| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0723/Э |
| Дугаар | 746 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 746
2020 09 11 2020/ШЦТ/746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч У.Д,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цорос овогт Усны-Эхийн Далантай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000831 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Модун таун 701 байр 1304 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Цорос овогт У.Д, /РД:ИЦ74060718/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч У.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Д нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-1 япон хоолны газарт эхнэр Х.Сарантай маргалдан улмаар түүний нүд, толгой, эрүү, ам, уруул, гуя, дал, далны хэсэгт тус газарт нь гараараа цохиж тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шуу, баруун гуя, баруун өгзөгний цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын өнгөц язарсан шарх, 1 шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-иргэн Х.Сарангаас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 7-р хуудас/,
-хохирогч Х.Сарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед хуучин нэр Ханамаса хоолны газар найз Төгсжаргал, Жагаа 2-той хамт орж үйлчлүүлсэн. Тэгээд хоол идэж байхдаа хажуугаар пиво уусан. Тэр үед манай нөхөр Д надруу залгаж, мессеж бичиж байсан. Тэр үед нь би нөхөртөө утсаар яриад “удахгүй очлоо” гэж хэлсэн. Тэгээд байж байхад нөхөр дахиад залгаад байсан тэгэхээр нь би “Төгсөөтэй хамт байна” гэж хэлсэн. Тэгэхэд найз Төгсжаргал манай нөхөр рүү утсаар залгаад байгаа газраа хэлээд ирж хоол ид гэж хэлсэн. Манай нөхөр 21 цаг өнгөрөөд бид нарын байсан газар ирсэн. Тэгсэн манай нөхөр шууд хүрч ирээд сууж сандалтай хамт шууд өшиглөж унагаад нүд, толгой, эрүү, ам, уруул, гуя, дал, далны хэсэгт 7-8 удаа цохисон. Тэгээд үснээс үсдэж байгаад цохисон. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэсэн боловч ямар ч боломж олгоогүй. Тэгээд намайг зодож цохичхоод миний даавуун цүнхийг аваад манай нөхөр тэр хоолны газраас гараад явсан. Тэгээд би удаагүй найз Төгсжаргал, Жагаа 2-ын хамт Төгсжаргалын гэрт очсон. Тэгээд би тэдний гэрээс гараад шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд дараа нь цагдаа дээр ирж өргөдөл бичиж өгсөн... саяны асуудал болохоос өмнө би 3 хоногийн өмнө найзуудтайгаа гадуур гараад гэртээ үүрээр 5 цагийн орчимд гэртээ ирсэн юм. 3 хоногийн дараа фитнестээ яваад дуусаж байхад манай найз Төгсжаргал залгаад уулзъя гэсэн би гэртээ орохгүйгээр шууд Төгсжаргалтай уулзсан юм. Тэгээд уулзаад хоол идээд сууж байсан чинь нөхөр уурлаад ар араас олон залгаад би удахгүй очлоо гэж хэлчхээд очоогүй юм. Тэгээд нөхрийг гаднаас орж ирэхэд манай найз Төгсжаргал 00-н өрөө рүү явчихсан байсан. Харин Төгсжаргалын найз Жагаа миний өөдөөс хараад сууж байсан. Манай нөхөр намайг танихгүй залуутай хамт сууж байна гэж бодож уурлаад намайг хэд цохиж аваад миний даавуун цүнхийг аваад гараад явсан... Миний буруутай зарим үйлдэл байгаа, би нөхрийгөө ийм үйлдэл хийхэд хүргэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21х/,
-гэрч Т.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг өнгөрч байхад найз Сарантай Ханамаса хоолны газрын гадаа уулзсан. Тэнд үйлчлүүлж байхад Саран руу нөхөр нь залгаад байсан. Тэгээд Саран нөхөртэйгөө утсаар ярьж байхад нь би утсыг нь аваад Сарангийн нөхөр Д-д байгаа газраа хэлээд хүрээд ирээ гэж дуудсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орох гээд явсан. Тэгээд ариун цэврийн өрөө орчоод буцаад сууж байсан газраа ирсэн чинь Саранг газар унагаад нөхөр нь цохиж байсан. Би тухайн үед араас нь харсан болохоор хаана цохиж байгааг мэдээгүй, ямар ч байсан нөхөр нь цохиж байсан. Би очоод “хүүе ээ Д чи болиочээ” гэж хэлсэн чинь өөдөөс хашхираад нэг үг хэлээд Сарангийн даавуун цүнхийг гар утастай нь аваад гараад явсан. Тэгээд Саранг харсан чинь нүүрний баруун тал нь хавдаад, үүдэн нэг шүд нь унасан байсан. Тэгээд тэндээс Саранг авч гараад гэр рүүгээ аваад явсан. Тэгээд гэрт байж байгаад би унтлагын өрөөндөө ороод унтаад өгсөн, Саран том өрөөний буйдан дээр унтсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 05 цагийн үед гэрийн хаалга тогшоод байхаар нь явж очсон чинь Саран байсан. Тэгээд би “чи яагаад гараад явсан юм бэ" гэсэн чинь “би гэмтэл ороод, цагдаа орчоод ирлээ” гэж байсан... Сарангийн нүүрний тал хэсэг хавдаж хөхөрсөн, үүдэн шүд нь унаад амнаас нь цус гарч байсан. Өөр ил харагдах зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,
-гэрч Л.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цаг болох гэж байхад өөрийн ажлын газар болох “Ханамаса” рестораны үүдний кассан дээр сууж байхад гаднаас дуучин Д орж ирсэн. Би Д дуучинтай мэндэлсэн чинь юу ч дуугарахгүй шууд 2 номерын өрөө рүү яваад өгсөн. Араас нь дагуулаад харж байхад өрөөнд байсан нэг залуу дээр очоод чи хэн юм бэ гээд асууж байснаа хажууд нь сууж байсан эмэгтэй рүү очоод шууд сандалтай нь хамт өшиглөж шалан дээр унагаасан. Тэр эмэгтэйн нүүр хэсэгт 2-3 удаа цохихоор нь би шууд гүйж очиж болиулсан. Би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Д цохихоо больсон. Тэр үед хамт сууж байсан эмэгтэйн 00-н өрөөнөөс хүрч ирээд өрөөнийхөө хаалгыг хаасан. Тэгээд тэр өрөөнд байсан хүмүүсийг үлдээгээд буцаад касс дээрээ эргэж ирсэн. Удалгүй дахиж өрөөн дотор нь зодож цохиж, хэрэлдэж байгаа чимээ гараад байсан. Би сандарч очоод хаалгыг нь онгойлгоход дуучин Д-гийн эхнэр нь буланд шахагдаад айсан байдалтай сууж байсан.Би дахиад цагдаа дуудна гэсэн чинь өрөөнөөс пивоны шил, даавуун цүнх 2-г аваад гарсан. Тэр өрөөнд нэг эрэгтэй, 2 эмэгтэй хүн үлдсэн. Тэр хүмүүс байж байгаад манай ресторанаас гарч явах гэж байхад нь би түрүүлж гарч гадаа дахиад Д хүлээгээд зогсож байж магадгүй гээд гарч харсан. Харахад байхгүй болохоор нь эхнэрийн 2 найзтай нь дуудаж гаргаад машинд суулгаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
-гэрч О.Жаргалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төгсөө 00-н өрөө орох гээд явсан, яг тэр үед гаднаас Сараагийн нөхөр Д орж ирээд шууд над руу хүрч ирээд “чи хэн бэ” гэж асуусан. Би Төгсөөгийн найз гэж хариулахад ширээний нөгөө талд очоод Сараад “даварсан новш вэ” гэж хэлээд нэг удаа цохиод доошоо суухад нь нэг удаа цохисон. Энэ явдал аягүй хурдан болоод өнгөрсөн, би Д “чи болилдоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаагийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8812 дугаартай “Х.Сарангийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шуу, баруун гуя, баруун өгзөгний цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын өнгөц язарсан шарх, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-44х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч У.Д-г эхнэр Х.Сарантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цорос овогт У.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Далантайг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар У.Далантайг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, У.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ