Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 227

 

 

С.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          Прокурор Ч.Алтансүх,

          Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.О,

          Хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Х.У,

          Нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Х.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн 1706 0199 50149 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн С-гийн Г, 1987 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийтийн хэв журам хамгаалах газрын харуулын цагдаа ажилтай байсан, ам бүл, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 29-17 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

С.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын хашаанд тус газрын Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн Банк хамгаалах гэрээт тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Б-ийг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г-ийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Г-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий шар өнгийн дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалж, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хүнд хагалгаанд орж зүүн талын хацар, гар, хөл мэдээгүй болж саажсан ба ямар ч ажил хийх чадваргүй болж одоог хүртэл эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж, олон удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байна. 3 дугаар сард тархины хагалгаанд орж гавлын яс нөхүүлнэ. Хагалгааны зардал, эмчилгээний үнэ хөлс, хэд хоног хэвтэхээ мэдэхгүй байна. Надад маш хэцүү байна.

2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон ба хурал эхлэхээс 10 минутын өмнө 6.141.000 төгрөг миний ээжийн данс руу хийсэн. Өмнө нь намайг хагалгаанд ороод 18 хоног хэвтэхэд 1.000.000 төгрөг, дараа нь нөхөн сэргээлт эмчилгээ хийлгэж байхад 1.000.000 төгрөг, нийт 8.141.000 төгрөгөөр миний эрүүл мэндийг шүүх, С.Г нар үнэлсэн. Үүний 5.700.000 төгрөг нь миний эмчилгээндээ хэрэглэсэн зардал буюу бодит хохирлын тал хувь. Нийт хохирлын төлбөр 13.177.000 төгрөг болж байна. С.Г энэ мөнгийг болон дараагийн хагалгаанд ороход туслана гэж шүүхэд хэлсэн боловч хурлын маргааш өдрөөс өнөөдрийг хүртэл 91921811 гэсэн дугаартай гар утсаа унтраагаад сураггүй болсон.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг хохиролтой, гомдолтой байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр сонсоогүй. Шүүгч Мөнхтуяа хуралдаанд оролцож чадахгүй, өвчтэй бол хэлэх үгээ цаасан дээр бичээд ирүүлж болно гэсэн тул би С.Гт гомдолтой байна гэж бичээд явуулсан. Бидний өмгөөлөгч аль талд яаж юу яриад байгааг ойлгоогүй. Шинжээч эмчээс “хүнд хохирол санаатай учруулсан” гэж нотолгоотой, гэрчүүдийн мэдүүлгээр ярьж тайлбарлаад байхад хохирсон намайг хүн гэж шүүх бодоогүйд маш их харамсаж байна.

С.Г-т бүр их гомдож байна. Иймд эрүүл болохын төлөө өнөөдрийг хүртэл хэрэглэсэн 13.177.000 төгрөгийг С.Гээр гаргуулж өгнө үү ...” гэв.

             Хохирогч Э.Б-ий өмгөөлөгч Х.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Э.Бийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа болно. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б нь өөрийн өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн гэх өмгөөлөгчийг сонгон авсан гэх боловч хуульд зааснаар тухайн өмгөөлөгч эрх зүйн туслалцааг хангалттай үзүүлээгүй нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Тухайлбал: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б нь байнгын эмчилгээтэй байсан, хохирогчийн биед амь насанд аюултай гэмтэл учирсан тул биеийн байдлаас хамаарч дотоод гадаадын эмнэлгээр явж эмчлүүлэх, биеийн байдлыг сайжруулах, хэвийн хэмжээнд оруулахаар бид холбогдогчоос 40.000.000 төгрөгийг нэхэмжлэх талаар дурдаж байсан.

Тухайн үеийн бодит хохирлын талаарх баримт нь нийт 19.477.000 орчим төгрөгийн баримт цугларсаныг хэрэгт хавсаргахаар өгөх гэтэл яллагдагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нь “5.700.000 төгрөгийн баримтыг нь өгчих, үлдэгдэл баримтыг иргэний журмаар нэхэмжилж болно, яллагдагч хэрэв  ял аваад явчих юм бол та энэ хохирлоо авч чадахгүй, тийм болохоор би энэ хохирлыг чинь өгүүлэх талын арга хэмжээг авъя” гэснээр зарим хохирлын баримтаа авч хоцорсон байна.

Анхан шатны шүүх нь хэргийг хэлэлцэх явцад хохирогч талаас гомдолтой байгаагаа удаа дараа хэлж байсан. Хохирол төлөгдөөгүй, цаашид эмчилгээнд явах шаардлагатай, одоо биеийн байдал маш муу, саажилттай, гар хөл нь мэдээгүй, дахин хагалгаанд орох хэрэгтэй гэж мэдүүлсээр байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилаагүй байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох байдал тогтоогдсоор байхад хууль зөрчиж шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулсан.

Түүнчлэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгдөөгүй, хохирогчийн бие сайжраагүй байхад шүүх үндэслэлгүй ялыг хөнгөрүүлсэн. Улсын яллагч хорих ял оногдуулах санал дүгнэлт гаргасан, шүүдэгчийн хувьд хүнд гэмт хэргийг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, гэм хор, хохирлыг тооцолгүй буруу дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нь баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм хор арилаагүй, гомдол саналтай байсаар атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг зөрчиж хууль буруу хэрэглэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчид хууль бусаар нөлөөлж, шүүгдэгчид ял завшуулах, хөнгөн ял шийтгэл оногдуулах зорилгоор шүүхэд хандаж хохирогчийг гомдол саналгүй, цаашлаад нэхэмжлэх хохиролгүй мэтээр харагдуулж, зарим баримтыг өгүүлээгүй шүүгдэгчид хөнгөн ял шийтгэх үндэслэл болж шүүгчийн дотоод итгэлд халдсан байх тул хохирогчийн ээж болох Х.Алтанцэцэг нь давж заалдах гомдол гаргаж, түүний хамт 29 хуудас, хохирогчийн эмчилгээтэй холбоотой бодит /хохирлын/ баримтыг анхан шатны шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөд шүүх дардас дарж баталгаажуулан авсан хэрнээ Х.А-т хохирлын баримтаа аваарай манайх авахгүй, давж заалдах шатны шүүхэд гаргаарай гэсэн байх тул өмгөөлөгч миний бие 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд хамт очиход шүүх баримтыг гаргаж өгөхдөө хохирлын баримтад дарагдаж баталгаажсан дардасыг арилгаж байсныг зогсоон авсан болно.

Хохирогчийн анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй гэх баримт нь өмнө гаргаж өгсөн баримттай цаг хугацааны хувьд давхацсан бөгөөд шинээр үйлдсэн баримт биш болохыг шинжлэн судалж тогтоож болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хохирлын баримт болон хүсэлтийг гаргах эрхтэй байхад хууль зөрчиж баримтыг хүлээн авахгүй байгаа нь илт үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн гаргаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.5 дугаар зүйлүүдийг шийтгэх тогтоол гаргахдаа харгалзаагүй. Мөн хэргийг шийдвэрлэхэд шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байсаар байтал шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 10.3 дугаар зүйл, 10.4 дүгээр зүйл 35.5 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн, энэ талаар хохирогчийн өмгөөлөгч эрхээ эдэлж хуульд заасан арга хэмжээг аваагүй байна.

Тухайлбал: Хэргийг шийдвэрлэсэн шүүгч Д.Мөнхтуяа, холбогдогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нар нь Говь-Алтай аймгийн иргэд бөгөөд тус аймгийн хуулийн байгууллагад хамтран ажиллаж байсан тул татгалзан гаргах үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн эх Х.Алтанцэцэг нь холбогдогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хоёр нь багын найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд энэ харилцааг ашигласан байж болохоор байна. Х.Алтанцэцэгт холбогдогчийн өмгөөлөгч нь багын найз гэж шүүхэд хэлэх хэрэггүй, танай хүүхэд байсан юм уу, мэдсэн бол гэх мэтээр хэлж байснаас үзэхэд шүүхэд нөлөөлсөн байх үндэслэлтэй. Холбогдогчийн өмгөөлөгч нь хохирогчийн ээжийг төөрөгдөлд оруулж, хийх ёстой үйлдлүүдийг хийлгэлгүй өөрт ашигтайгаар эргүүлснээс хохирогчийн гомдол тасрахгүй байгаа болно. Иймд хохирогчийн хохирлын баримтад тусгагдсан хохирлыг гаргуулах, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү …” гэв.

Шүүгдэгч С.Г-ийн өмгөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх С.Г-т холбогдох хэргийг хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч С.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Санаандгүй байдлаас гэмт хэрэг гарсан. Гэм буруу байгаа ...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирол төлбөрийн хувьд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын хашаанд тус газрын Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн Банк хамгаалах гэрээт тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Бийг зодож түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд болон шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын төрөл, хэмжээтэй. Гэтэл С.Г нь хохирогч Э.Бий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй байгааг шүүх харгалзан үзэлгүй шүүгдэгчид торгох ялыг сонгон хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогч М.Билгүүн болон түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧИД                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ