| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
| Хэргийн индекс | 126/2018/0017/З |
| Дугаар | 00007 |
| Огноо | 2019-02-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн Д.О, Н.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Галт сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “...иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
Нэхэмжлэгч Д.О, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...эхнэр бид хоёр айл болсноос хойш хүүхэд тогтохгүй байсан учир хүүхэд өргөж авахаар шийдэж, Мөрөн сумын иргэн Р-аас хүү Д-ийг 1989 онд 1 настай байхад нь өргөж авч, тухайн үед Галт сумын иргэний бүртгэлийн ажилтанд өргөдөл хүсэлт гаргаснаар О-ийн Д гэж бүртгэсэн хүүхдийн гэрчилгээг олгосноор бүх бичиг баримт О-ээр овоголож, бидний гар дээр өсөн торниж, улмаар 2015 онд иргэний үнэмлэх авахаар баримт бүрдүүлж өгөхдөө төрсний гэрчилгээг нь хавсаргаж өгсөн боловч, төрсний гэрчилгээг нь эргэж өгөөгүй, ингээд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ шаардлагатай болоход хүү О.Д-ийн төрсний гэрчилгээг иргэний бүртгэлийн ажилтнаас асуухад, эхээр нь аваагүй гэх ба лавлагаа авахад үрчлэлтийн Б-ын Д гэсэн тухай гарч ирж байгаа бөгөөд тухайн үед иргэний бүртгэлийн ажилтан үрчлэлтийн бүртгэл хийлгүйгээр төрсний гэрчилгээ бичиж өгсөн бүртгэлийн ажилтны буруутай байдал тогтоогдож байх тул иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О, эхнэр Н.Б нар нь 1988 онд төрсөн хүү Д-ийг 1989 онд үрчилж авч, Хөвсгөл аймгийн Галт сумын иргэний бүртгэлийн ажилтан Ж-д өргөдөл гаргасан. Өргөдөл гаргаснаар улсын бүртгэлийн ажилтан нь хүүхдийн төрсний гэрчилгээг О-ийн Д гэсэн нэртэй олгосон. Зохих ёсны байгууллагаас авсан хүчин төгөлдөр бичиг баримтын дагуу хүү О-ийн Д нэртэйгээр цэцэрлэг, сургуульд сурж энэ овгоор иргэний үнэмлэх авсан. Д.О, Н.Б нар Д-ийг өргөж авахаасаа өмнө 2 хүүхэд төрүүлсэн ч тогтоогүй, өргөж авснаас хойш 3 хүүхэд төрсөн. Б хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт орох гээд 4 хүүхдийн төрсний гэрчилгээ шаардлагатай болсон. Тэгтэл Д-ийн гэрчилгээ олдохгүй байсан тул хурууны хээгээр лавлагаа авахад үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй Б-ын Д гэсэн лавлагаа гарсан байна. Д нь би өөрийнхөө эцэг, эхийг төрсөн эцэг эхээ гэж боддог, үрчлэгдсэн гэдгээ сүүлд мэдсэн. Ээжийг минь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт оруулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Тухайн үед улсын бүртгэлүүд янз бүрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хэм хэмжээний актууд зэргээс болоод бүртгэлүүд янз бүрээр явагдаж ирсэн. 1990 оноос Монгол Улсын цахим мэдээллийн сан үүсээд албан ёсоор 1993 оноос цахимжуулалт хийсэн. Тэгэхээр тухайн үед Д-ийн үрчлэлтийн бүртгэлийг нь бүртгээд, үрчлэлтийн гэрчилгээ олгох ёстой байсан боловч хийгдээгүй байна. Үүний улмаас лавлагаан дээр үрчлэлт бүртгэлгүй гарч ирж байна. Улсын бүртгэлийн ажилтны зохих ёсны бүртгэл хийгээгүй эс үйлдэхгүй байна. Энэ нь хууль бус байна. Д 30-н нас хүрч байхад улсын бүртгэл О-ийн Д болгож өөрчлөлт хийгдээгүй байгаа нь тодорхой байгаа ба Д.О, Д нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учраас 1989 онд Д-ийг үрчлэгдсэнээр бүртгэж өгөхийг Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан болон Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тайлбартаа: “ ...тус хэлтсийн архивын санд О-ийн Д /рэ88062732/-ын үрчлэлтийн бүртгэлийг 1989-2004 онуудад шалгаж үзэхэд бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна гэжээ.
Хариуцагч Галт сумын ЗДТГ-ын улсын бүртгэгч П.Д-аас “... Үрчлэлтийн бүртгэл хийгдсэн тухай бүртгэл хөтлөгдөөгүй байна. О.Д-ийн төрсний гэрчилгээг үндэслэн 2004 онд 16 настайд нь иргэний үнэмлэх захиалсан байх бөгөөд эх хувиар нь аваагүй, хуулбарлан авсан байдаг, О-ийн Д гэж баримтууд бүрдүүлснээр иргэний үнэмлэхээ авсан. Үндсэн мэдээллийн санд үрчлэлтийн мэдээлэл шивэгдээгүй байсан гэжээ.
Гуравдагч этгээд О.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...намайг О-ийн Д гэдэг. Намайг 10,11 сартай байхад л аав, ээж 2 маань өргөж авсан гэдэг ба би иргэний үнэмлэх авахдаа зургаа авахуулж, төрсний гэрчилгээгээ өгсөн , түүнийг үндэслэн иргэний үнэмлэх өгсөн. Төрсний гэрчилгээ байхгүй байсан бол иргэний үнэмлэх олгогдохгүй байсан. Ийм учраас миний эцэг, эх намайг 1 нас хүрээгүй байхад өргөж авч, нас биенд хүргэн айл болгосон байхад үрчлэлтийн бүртгэлийг тухайн үед нь хийгээгүй байсан бүртгэлийн ажилтны буруугаас болж ээж маань тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаад гомдолтой байна. Миний төрүүлсэн эцэг, эхээ мэдэхгүй, ээж маань нас барсан юм шиг байна лээ. Нэхэмжлэлийг хангаж, ээжийг минь хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжоор хангаж өгнө үү. би өөрөө Баянхонгор аймагт ажилтай учраас шүүх хуралдаанд намайг байхгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан боловч манай байгууллагын иргэний баримтын архивын сангаас баримт олдоогүй. Тиймээс үрчлэлт бүртгэлгүй гэсэн хариуг хэлсэн. Мөн үрчилснийг батлах нотлох баримт байхгүй учраас үрчлэлтийг бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Одоо нэгэнт манай архивын баримтаас нотлох баримт гараагүй учраас захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гарахыг харна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Галт сумын 3 дугаар баг, Рашаант хэмээх газарт оршин суух, Д.О, Н.Б нараас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Галт сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан нарт холбогдуулан “...иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Маргааны үйл баримтаас дурдвал: Нэхэмжлэгч Д.О, Н.Б нараас “...эхнэр бид хоёр айл болсноос хойш хүүхэд тогтохгүй байсан учир хүүхэд өргөж авахаар шийдэж, Мөрөн сумын иргэн Р-аас хүү Д-ийг 1989 онд 1 настай байхад нь өргөж авч, тухайн үед Галт сумын иргэний бүртгэлийн ажилтанд өргөдөл хүсэлт гаргаснаар О-ийн Д гэж бүртгэсэн хүүхдийн гэрчилгээг олгосноор бүх бичиг баоримт О-ээр овоголож, бидний гар дээр өсөн торниж, улмаар 2015 онд иргэний үнэмлэх авахаар баримт бүрдүүлж өгөхдөө төрсний гэрчилгээг нь хавсаргаж өгсөн боловч, төрсний гэрчёилгээ нь эргэж өгөөгүй, ингээд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ шаардлагатай болоход хүү О.Д-ийн төрсний гэрчилгээг иргэний бүртгэлийн ажилтнаас асуухад эхээр нь аваагүй гэх ба лавлагаа авахад үрчлэлтийн Б-ын Д гэсэн тухай гарч ирж байгаа бөгөөд тухайн үед иргэний бүртгэлийн ажилтан үрчлэлтийн бүртгэл хийлгүйгээр төрсний гэрчилгээ бичиж өгсөн бүртгэлийн ажилтны буруутай байдал тогтоогдож байх тул иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулж өгнө үү гэж,
Хариуцагч тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтээс “ ...тус хэлтсийн архивын санд О-ийн Д /рэ......../-ын үрчлэлтийн бүртгэлийг 1989-2004 онуудад шалшаж үзэхэд бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна” гэж,
Хариуцагч Галт сумын ЗДТГ-ын улсын бүртгэгч П.Д-аас “... үрчлэлтийн бүртгэл хийгдсэн тухай бүртгэл хөтлөгдөөгүй байна. О.Д төрсний гэрчилгээг үндэслэн 2004 онд 16 настайд нь иргэний үнэмлэх захиалсан байх бөгөөд эх хувиар нь аваагүй, хуулбарлан авсан байдаг, О-ийн Д гэж баримтууд бүрдүүлснээр иргэний үнэмлэхээ авсан.Үндсэн мэдээллийн санд үрчлэлтийн мэдээлэл шивэгдээгүй байсан...” гэж тус тус маргажээ.
Шүүх, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дээрхи хэргийн нөхцөл байдал болон хуулийн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Б-ын Д нь 1988 оны 06 сарын 27-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн байх бөгөөд улмаар Галт сумын иргэн Д.О, Н.Б нар түүнийг 1 настайд нь үрчлэн өргөж авч, өөрсдийн нэрээр овоглосон болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, О.Д-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх авах тухай өргөдөл ХААТР-21/Б/маягт, Хүн амын регистрийн дугаар олгох тухай Маягт ХААТР- 1/Б/, биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл, Суурь боловсролын үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-ын бүртгэлийн ажилтан нь тухайн үед буюу 1989 онд О.Д-д төрсний гэрчилгээг олгохдоо үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдож байх; Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу үрчлэлтийн бүртгэлийг хийх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн ...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах... үндсэн зарчмыг баримтлах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэний...эрх хохирсон бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй болно.
Иймд Хөвсгөл аймгийн Галт сумын иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагаанаас болж иргэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, , хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд нэмж бүртгэхийг даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “...иргэний бүртгэлийн ажилтны үрчлэлтийн бүртгэлийг хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Галт сумын иргэн Д.О, Н.Б нар нь хүү О.Д-ийг 1989 онд үрчлэн авснаар үрчлэлтийн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэс, Галт сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч нарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН