч цацаад байхаар нь би Мөррэнцэнгийн ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамар, амнаас нь цус гарсан. Мөррэнцэн намайг дуудаад чамайг ална гээд орилоод байсан. Тэгтэл цаанаас 2-3 эрэгтэй хүүхэд гүйж ирээд ах нар яагаад хүүхдийн тоглоомын газрын хажууд зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл Мөррэнцэн нэг залуу руу чамд хамаагүй гэж орилсон. Нөгөө залуу нь Мөррэнцэнг цохиж газар унагасан. Мөррэнцэн нүдээ хоёр гараараа дарчихсан намайг цохичихлоо гээд орилоод атиралдаад хэвтэж байсан. Тэгтэл нөгөө хоёр залуу нь цаанаас ахиад залуучууд дуудаад байсан ба би Мөррэнцэнг босгоод жолоочийн хажуугийн сандалд суулгаад Энхбатаар машинаа бариулаад хөдлөөд нарны гүүр даваад явсан...” гэх  /1хх-ийн 150-154х/,

Хохирогч Т.Мөррэнцэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр манай хамт олон Тэрэлж рүү 1 хоногийн зугаалгаар явсан. Наашаа ирэх замдаа Б нь удаа дараа миний бие болон нүүр рүү архи асгасан Үүнээс болж маргасан. Жолоо барьж явсан Ганбаяр болон Дагийцэеэ, Батбаатар нар гэрчилнэ. Тухайн өдрийн өмнөх өдөр манай хүүхэд өндөр халуурч байсан өдөр ирэхэд халуун нь буухгүй байна гэсэн тул би гэр рүүгээ яарсан. Би гэр рүүгээ харих талаар хэлэхэд оюутнаар жолоо бариулаад гэрт чинь хүргэж өгнө гэсэн. Машинд суухад Бтай муудалцан 18 дугаар сургуулийн гадаа зогссон. Б яаж ч хэлсэн уурлаж дайраад байсан учир зодолдохоор болсон. Машинаас буугаад барьцалдаж аваад зодолдоход хальт цохисон зүйл байхгүй. Б ямар биетэй хүн билээ.  Намайг барьж аваад доош нь харуулаад зодсон. Зодуулж байхад нүүр халуу оргиж юм мэдрэхээ больсон. Би шороо болон чулуу цацаагүй. Би ямар ч хүнтэй муудалцсан гартаа зэвсэг барьж үзээгүй. 2 залуу гэж ярьж байгаа боловч 3 залуу ирсэн. Батбаатар ах биднийг салгаж байхад нэг нь намайг ирээд энд зодолдож болохгүй гэж хэлсэн. Тэр намайг нэг цохичхоод гүйсэн. Би газар унаад 5 минут орчим хэвтэж орилоогүй. Бар аргадуулж өмөөрүүлэх гэсэн сэдэлтэйгээр доош харж суусан. Батбаатар болон жолооч Энхбат нар байсан. Б намайг босгоогүй машин руу очоод явъя гэж хэлсэн. Машинд суухад “...чи ямар овоо юм бэ? Миний урдаас гар хөдөлгөлөө. Чамайг дошин дээрээ аваачиж байгаад зодно...” гэж хэлж байсан. Миний архи гарч сэргэлтийн байдалтай машины хойно нүүрээ дараад сууж байсан бөгөөд гэр рүүгээ харимаар байна гэж хэлсэн.  Б намайг буугаад ир чи гээд машинаас буусан. Буугаад харахад автобус баазын хашаа байсан. Би тухайн газрыг сайн мэдэж байгаа шалтгаан нь Дэнжийн 1000-с хойш 4 км орчим явахад дээшээ өгссөн нээлттэй хашаа байдаг. Тэр хашаа ардаа автобусны том зогсоолтой. Урд талдаа бие засах газартай. Б намайг жорлонгийн хажууд хавсарч унагаад дээр гарч суугаад 4-5 удаа миний нүүр рүү цохисон. Би одоо зодолдохгүй гэж хэлээд 2 гараа дээш нь харуулаад хэвтсэн. Тэр үед дахин 2-3 удаа цохиж хоолой боосон. Миний толгой манарч газар хэвтэж байхад Б машины ойролцоо очоод намайг босооч гэж хэлээд хараалын үг хэлсэн. Би найз руу гаа яриад намайг ирээд аваач би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд Дэнжийн 1000-н буудал дээр машинд намайг үлдээгээд чи хогийн гар ш дээ гэж хэлээд тэр 3 алхаад явсан. Би Сүнжидмаа менежерт болсон үйл явдлын талаар хэлэхэд намайг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн. 30 минутын дараа манай найз ирээд гэрт хүргэж өгсөн. Би хадам дүүгээрээ гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Маргааш нь нүүр хөхөрсөн байдалтай байсан. 2 хоногийн дараа миний тархиар хатган өвдөж унтаж амрах боломжгүй байсан. Ариун цэврийн өрөө ороод гэрэл асаахад нүд бүрэлзэн манан татаж байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд бид энэ талаар мэдэхгүй Нэгдүгээр эмнэлгийн нүдний тасагт үзүүлэх шаардлагатай гэсэн. Шөнийн 12 цаг өнгөрч байхад би Нэгдүгээр эмнэлэг дээр очиход нүдэнд цус хурсан байна. Өглөө 08 цагт яаралтай ирээд өвчний түүх нээлгэ гэж хэлсэн. Маргааш нь очиход нүд хараагүй болсон байсан. Түүнээс хойш нүдний даралт өвтэй эмчийн байнгын хяналтад байдаг болсон. Даралтаас болж хараагүй болох юм бол дахин хараа сэргэхгүй гэж хэлсэн. Баримтаар 5,273,000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тухайн зун намайг манай гэр бүлийнхэн хөдөө орон нутагт рашаан сувиллаар авч явсан. Энэ талаарх баримтаа бүрдүүлж чадаагүй. Баримтаар бүрдүүлсэн хохирлоо нэхэмжилж байна. Э.Б худал мэдүүлэг өгсөн байна. Э.Бтай энэ хэрэг болохоос 1 жилийн өмнө мөн намайг мөргөж байсан. Гомдолтой байна...” гэх,

Хохирогч Т.Мөррэнцэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б бид хоёр манай ажлын гаднаас хөдлөхөд л маргалдаж эхэлсэн бөгөөд 18 дугаар сургуулийн хашаанд очоод Б бид хоёр зодолдохоор болоод хоёулаа машинаас буусан. Тэгээд бид хоёр зодолдсон бөгөөд бид хоёртой хамт явж байсан Батбаатар ирж салгасан. Хамраас цус гарсан бөгөөд цаанаас танихгүй залуу ирээд энд зодолдож болохгүй гэсэн юм ярьж байснаа зүүн чамархай хэсэгт нэг цохичхоод зугтаагаад явчихсан. 18 дугаар сургуулийн хашаанд Б миний дээр гарчихаад нүүр рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд чамайг дошин дээрээ аваачиж ална гээд яриад байсан...” гэх /1хх-ийн 9х/,

Гэрч Ч.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг харахад тэр хоёр хоорондоо зууралдаад газар уначихсан байсан бөгөөд тэр хоёрыг салгахад хамар юм уу амнаас нь цус гарчихсан байсан бөгөөд нүд нь зүгээр байсан...” гэх /1хх-ийн 15х/,

Гэрч Г.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б багш тэгвэл хоёулаа хэн хэндээ гомдолгүй шүү зодолдъё гээд бие биенээ онохгүй байсан. Тэгээд Мөррэнцэн багшийг Б багш түлхэж унагаагаад дээр нь гараад 2-3 удаа шанаадаж харагдсан бөгөөд Батбаатар ах бид хоёр салгасан ам юм уу хамраас нь цус гарчихсан байсан...” гэх /1хх-ийн 17х/,

Гэрч Б.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөррэнцэн багш над руу утсаар яриад би Дэнжийн мянгад байна. Б намайг доороо хийж байгаад зодчихлоо. Би цустайгаа хутгалдсан байна. Намайг ирээд авах боломж байна уу гэж ярьж байсан. Миний хувьд Мөррэнцэн багшийн үгэнд итгэсэн. Ерөнхийдөө Мөррэнцэн Б нарын биеийн харьцааг бодоод үзсэн ч амралтын газраас ирж байхад хүртэл Б замдаа ууж байсан юмаа машин руу нь болон Мөррэнцэн багшийн бие рүү нь зориудаар хэд хэдэн удаа асгасан. Мөррэнцэн багшийн хувьд хэлж үзсэн, уурлаж үзсэн. Ерөнхийдөө Б багшийн хувьд архи уучихаараа араншин муутай... гэх /1хх-ийн 59х/,

Гэрч М.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Дархан-Уул аймгаас ирээд гэртээ байж байтал 23 цаг өнгөрч байхад миний гар утас дуугарахаар нь авсан чинь манай найз Мөррэнцэн би Дэнжийн мянгад согтуу байна намайг хүн зодчихлоо гэж хэлэхэд цаана нэг согтуу хүн танай найз нар чинь хаана байна ирэхээр нь алаад өгье гээд орилоод байгаа нь утсаар нь сонсогдож байсан...” гэх /1хх-ийн 95-96х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: /1хх-ийн 20х/,

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Зүүн хөмсгөн дээр цохиход үүсэх боломжгүй бөгөөд нүдэн тус газар буюу нүдний алиманд хүч үүсгэгдэж байж үүсэх гэмтлүүд байна...” гэх /1хх-ийн 100х/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 101-104х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч Э.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн орчимд, мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо автобус баазын хашаанд хохирогч Т.Мөррэнцэнтэй гэртээ харина гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн нүдний алимны битүү гэмтэл, алимны доргилт, зүүн нүдний алимны өмнөд хоргын цусан хураа, нүдний алимны гэмтлийн гаралтай хоёрдогч даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.      

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.           

Хохирогч Т.Мөррэнцэн нь баримтаар 5,273,000 нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 2,766,917 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үндэслэлээр ажлын 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг барагдуулсан болно. Мөн шүүгдэгч хохирогч нар хоорондоо харилцан тохиролцож цаашид гарах эмчилгээний зардалд 10,000,000 /арван сая/ төгрөгийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөх гэрээ байгуулсныг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Т.Мөррэнцэнд энэ хэргийн улмаас хүнд хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогтой Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батбямбыг 10,000 нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б нь оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлбөрөө төлсөн, хохирогч Т.Мөррэнцэнгийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

6. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.АРИУНБОЛД