| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0739/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 763
2020 09 21 2020/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Н.Б,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чонос овогт Н-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000825 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 12-164 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Чонос овогт Н.Б, /РД:ХМ87033017/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 12 дугаар гудамжны 164 тоотоос хохирогч М.Ариунзаяагийн эзэмшлийн “Айфоне-7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Н.Б- ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...ахын гэрт орсон чинь хадам эгч Баянзул, түүний эмэгтэй найз унтаж байсан бөгөөд манай ах байхгүй байсан. харин Баянзул эгчийн найзынх нь хөлийн ойролцоо Айфоне загварын гар утас цэнэглэж байхаар нь авчихсан. Тэгээд Багшийн дээд орж ээжээс эм 60,000 төгрөг авна гэж хэлж аваад Монтел худалдааны төв орж кодыг нь танихгүй хүнээр гаргуулаад нэг эмэгтэй худалдагчтай лангуун дээр орчиж тохироод 280,000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/,
- хохирогч М.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 12 дугаар гудамжинд өөрийн найз Баянзул, Батсүрэн нарын хамт Баянзулын машинд пиво ууж байгаад өглөө 07.00 цагийн үед утсаа цэнэглэх гээд Батсүрэнгийн гэрт бид гурав орсон. Тэгээд би утсаа цэнэглээд байж байхдаа унтаад өгсөн ба 16:00 цагийн үед сэрээд утсаа авах гэтэл миний утас байхгүй байсан. Тэгээд би Баянзул, Батсүрэн хоёроос асуусан чинь тэр хоёр ерөөсөө мэдэхгүй байсан ба хайгаад олдохгүй байж байтал Батсүрэн тэгвэл манай дүү авсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би юун дүү ямар дүү гэсэн чинь манай хажуу талд ээжтэй хамт амьдардаг Б гээд дүү байдаг юм гэсэн.
Тэгээд Б-г асуусан чинь гэртээ байхгүй байхаар нь түүний утас руу Батсүрэн залгаад асуухад мэдэхгүй гээд гүрийгээд байсан. Тэгээд ер нь Б-г гэж мэдчихээд цагдаад өргөдөл гаргасан ба удалгүй цагдаагаас дуудаад Б авсан байна гээд миний гар утсыг хүлээлгэж өгсөн. Би бодохдоо намайг унтаж байхад Батжаргал орж ирээд аваад гарсан гэж бодсон. Тэр үед Баянзул унтаж байсан ба Батсүрэн дэлгүүр явах шиг болсон. Тэр хооронд л авсан. ...Намайг гар утсаа авах үед форматалсан байсан боловч ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
-иргэний нэхэмжлэгч Б.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийн Моби шопод 13 дугаар лангууг түрээслэн ажилладаг бөгөөд 2020 оны 08 дугаар сарын эхээр манай дэлгүүрт нэг залуу орж ирээд хажуу талын худалдагч Гүнсэндоржид нэг Iphone-7 загварын гар утас үзүүлсэн юм шиг байгаа юм. Тэр үед Гүнсэндорж мөнгө байхгүй байна, та үзэх үү гэхээр нь би үзсэн чинь ямар нэгэн цоожгүй, дотор нь ямар нэгэн файл байхгүй байсан ба тэр залуу хэлэхдээ хөдөө явах гэж байгаа зардлын мөнгө хэрэгтэй байна, наадах чинь миний утас байгаа юм гэхээр нь би сонирхсон. Өөрөө 300.000 төгрөг гэхээр нь 280.000 төгрөг гэж тохироод би мөнгийг нь өгсөн. Тэгтэл 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр юм байна. Нөгөө надад утас зарсан залуу хоёр эмэгтэй хүнтэй орж ирсэн. Нэг эмэгтэй нь нөгөө залуугийн зарсан гар утас байна уу гээд үзээд тэд нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан ба удалгүй цагдаа ирээд утас хураагаад аваад явсан Би тэр гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүйгээс гадна мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл тэр гар утас ямар нэгэн цоожгүй, мөн дотор нь ямар нэгэн файл байхгүй, тэр хүн өөрийнхөө сим картыг хүртэл хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
-хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32х/,
-эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Б-г шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнийг тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Н.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б-д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтыг журамлан Н.Б-г тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б-г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: С.БАТГЭРЭЛ