Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 762

 

  2020          09          21                                   2020/ШЦТ/762

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Н.Э,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Өөлд овогт Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000150070 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагаан Өнөр 1053 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Н.Э /РД: РЮ98042612/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг  "Оранж" төвийн хашаан дотор хохирогч Ц.Уламбаяртай маргаан үүсгэн улмаар зодож, бие махбодод нь тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Бид нар хэрэг болдог өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө найз нараараа уулзчихаад 01 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах ЭМЖИ караокегоос Бүрэнжаргал, Энхбаясгалан нарын хамт гараад явж байхад Бид нарын урдуур үл таних нэг залуу бид 3-ыг хараад өнгөрсөн бөгөөд цаана очиж зогсоод бид нар луу хараад байх шиг болохоор нь "яасан хөөе" гэхэд өөдөөс "...яасан..." гэхээр нь нөгөө танихгүй залуу руу дөхөж очоод яасан гэнээ гэхэд нөгөө залуу юм хэлэлгүй намайг түлхсэн бөгөөд газар халтиргаатай байсан тул би халтираад унасан энэ үед Энхбаясгалан хүрч ирээд нөгөө залууг заамдаад авахаар нь босож ирээд нөгөө залуугийн нүүр орчимд нь 2 удаа цохисон тэгээд хоорондоо зууралдаад авахад халтираад бид гурав 3-уулаа газар унасан энэ үед би босож ирэхэд хохирогч Уламбаяр нь гараараа нүүрээ хаачихсан хэвтэж байхаар нь толгой орчим руу нэг удаа өшиглөхөд хажууд байсан Энхбаясгалан намайг салгаад цааш аваад явсан бөгөөд Бүрэнжаргал босгоод уулзаж байгаа харагдсан. Манай 2 найз хажууд байсан хохирогч Уламбаярыг зодож цохисон талаар хараагүй. Дээрх гэмтлийг би түүнд үүсгэсэн байх. Нүүр орчимд нь гараараа 2 удаа цохиод дараа нь нэг удаа толгой орчим руу нь өшиглөсөн юм..." гэх мэдүүэг /хх-ийн 34х/,

- хохирогч Ц.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...  машиндаа суух гээд алхаж байтал Оранж плазагийн хашаан дотроос хэсэг залуучууд гарч ирээд зөрөөд өнгөрөх үед тухайн залуучуудын нэг нь тиймээ гөлөг минь гэхээр нь эргэж хараад юу гэнээ гэтэл нөгөө залуу над руу гүйгээд ирсэн бөгөөд би нөгөө залууг түлхчихсэн чинь газар унасан энэ үед цаана зогсож байсан залуучууд нэг нь хүрч ирээд хажууд байсан түгээлтийн машин руу түлхэж унагаад бөөндөө дээрээс өшиглөсөн тэр үед би малгайтай куртикнийхээ малгайг өмсөөд гараараа нүүрээ дараад хэвтсэн, бүгд л өшиглөөд нуруу болон толгой хэсэг рүү өшиглөөд байсан тэгсэн түгээлтийн машины ах мэдээд бууж ирээд болиоч гэх үед нөгөө залуучууд над руу дайрсан согтуу залуугаа аваад цааш явцгаасан. Би нүүрээ дараад хэвтчихсэн байсан болохоор яг хэн нь яаж цохисныг мэдэхгүй ямар ч байсан миний нуруу болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Зузаан куртик өмсчихсөн байсан болохоор ил харагдах гэмтэл үүсээгүй. Миний биед хэн гэмтэл үүсгэсэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн залуучуудын нэг үүсгэсэн байх. Би гомдолтой байна. Би 585.000 мянган төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд үүнээс 285.000 мянган төгрөгийн хохирол үлдэж байна үүнийгээ гаргуулмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

- гэрч Т.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Бид нар хэрэг болдог өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө найз нараараа уулзчихаад 01 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах нэг караокегоос Энхбаясгалан, Э нарын хамт гараад явж байхад Э-ийн урдуур нэг залуу муухай хараад өнгөрсөн бөгөөд Э тухайн залууд хандан яасан гэж хэлэхэд нөгөө залуу яасан гэнээ гэж өөдөөс хэлсэн бөгөөд энэ үед Энхсайхан тухайн залуу руу тулж очиход нөгөө хохирогч гэх залуу Э-г түлхээд унагаасан энэ үед Энхбаясгалан дундуур нь орж нөгөө залууг цааш түлхэхэд Энхсайхан босож ирээд нөгөө залуугийн нүүр орчимд гараараа 2 удаа цохисон бөгөөд Энхбаясгалан нөгөө 2-ыг салгах гээд дундуур орж зууралдаад газар халтиргаатай байсан болохоор 3-уулаа цуг газар унасан, энэ үед Э босож ирээд нөгөө залуугийн толгой орчим руу нэг удаа өшиглөсөн тэр үед хохирогч гэх залуу гараараа толгойгоо хаачихсан байсан тэгээд салаад Энхбаясгалан Э-г цааш авч яваад би нөгөө хохирогч гэх залууг босгож хувцсыг нь гөвж өгөөд салсан өөр болсон зүйлгүй. Бид нар найз нараараа уулзаж пиво уусан байсан. Бид нар караокед орохдоо 5-уулаа байсан харин зодоон болох үед 3-уулаа байсан Лхагвадэмбэрэл, Баясгалан 2 тооцоо хийчхээд хэрүүл зодоон болоод дууссаны дараа араас гарч ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/,

- гэрч Э.Энхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...бид нарын урдуур үл таних нэг залуу зөрөөд өнгөрсөн бөгөөд Э тухайн залууд хандан яасан гэж хэлэхэд нөгөө залуу юу гэнээ гэж өөдөөс нь хэлсэн. Энэ үед Э тухайн залуу руу гүйгээд очиход нөгөө хохирогч Уламбаяр гэх залуу Э-г түлхээд унагаасан энэ үед би дундуур нь орж нөгөө залууг цааш түлхэхэд Э босож ирээд нөгөө залуугийн нүүр орчимд 2 удаа цохисон. Би тэр 2-ыг салгах гээд дундуур нь орж зууралдаад 3-уулаа цуг халтирч газар унасан. Энэ үед Э босож ирээд нөгөө залуугийн толгой орчимд нэг удаа өшиглөсөн бөгөөд би босож ирээд Э-г цааш авч яваад Бүрэнжаргал нөгөө хохирогч гэх залууг босгож байгаа харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

Шинжээчийн 556 дугаартай "...Ц.Уламбаярын биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Э-г үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Уламбаяртай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Ц.Уламбаяр нь өөрт учирсан хохирлоо бүрэн хүлээж авсан болохоо мэдүүлсэн бичгийн баримт нь хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Өөлд овогт Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман /8/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ