| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0702/Э |
| Дугаар | 747 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 747
2020 09 11 2020/ШЦТ/747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч И.Ариунсанаа,
хохирогч С.Болормаа, түүний өмгөөлөгч Ц.Энхтүвшин,
шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Долоод овогт Оюунгэрэлийн Александрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911011360716 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-558 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Долоод овогт О.А /РД:УХ96090672/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн 1231, 1307 дугаартай хохирогч С.Болормаагийн түрээслэн ажиллуулдаг хүүхдийн тоглоом худалдан борлуулдаг лангуунд хөлсөөр ажиллах гэрээгээр худалдагчаар ажиллах явцдаа, түүний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан мөнгийг хувьдаа завшиж нийт 13.128.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч С.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр худалдааны төв дээр 1231 дугаартай болон 1307,1308 дугааруудтай залгаа том лангуу гээд нийт 2 хүүхдийн тоглоомын худалдааны лангуу ажиллуулдаг. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн О.А-тай гэрээ байгуулан 1231 дугаартай лангуунд худалдагчаар авч ажиллуулж эхэлсэн ба О.Александр нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр О.А-ыг ажилд авснаас хойш анх удаа лангуун дээр тооллого явуулсан ба тооллогоор ойролцоогоор бүтэн жилийн хугацаанд нийт 13.162.300 төгрөгийн үнэ бүхий бараа материал дутаасан байсан. Тэгээд О.А-ыг ажлаас халах гэтэл “ та надад нэг удаа боломж олгооч, өөрөө мөнгө авсан гэдгээ давхар хүлээн зөвшөөрч сар бүр цалингаасаа 500 000 төгрөгийг өгч байя “ гэж хэлэхээр нь түүнд би итгээд дахин нэг сарын хугацаатай 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулахад дахин 1.000.000 орчим төгрөг дутаахаар нь шууд ажлаас нь халсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-32х/,
- Хөлсөөр ажиллах гэрээ /хх-ийн 7х/,
- “Стандарт дүгнэлт“ аудит ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хараат бус аудитын дүгнэлт /хх-ийн 62х/,
- Шинжээчийн 132 дугаартай: “Стандарт дүгнэлт“ аудит ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хараат бус аудитын дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Алтжин бөмбөгөр худалдааны төвийн 1231 дугаарын лангуу түрээслэгч С.Болормаа нь худалдагч О.А-т бараа материал олгохдоо зарлагын баримт бичиг гарын үсэг зуруулан баталгаажуулж байсан мөн борлуулалтын орлогыг кассын баримт бичиг гарын үсэг зуруулж тооцоо хийж байсан байна. Шинжилгээнд ирүүлсэн анхан шатны баримтаар С.Болормаа нь 2017 оны 11 дүгээр сарын 06-нд 13.301.500 төгрөгийн бараа тоолж хүлээлгэн өгч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд С.Болормаагаас падаанаар 91.229.000 төгрөгийн бараа 1307, 1308 лангуунаас падаанаар 15.985.100 төгрөгийн бараа нийт 120.215.600 төгрөгийн бараа хүлээн авч С.Болормаад падаанаар 1.303.000 төгрөгийн бараа буцаан, 1307, 1308 лангуунуудад баримтаар 1.303.500 төгрөгийн бараа өгч бэлэн мөнгөөр 61.943.500 төгрөгийн картаар 25.117.500 төгрөгийн борлуулалт хийн хоолны зардалд 1.025.000 төгрөгийн зарлага гаргаж тооллогоор байх үлдэгдэл 26.044.600 төгрөг эцсийн тооллогоор 12.916.300 төгрөгийн бараа тоологдож 13.128.300 төгрөгийн тооцооны зөрүү байна...” /хх-ийн 48х/ гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.А-ыг шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр хохирогч С.Болормаагийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарж борлуулсан мөнгийг хувьдаа завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Болормаад нийт 13.128.300 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч О.А-аас дээрх хохирлыг гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад “Стандарт дүгнэлт “аудит ХХК-аар дүгнэлт гаргуулахад хохирогч С.Болормаа нь аудитын үйлчилгээний хөлсөнд нийт 2.000.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул үүнийг тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал гэж үзэн О.А-аас гаргуулж, хохирогч С.Болормаад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.А-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Долоод овогт О.А-т бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Александрыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан О.А-аас нийт 13.128.300 /арван гурван сая нэг зуун хорин найман мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Болормаад олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.А-аас 2 сая төгрөг гаргуулж хохирогч С.Болормаад олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. О.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ