Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 729

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Золзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2016/01050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Золзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Цолмонд холбогдох

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байр, 92 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон уг хаягт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Давааням,

Хариуцагч: Ц.Цолмон,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Энхээ,

Гуравдагч этгээд: Д.Цогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Т.Өлзийбаяр миний аав Д.Туултай 1983 онд гэр бүл болж ах Т.Жамбалсүрэн болон намайг төрүүлсэн бөгөөд 1989 онд ах бид хоёрыг аавтай орхин салж тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш ах бид хоёр ээжээсээ тусдаа аавтайгаа амьдарч байгаад аав маань 2006 онд нас барсан. Бидний ээж Т.Өлзийбаяр 2014 оны 9 сард нас барж бид хоёр өнчин хоцорсон. Ах бид хоёр ээжийн эх, эмэг ээж Э.Наранхүү, нагац эгч Өлзийсайхан нартай байнга холбоотой байдаг бөгөөд 2015 оны 12 сард эмэг эхээсээ бидний эх Хан-Уул дүүрэгт орон сууц, авто зогсоол өмчилдөг тухай анх сонсож, миний ээжтэй хамтран амьдардаг Ц.Цолмон гэдэг хүн уг орон сууцанд одоо амьдарч байгаа бөгөөд ээжтэй минь хамтран эзэмшдэг байсан тухай олж мэдсэн. Хэрэв талийгаачид гэрээслэл бичих боломж байсан бол тэрээр төрүүлсэн 2 хүүхэддээ өөрийн өв хөрөнгөө өвлүүлэх байсан нь хорвоогийн жам ёсны дагуух зүйл юм. Өвлүүлэгч Т.Өлзийбаяр агсан Ц.Цолмон нар нь хэдийгээр он удаан жил хамтдаа амьдарч байсан боловч Монгол улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй албан ёсны гэр бүл биш юм. Иргэний хууль болон гэр бүлийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хариуцагч Ц.Цолмон нь өвлүүлэгчийн хувьд хууль ёсны өвлөгч биш юм. Харин хууль ёсоор өв залгамжлах эрх нь албан ёсны бичиг баримт болон бусад нөхцөл байдлаар нотлогдсон байх ёстой байдаг. Нэхэмжлэгч Т.Золзаяагийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн лавлагаануудаар тус тус нотлогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн төрсөн ах буюу талийгаачийн хүү болох Туулын Жамбалсүрэн нь одоо Франц улсад амьдарч байгаа ба тэрээр 2016.06.09-ний өдөр Швейцарь улсын Женев хотод байх Монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан гаргасан итгэмжлэлээрээ өөрийн эх Т.Өлзийбаяр агсанаас өөрт ногдох өвлөх эрхийг дүү Т.Золзаяад шилжүүлсэн юм. Нэхэмжлэгчийн хувьд өв нээгдсэнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан бол өв нээгдсэнээс эхлэн 1 жилийг тоолж болох, харин мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдалд байсан бол өв нээгдсэн мэдээг хүлээн авсан өдрөөс 1 жилийн хугацааг тоолох нь зөв юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эцэг эх 1989 онд салж нэхэмжлэгч Т.Золзаяа нь ах Т.Жамбалсүрэн, аав Д.Туулын хамт эхээсээ тусдаа амьдрах болсоноор өөрийн эх Т.Өлзийбаяр агсаныг үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэг байсан талаар мэдэх боломжгүй, мэдэхгүй явсаар 2015 оны 12 дугаар сард анх ээжийнхээ төрсөн дүү болох Т.Өлзийсайхан, эмээ болон бусад нагац нараасаа ээжийгээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байсан тухай мэдсэнээр өвлөх эрхийн талаарх асуудал эхэлсэн юм. Ийнхүү өв хөрөнгийн талаар анх мэдсэнээр нэхэмжлэгч нь УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч өөрийн эхийн үл хөдлөх хөрөнгөтэй болохыг мэдсэн тул уг хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулахаар шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч тул өөрийн ээж Өлзийбаярын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгож, өвлөгдөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Мөн Т.Золзаяагийн ах болох Т.Жамбалсүрэн нь өөрт ногдох  өвийг авахад татгалзахгүй гэсэн итгэмжлэлийг Т.Золзаяад өгсөн байгааг анхаарч үзээрэй гэжээ.

 

       Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Туулын Золзаяа нь анхан шатны шүүхэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах 9 тоот авто зогсоол, мөн байрны 92 тоот гурван өрөө орон сууцыг өвлөх эрхийн хугацааг сунгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс тус нэхэмжлэлийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр зааж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Ингээд Т.Золзаяа Хан-Уул дүүргийн нотариатч С.Цэндэд хүсэлт гарган 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өөрийгөө өв залгамжлалын 03 дугаарт бүртгүүлсэн нь Танхимын өвийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна гэж архивын ажилтан Л.Саруултуяагаас 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Т.Мөнгөөд явуулсан №452 тоот албан бичигт дурдсаны зэрэгцээ миний зүгээс өв залгамжлах асуудлын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэсэн байна. Энэ талаар миний толгойд ямар ч бодол төрж байгаагүй, харин нэхэмжлэгч тал аль эрт санаархаж эхэлсэн байж. Миний бие Т.Золзаяагийн талийгаач ээжтэй нь 1998 оны 7 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал бүтэн 16 жил жаргал зовлонгоо хуваалцан амьдарч байсан. Нэг удаа Т.Золзаяа надтай уулзая гэж утасдсан, уулзахаар тохирсон өдрөө утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Дараа нь уулзахад авга эгч гэх нэг хүүхэнтэй хамт ирсэн. Намайг сайн байна уу гэхэд тэр хүүхэн шууд л талийгаач хоёр хүүхэдтэй байсан, ногдох өвийг нь авъя гэсэн. Ийм асуудлыг 30 гарсан /нас/ хүн өөрөө ярьж чаддаггүй юм уу, ийм үйлдэл хийхээсээ өмнө хүний ёсоор надтай урьдчилан хүний ёсоор ярилцаж болоогүй юм байхдаа. Талийгаачийг өвчин зовлонтой байхад нь ганц ч болов ирээд аяга цай чанаад өгч байсан юм уу, хүнд үед дэргэд нь надаас өөр хэн байсан юм бэ, үхэхээр нь мөнгө төгрөг нүдэнд нь харагдаад байгаа юм уу. Монгол хүн төрсөн эхийнхээ ясыг өндөлзүүлдэггүй. Энэ асуудлыг миний бодлоор Т.Золзаяа биш талийгаач аавынх нь талын санаархал байх гэж бодож байна. Нэхэмжлэлдээ Т.Золзаяа ээж бид нарыг орхин явсан гэж бичжээ. Харин ээж нь надад өөр юм ярьдаг байсан. Т.Золзаяа бас ах бид хоёр ээжийн эх, эмэг ээж тухайн үедээ ажил хийдэг, нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийгдсэн, өөрийн гэсэн орлоготой байсан учраас өөрийн байрыг авахад хөрөнгө оруулсан байх гэсэн таамаглал яриад байгаа. Шүүх бол нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийддэг. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар хэлцлээр энэ хөрөнгийг авахад нь хэн нь хэдэн төгрөг оруулсан талаар баримт байхгүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

                Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Цогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Т.Өлзийбаяр нь энэ орон сууцанд нэг ч төгрөг оруулаагүй гэдэг дээр надад нотлох баримт байна. Дээд боловсролгүй хүн барилгын зураг төслийг гаргах боломж байдаггүй. Би эдний амьдралд туслах гээд хэдэн төгрөг гаргаж байр авсан. Бидний зүгээс Өлзийд хүн шиг хандаж байсан. 16 жил ажилгүй байхад нь бид тэжээж байсанг өвчтэй зовлонтой байхад нь асардаг байсан. Тэр хүн манайд ажиллаж байсан. Надтай ажиллаж байсан гээд байдаг. Гэвч үгүй юм. Шүүх хуулийн дагуу шийднэ үү. Охинд нь туслаж бололгүй яахав, гэвч миний ажлын хөлсөнд авч хүүдээ өгсөн байрыг авна гээд байгаад настай хүн гомдолтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Золзаяагийн хариуцагч Ц.Цолмонд холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар 92 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон уг хаягт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь маргаж буй орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр миний талийгаач эх Т.Өлзийбаяр бүртгэлтэй, түүний хууль ёсны өвлөгч болох Т.Золзаяа миний бие нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч бүртгүүлсэн байхад зөвхөн хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Уг орон сууц, авто зогсоолыг хамтран өмчлөгч Ц.Цолмон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дахь хэсэгт заасан хууль ёсны өвлөгч биш, өвийн талаар Т.Золзаяа надаас өөр маргах этгээд байхгүй байхад энэхүү өвийн талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан. Мөн миний бие нь 2016 оны 2 сарын 25 ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өв хүлээн авах хугацаа сунгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс 2016 оны 3 сарын 03-ны өдөр 102/2013ШЗ/08253 дугаартай захирамж гарган “... Хүсэлт гаргагч нь хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар эрх бүхий байгууллагад хандаж, өв хүлээн авах хүсэлтээ шийдвэрлүүлсэний дараа шүүхэд хандах эрхтэй байна...” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу  миний бие Хан-Уул дүүргийн тойргийн нотариатад 2016 оны 03 сарын 16-нд маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 92 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон уг хаягт байрлах 9 тоот авто зогсоолыг өвлөн авахаар хүсэлт гаргасаныг Хан-Уул дүүргийн  тойргийн нотариатч С.Цэнд 2016.03.16-ны өдөр гарын үсгийн 03 дугаарт бүртгэж гэрчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Золзаяа нь хариуцагч Ц.Цолмонд холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байр, 92 тоотод байрлах 3 өрөө орон сууц болон уг хаягт байрлах 9 тоот авто зогсоолын өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

          Т.Өлзийбаяр нь Д.Туултай хамтран амьдарч байх хугацаандаа 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Т.Жамбалсүрэн, 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Золзаяа нарыг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

           Т.Өлзийбаяр нь  2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан бөгөөд тэрээр 1998 оноос Ц.Цолмонтой хамтран амьдарч байх хугацаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байр, 92 тоотод  байрлах 68.37 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байр, зоорийн давхарын 9 тоотод байрлах, 15 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ц.Цолмонгийн хамт бүртгэгдсэн байна. /хх-ийн 93-94 дүгээр тал/

 

             Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Золзаяаг талийгаач Т.Өлзийбаярын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох өвийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Т.Золзаяа нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Т.Өлзийбаярыг нас барсныг мэдсэн болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Золзаяа нь “… эх Т.Өлзийбаярын өмчлөлд орон сууц, авто зогсоол байсан талаар түүнийг нас барах үед мэдээгүй, 2015 оны 12 сард эмэг эхээсээ мэдсэн” гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн буюу өвлөхөөс татгалзсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Учир нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. …” гэж заасан боловч нэхэмжлэгч Т.Золзаяа нь өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байна.

           

            Иймд анхан шатны шүүх өвлөгч Т.Золзаяаг өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2016/01050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.НАРАНЦЭЦЭГ        

 

                  ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ