Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 748

 

 

 

     2020        09          11                                   2020/ШЦТ/748

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Л.Г,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хонгор овогт Л.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011013480801 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10-263 тоотод оршин хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хонгор овогт Л.Г, /РД:ХЖ81071515/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 10-263 тоотод хохирогч Б.Алтанзулыг бусадтай хамт байснаас үүдэн, гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун хөх, баруун зүүн дал, бүсэлхий, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, бугуй, баруун зүүн гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

           - хохирогч Б.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г-тай 2020 оны 3 дугаар сард танилцаад ер нь хамтран амьдрах бодолтой бид хоёр үерхэж нөхөрлөөд хоёр биеийнхээ гэрээр орж гардаг байсан юм. Тэгсэн анх удаа буюу 2020 оны 7 дугаар сарын 10-ны орой 17-18 цагийн үед Ичинбат, Тунгалаг ах эгч хоёрын гэр ойрхон байдаг тул би гэрт нь орсон чинь дүү гээд нэг залуу байсан. Тэгээд үл таних залуу бид дөрөв нийлээд Хараа архи уугаад сууж байтал Ганбат гаднаас ганцаараа ороод ирсэн, орж ирээд шууд нэг удаа толгой руу гараараа цохиод үснээс зулгаагаад гэрээс нь чирч гаргаад Чингэлтэй 15 дугаар хороо 10-263 тоотод байх өрөөнийхөө гэрт оруулж байгаад нүүр, толгой, гар, хэвлий хэсэг лүү 15-16 удаа цохих үед би ухаан балартаад байхаар нь би 00 руу гүйгээд орсон чинь араас гүйж ирээд нүүр лүү яг 4 удаа цохисон чинь эргүүлээр явж байсан цагдаа нар ирээд Г-ыг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17х/,

           - Шинжээчийн 8028 дугаартай “...Б.Алтанзулын биед баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун хөх, баруун зүүн дал, бүсэлхий, нуруунд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, бугуй, баруун зүүн гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх баруун сарвууны дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Л.Г-ыг хохирогч Б.Алтанзулыг хардалтын улмаас зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Хонгор овогт Л.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Г-ыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.Г-ыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ