Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 994

 

2020       05          28                                2020/ШЦТ/994

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: М.Батзаяа

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Г.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1133 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Г.Т, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.уг торгох ялыг эдлэж дуусгасан гэх

           Холбогдсон хэргийн талаар:

            Г.Т нь 200 оны 5  дугаар сарын 01-ний шөнө  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 35 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.М толгойн тус газар нь 2-3 удаа цохиж тархин доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал,дээд уруулд шарх,баруун сарвуунд цус хуралт, дээд, доод уруулд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                              

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

          Хохирогч С.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би нөхөр болох Г.Т-гийн хамт найз М-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18 дугаар байрны 35 тоотод гэрт 18 цагийн үед очсон юм. Бид хоёрыг тэдний гэрт очиход М, түүний эхнэр О 1 настай хүүхдийн хамт байсан. Бид дөрөв хөзөр тоглоод 20 цагаас эхэлж пиво уусан.  Шөнө болчихсон байсан болохоор энд хоночихоод явъя гэсэн чинь манай нөхөр эхлээд За тэгье гэж байснаа уурлаад Чи айлд хонох гэлээ, одоо явъя гэхээр нь би орой болчихсон байна ш дээ гэж хэлсэн.  Тэгсэн чинь Г.Т уурлаад “Чи айлд хонож янхандах гэлээ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад толгой  тус газарт олон удаа цохьсон. Мөн миний уруул руу мөргөөд нүүр руу гурван удаа цохисон. Нэг цохиход миний шанаа хавдаад, дахиад нэг цохиход хамарнаас цус гараад, нэг мөргөхөд амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг  / хх-н 03/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5367 тоот шинжээчийн

          1.С.М биед тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун сарвуунд цус хуралт, дээд доод уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлэр үүснэ.

         3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

         5 Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, баруун сарвууны цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд, доод уруулын сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт  / хх-н 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 19-20/,

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”.. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхрийн найз Г.Т нь эхнэрийн хамт 16 цагийн орчимд ирсэн. Ингээд бид хэд хоол унд хийж идээд ойр зуурын юм ярилцан 2-3 ширхэг том пиво уусан. Ингээд би Т, М хоёрт том өрөөнд ор засч өгчхөөд буцаад жижиг өрөөндөө орсон. Тэгтэл М, Т хоёр хэрэлдэж, маргалдаад байх шиг байсан. Мөн Т, М хоёр хэрэлдэж маргалдсаны дараа М-ийн үс нь арзайчихсан байсан. Өөр ил харагдах шархыг бол хараагүй... гэсэн мэдүүлэг  / хх-н 61-62/,

         Г.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 30-31/,захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 33-46/

          Г.Тд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 21/, прокурорын тогтоол /хх-н 22-23/,

     Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би орой 18 цагийн үед эхнэртэйгээ хоёулаа найз М-рүү явсан Тэгээд тэднийд очиж байж байгаад 21 цагийн үед М бид хоёр 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэг ширхэгийг уусан. Тэгээд ууж дуусаад бид хэд унтах гээд хэвтэж байгаад зураг үзэж байгаад түүнээс болоод маргалдаад би үснээс нь татаад нүүр лүү нь 2 удаа алгадсанаа санаж байна өөр зүйл сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 09-10/,

          Г.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  22-23/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Г.Т-г  2020 оны 5  дугаар сарын 01-ний шөнө  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 35 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.М толгойн тус газар нь 2-3 удаа цохиж тархин доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал,дээд уруулд шарх,баруун сарвуунд цус хуралт, дээд, доод уруулд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т нь 2000 оны 05 дугаар сарын 01-ний шөнө  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 35 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.М-г чи айлд хонож янхандах гэлээ” гэх шалтгаанаар түүний  толгойн тус газар нь 2-3 удаа цохиж тархин доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал,дээд уруулд шарх,баруун сарвуунд цус хуралт, дээд, доод уруулд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд

Хохирогч С.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Шөнө болчихсон байсан болохоор энд хоночихоод явъя гэсэн чинь манай нөхөр эхлээд За тэгье гэж байснаа уурлаад Чи айлд хонох гэлээ, одоо явъя гэхээр нь би орой болчихсон байна ш дээ гэж хэлсэн.  Тэгсэн чинь Г.Т уурлаад “Чи айлд хонож янхандах гэлээ” гэж хэлээд миний үснээс зулгаагаад толгой  тус газарт олон удаа цохьсон. Мөн миний уруул руу мөргөөд нүүр руу гурван удаа цохисон. Нэг цохиход миний шанаа хавдаад, дахиад нэг цохиход хамарнаас цус гараад, нэг мөргөхөд амнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг  / хх-н 03/,

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5367 тоот шинжээчийн дүгнэлтээр 1.С.М биед тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, баруун сарвуунд цус хуралт, дээд доод уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлэр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, баруун сарвууны цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээд, доод уруулын сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэж тогтоогджээ.

          Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М, Т хоёр хэрэлдэж, маргалдаад байх шиг байсан. Мөн Т, М хоёр хэрэлдэж маргалдсаны дараа М-ийн үс нь арзайчихсан байсан. Өөр ил харагдах шархыг бол хараагүй... гэсэн мэдүүлэг  / хх-н 61-62/,

     Яллагдагч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид хэд унтах гээд хэвтэж байгаад зураг үзэж байгаад түүнээс болоод маргалдаад би үснээс нь татаад нүүр лүү нь 2 удаа алгадсанаа санаж байна өөр зүйл сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 09-10/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

        Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 66/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.          

         Энэ хэргийн улмаас Г.Т   нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. У овогт Г.Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар Г.Т-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750.000 төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Т нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Т нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

        5. Г.Т  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Т  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Т-д    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН